Өнгөрсөн сараас эхлэн Хэлмэгсэдийн хөшөө болон төв талбай, Ю.Цэдэнбалын хөшөөний баруун талын талбайд нас барагсдын хойчийн буянд зориулж 108 зул өргөж яваа бүсгүй Б.Эрдэнэзул, Т.Хулан, Р.Сүнжидмаа нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захирамж гарган өчигдөр орой баривчилсан байна.
Тодруулбал, Жагсаал цуглааныг албан тараах тухай захирамжийн дагуу дүүргийн ЗДТГ-ын даргын гаргасан шийдвэрийг цагдаа нар хэрэгжүүлж, ийнхүү албадан тараажээ. Иргэн Б.Эрдэнэзул нь 49 хоног тасралтгүй зул өргөх байсан гэнэ. Тэдэнтэй хамт цаг бусаар зуурдаар амиа алдсан, мөн бусдын санаатай үйлдлээр халуун амиа алдсан бурхан бологсдын ар гэрийнхэн хамтран талийгаачдаа хүндэтгэн ийнхүү зул өргөж байхад нь хүчээр буулгаж, фургон машинд суулгаад аваад явжээ. Б.Эрдэнэзулын хувьд 36 дахь өдрөө тасралтгүй зул өргөсөн бөгөөд цаашид 49 хоногийг дуустал 108 зул өргөх буяны ажлыг үргэлжлүүлэхийг ард иргэдээсээ хүсчээ.