“Энэрэл” эмнэлгийн байр өнөөдөр нурж унахад бэлэн болжээ. Хананууд нь цуурч шохой нь унасан эмнэлгийн барилга 60 гаруй жилийн насжилттай аж. Тиймээс ч “нурах эрсдэлтэй” гэж улсын комиссоос аль 10 жилийн өмнө сануулж үйл ажиллагаа явуулахыг нь хориглож байжээ.
Жилд 3000 гаруй хүн эмчлүүлдгийн 60 хувь нь эмзэг бүлгийн иргэд багтдаг тус эмнэлэгт засвар хийхэд дор хаяж 50 гаруй сая төгрөг шаардлагатай гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлсэн. Энэ талаар тус эмнэлгийн захирал Б.Бямбадаш хэлэхдээ
“Манай эмнэлгийн шал нь хүртэл гишгэхэд цөмрөх гэж байгаа юм шиг мэдрэгдэж байгаа биз дээ. Бүх зүйл нь хуучирч муудсан. Газар хөдлөлт болох, хүчтэй салхи үлээх төдийд л нурахад бэлэн барилга байгууламжид бид үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын комиссоос үйл ажиллагаагаа явуулж болохгүй гэж хориглосоор л байгаа. Жил бүр шаардах бичиг хүргүүлдэг. Гэвч засвар хийх шаардлагатай төсөв хөрөнгө байхгүй. Үүнд Засгийн газраас тусламж үзүүлээсэй гэж хүсмээр байна.
Анх байгуулагдахдаа 100 хувь улсын төсвийн хөрөнгө оруулалттай, улсын эмнэлэг гэсэн харьяалалтай боловч сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтаа зогсоосон. Ингээд биднийг даатгалаас мөнгөө ол гээд байгаа юм. Цаана нь үйлчлүүлж байгаа иргэдийн олонх нь эмзэг бүлгийн иргэд. Тэдэнд эрүүл мэндийн даатгал байхгүй. Уг нь манай жилийн төсөв 1.5 тэрбум боловч өөрсдөө санхүүжилтэй олох шаардлагатай болсон нь хүндрэлтэй байна” хэмээв.
“Энэрэл” эмнэлэг нь 90 гаруй ажилтантай, таван тасаг, 87 ортой. Яаралтай түргэн тусламжаар ирж байгаа хүмүүсийн ихэнх нь архины гүн хордлогод орсон, орон гэргүй, нэгийгээ хутгалж гэмтээсэн, бөөс хуурстаа баригдсан байдаг гэдгийг эмнэлгийн ажилтнууд хэлж байсан. Үнэхээр ч тийм бололтой. Сувилагчийн өрөөний хүлээлгийн сандал дээр таягтай хүн хэвтэж байв. Удалгүй үзлэг хийх эмч гарч ирээд “ Өө чи одоо боль л доо. Тав хоног эмчилгээ хийсэн үр дүнгүй боллоо шүү дээ. Эргээд л хүн харахын эцэсгүй амьтан болоод хүрээд ирэх юмаа. Зүгээр босоод өрөө лүү ор. Цагдаагаас зугтах болохоороо таягаа хаяад гүйгээд явчихдаг юм билээ. Эмч харахаараа явж чаддаггүй битгий баашлаад байгаарай” гэсээр үзлэгийн өрөө лүү оруулж харагдсан. Энэ хүн СХД-ийн ханын материалын эцсээс энэ хүртэл ирсэн, байнгын үйлчлүүлдэг тэнэмэл нэгэн гэдгийг эмч хэлж байв.
Тус эмнэлэг нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хооллож ундалснаар эмнэлгийн хяналтад авч, байршлыг нь тогтоон, Баянзүрх дүүрэгтэй хамтран эрүүл мэндийн даатгал, бичиг баримттай болгосон байна. Ингээд хамтран ажилладаг халамж үйлчилгээний байгууллагуудад хүлээлгэн өгдөг болсон зэрэг үр бүтээлтэй ажлууд хийснийг энд дурдъя.