Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш

[starbox]

 Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал доктор, Ц.Мөнхцэцэг

Тохокугийн их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач доктор Д.Бямбажав

Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгон бүрдүүлсэн билээ. Гэхдээ сүүлийн үед төрийн засаглалын өнөөгийн хэлбэрийг өөрчлөх, ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай зарим улс төрийн хүчнүүд ярих болов. Мөн олон нийтийн санал асуулгын цуврал судалгаануудаас үзэхэд эв нэгдэлгүй улс төрийн олон нам хүчнүүд төрийн эрхэнд гарах болсон нь сөрөг үр дагавар авчирч байна гэж үзэн нэг хүний хүчтэй засаглалыг илүүтэй дэмжих болсон нь ажиглагдаж байна.

Тийм учраас засаглалын хэлбэрийг өөрчлөх нь Монголын улс төр, ардчилалд хэрхэн тусах вэ, бодит хэрэгцээ шаардлага байна уу, үгүй юу гэдэг талаар онолын болон харьцуулсан судалгаа хийх шаардлага улс төрийн шинжлэх ухааны өмнө тулгарч байгаа юм. Бид энэ өгүүлэлд ерөнхийлөгчийн ба парламентын засаглал нь улс төрийн тогтолцоо, ардчиллын хөгжилд хэрхэн нөлөөлдгийг харьцуулан авч үзэхийг зорилоо.

Ардчиллын хөгжилд төрийн засаглалын хэлбэр болон сонгуулийн систем амин чухал үүрэгтэй

XX зууны хоёр дахь хагаст дэлхийн өнцөг булан бүрт дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжих үйл явц өрнөж нийтдээ 100 гаруй улс хамрагдсан юм. Ардчилах үйл явц нь уналт, сэргэлтийг хосолсон үзэгдэл болох нь эдгээр улсуудын түүхээс харагдаж байна. Зарим улс орнууд дарангуйллаас ардчилал руу шилжиж байхад зарим нь ардчиллаас дарангуйлал руу ухарч буй байдал ХХ зууны түүхэнд олонтаа гарчээ.

Цаашид ч ийм үйл явц өрнөхийг Зүүн Европ, Төв Ази, Латин Америк дахь улс төрийн дэглэмийн өөрчлөлт, шилжилт харуулж байна. XXI зуунд дэлхий дахинаа ардчиллын байдал сайжрах эсэх, либерал ардчилсан улсуудын тоо нэмэгдэх эсэх, шинээр болон сэргээн тогтоогдсон ардчиллын цаашдын хөгжил ямар байх нь олон хүчин зүйлээс хамаарах нь дамжиггүй. Ардчилал хөгжин төлөвшихөд эдийн засаг, соёл, шашин, боловсрол зэрэг суурь нөхцөл чухал болохыг Р. Даль нарын судлаачид онцолсон байдаг.

Харин эдгээр урьдач хүчин зүйлээс илүү улс төрийн системийн ямар хэлбэр, институт телөвшиж тогтох нь ардчиллын цаашдын хувь заяанд шууд нөлөөлдөг гэдэгт мөн олон судлаач санал нэгтэй байдаг юм. Эдгээрээс төрийн засаглалын хэлбэр болон сонгуулийн системийн сонголт нь либерал ардчилал төлөвшиж хөгжихэд амин чухал болохыг А. Липхарт, Ф. Ригс, X. Линз нарын олон судлаачид онцолж байна.

Юуны өмнө төрийн засаглалын дээрх хоёр хэлбэрийн гол онцлог хийгээд үндсэн ялгааг гурван зүйлээр товчхон тайлбарлая. Нэгдүгээрт, парламентын засаглалд засгийн газрын тэргүүн хийгээд түүний танхим нь хууль тогтоох байгууллагаас эх сурвалжтай, түүнээс хамааралтай байдаг. Хууль тогтоох байгууллага нь засгийн газарт итгэл үзүүлэх эсэх эрхтэй бөгөөд огцруулах боломж нээлттэй байдаг. Харин ерөнхийлөгчийн засаглалд засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч байх агаад Үндсэн хуулинд заагдсан тодорхой хугацаанд сонгогдож ажилладаг. Хууль тогтоох байгууллагын зүгээс ерөнхийлөгчийг огцруулах нь ихээхэн бэрхшээлтэй бөгөөд практикаас үзэхэд ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдох зэрэг онцгой нөхцөлд л ийм боломж гардаг байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын тэргүүн болох ерөнхийлөгч нь ард түмнээс шууд сонгогддог бол ерөнхий сайд нь хууль тогтоох байгууллагаас сонгогдон томилогддог байна. Ерөнхий сайдыг сонгож томилох нь улс орнуудад өөр өөр хэлбэртэй байдаг ажээ. Тухайлбал, Германы канцлерыг Бундестаг, Японы ерөнхий сайдыг Төлөөлөгчдийн танхим, Өмнөд Африкийн ерөнхийлөгчийг Үндэсний ассамблейгаас сонгодог бол Их Британид парламетанд олонхи болсон намын тэргүүнийг Хатан хаан Ерөнхий сайдаар дэвшүүлдэг юм.

Гуравдугаарт, парламентын засаглалд гүйцэтгэх эрх мэдэл хамтын буюу танхимын зохион байгуулалтаар хэрэгждэг бол ерөнхийлөгчийн засаглалд энэ нь нэг хувь хүн буюу танхимын бус зарчмаар хэрэгждэг. Танхимын зохион байгуулалтад ерөнхий сайдын байр суурь, үүрэг нь танхимын бусад гишүүд сайд нараас их бага хэмжээгээр хамаарч, гаргаж буй шийдвэр хамтын шинжийг агуулж байдаг. Харин ерөнхийлөгчийн институтын хувьд танхимын гишүүд нь зөвлөгч, туслагчийн үүрэгтэй байх нь илүүтэй ажиглагддаг.

Тиймээс парламентын засаглалд засгийн газрын шийдвэр нь зөвхөн ерөнхий сайдын байр суурийг бус танхимыг бүхэлд нь төлөөлж байдаг бол ерөнхийлөгчийн засаглалд ерөнхийлөгч танхимын гишүүдийн зөвлөгөөг үл харгалзах буюу түүний эcрэг утга бүхий шийдвэр гаргах боломжтой байдаг. Төрийн засаглалын дээрх хоёр хэлбэрийн үндсэн ялгаа бол хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалт, харилцан хамаарал юм.

Парламентын засаглалд гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагын олонхиос шууд хамааралтай байх ба парламент дахь олонхийн дэмжлэг, байр сууриа хадгалж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Парламент дахь олонхийг бэхжүүлэхэд намын зохион байгуулалт, дэг журам, зөвшилцөл, хамтын ажиллагааг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Аль нэгэн нам олонхи болж чадаагүй бол олонхийг бий болгох, харилцан өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлэх зорилгоор эвсэх шаардлага тулгардаг байна.

Парламентын засаглал нь засгийн эрх мэдлийг тухайн нэгэн хувь хүнээс хамааралтай болгохоос хязгаарлаж улс төрийн нам хэмээх институттэй илүүтэй холбож өгдөг билээ. Ерөнхийлөгчийн засаглалд хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл бие даасан шинжтэй байх ба ерөнхийлөгч нь ард түмнээс шууд сонгогддог юм. Тиймээс парламент дахь олонхиос төдийлөн хамааралгүй байдаг аж.

Ерөнхийлөгч хэдийгээр улс аль нэгэн нам хүчнээс нэр дэвшдэг ч сонгогчид тухайн нэгэн намыг бус хувь хүнийг үндсэн хуулинд заасан тодорхой тогтоосон хугацаанд ажиллуулахаар сонгоно. Парламентын болон ерөнхийлөгчийн засаглалыг хослуулсан холимог хувилбарууд мөн байдаг хэдий ч тэдгээрийг энэ хоёрын аль нэгд илүү ач холбогдол өгсөн буюу эрх мэдлийн хэмжээгээр нь ерөнхийдөө парламент ба ерөнхийлөгчийн хэлбэрийн аль нэгэнд багтаан үзэх боломжтой юм.

Засаглалын дээрх хоёр хэлбэрийн улс орнуудад тархсан байдал нь бүс нутгаараа ихээхэн ялгаатай. Баруун болон Зүүн Европын ихэнхи ардчилсан улсууд (Францыг үл оролцуулан) парламентын засаглалтай. Түүнчлэн парламентын засаглал нь хуучин Британийн эзэмшилд байсан улсуудад нийтлэг байдаг. Ерөнхийлөгчийн засаглал АНУ-аас анх эхлэлтэй бөгөөд Латин Америкт нэлээд дэлгэрсэн байхын сацуу Филиппин, Өмнөд Солонгос, мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад байна.

Ялангуяа 1980-1990-ээд онд Латин Америк болон Азийн шинээр ардчиллыг тогтоосон бүх улс орнууд, хуучин ЗХУ-ын нөлөөнд байсан 25 улсын дөрөвний гурав нь ерөнхийлөгчийн засаглалыг сонгож хэрэгжүүлжээ.

Ерөнхийлөгчийн засаглалд ямар сул талууд байдаг вэ?

Дэлхийн улс орнуудын туршлага, ардчиллын түвшин, нэр хүнд бүхий судлаачдын дүгнэлтээс үзэхэд парламентын засаглалтай харьцуулахад ерөнхийлөгчийн засаглал нь сул тал ихтэй, улс орон бүрт тэр бүр дасан зохицох, үр дүнгээ өгөхдөө тааруу систем болох нь ажиглагдаж байна.Ерөнхийлөгчийн засаглалд ямар ямар сул тал байдаг вэ?

Ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын харьцуулсан судалгаа орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд онолын болон эмпирик түвшинд олонтаа хийгджээ. Эдгээрээс хамгийн үндэслэл сайтай, онолын суурь судалгааг Хуан Линз хийсэн байдаг. Линз (1990, 1994) өөрийн бүтээлд төрийн засаглалын хоёр хэлбэрийг харьцуулж, ингэхдээ ерөнхийлөгчийн засаглалын сөрөг талуудыг илүү онцлон шүүмжилж, ардчиллын хөгжил төлөвшилд парламентын засаглал илүү ээлтэй болохыг хэд хэдэн үндэслэлээр нотлон харуулсан юм.

Түүний үзсэнээр ерөнхийлөгчийн засаглалын эхний сул тал бол уян хатан бус шинж юм. Парламентын тогтолцоонд улс төрийн нам сонгогдож засгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг бол ерөнхийлөгчийн тогтолцоонд хувь хүнийг үндсэн хуульд тодорхой заасан хугацаанд ажиллуулахаар сонгодог. Тухайн ерөнхийлөгч ажлаа маш сайн хийж байсан ч ажиллах хугацааг цааш сунгах боломжгүй байдгийн адил хэрэв ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан ч парламент огцруулах боломж мөн байдаггүй юм.

Зөвхөн тухайн ерөнхийлөгч хүндээр өвчилсөн буюу онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд л үүрэгт ажлаас чөлөөлж болно. Ийм тохиолдолд ерөнхийлөгч өөрөө огцорч болох ч улс орнуудын түүхэнд ийм явдал бараг гарч байсангүй. Мөн түүнийг импичментээр огцруулж болох ч энэ нь нэлээд хугацаа шаарддагаас гадна парламентын үнэмлэхүй олонхийн санал хэрэгтэй байдаг. Нэгэнт парламент ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй байгаа боловч түүнийг огцруулж чадахгүй байх нөхцөл үүсэх нь нийгэм, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх аюулыг бий болгодог байна.

Гэтэл парламентын засаглалд ийм асуудал үүсдэггүй бөгөөд засгийн газрын тэргүүнд парламентын олонхи итгэл үзүүлэх эсэхээ богино хугацаанд шийдэх боломжтой байдаг. Нэгэнт итгэл үзүүлээгүй тохиолдолд засгийн газар огцрох ба нийгэм, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэлгүйгээр дараагийн шинэ засгийн газар байгуулагддаг. Засгийн газрын тэргүүн болон гишүүд гэсэн хувь хүмүүсийг сольсноор эрх баригч нам өөрийн бодлого, хөтөлбөрөө цаашид тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

Тиймээс энэ нь ерөнхийлөгчийн засаглалд илэрдэггүй илүү уян хатан шинжийг бий болгож байдаг байна. Линзийн дэвшүүлсэн хоёр дахь үндэслэлээр ерөнхийлөгчийн тогтолцоо нь "хоёр толгойт" засаглалыг бий болгодог ажээ. Парламентын засаглалд хууль тогтоох байгууллагын гишүүд л ард түмнээс шууд сонгогдож тэдний төлөөлөл болдог бол ерөнхийлөгчийн засаглалд ерөнхийлөгч болон парламент хоёул ард түмнээс шууд сонгогддог тул аль аль нь ард түмний хууль ёсны төлөөлөл болдог байна.

Үүнээс хамааран парламент ба ерөнхийлөгчийн хооронд улс төрийн зөрчилдөөн, үл ойлголцол үүсч, төрийн механизм "гацаанд орох" магадлал бий болдог аж. Хэдийгээр анх АНУ-д гүйцэтгэх засаглалд тавих хяналтыг бий болгох үүднээс ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг нарийн зааглан хуваарилсан боловч энэ нь бодит байдал дээр ерөнхийлөгчид илүү эрх мэдлийг бүрдүүлж эргээд түүний сонгогдох хугацааг богиносгох зэргээр эрх мэдлийг нь хязгаарлах болжээ. Гэтэл энэ нь улс төрийн сөрөг үр дагаварт хүргэдэг байна.

Юуны өмнө энэ үйл явдал нь сонгогч өөрийн хамгийн ихээр дэмжиж буй нэр дэвшигчээ сонгох ёстой ардчилсан зарчмыг зөрчдөг. Нөгөө талаас нэгэнт цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж байгаа ерөнхийлөгчийн хувьд оюуны болоод биеийн хүчин зүтгэл нь буурах, "хоногоо хүлээх"-д түлхдэг. Гэтэл парламентын тогтолцоонд ийм “гацаа” болон хэн нэгэн ерөнхий сайдын ажиллах хугацаанд цаг хугацааны хязгаар тавих явдал байдаггүй. Линзийн дэвшүүлсэн гурав дахь үндэслэл нь ерөнхийлөгчийн засаглалд “ялагч бүгдийг авна” хэмээх зарчим үйлчлэх буюу сонгуульд ялагч нь гүйцэтгэх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг явдал юм.

Гэтэл сонгуульд ялагдсан нэр дэвшигчийн хувьд “ялагдвал бүгдийг алдах” зарчим үйлчлэх ба түүний хувьд улс төрийн тавцнаас аажмаар холдох нь нийтлэг байдаг. Линзийн эдгээр үндэслэлүүдээс гадна дэлхийн улсуудын практикаас харахад ерөнхийлөгчийн засаглалын сул талууд олон зүйл дээр илэрч байна. Ерөнхийлөгчийн засаглалын үед сонгуульд ялсан тал дараагийн сонгууль хүртэл дангаар ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжтой болж гүйцэтгэх засаглалд дан ганц нэг хүчний манлайлал хүчтэй болдог юм.

Хэрэв парламентын сонгуульд ерөнхийлөгчийн нам мөн олонхийн суудал авсан байвал улс төрд нэг намын онцгой нөлөө, олигархи үүсдэг нь өнөөгийн ОХУ-ын жишээн дээрээс харагдаж байна. Хэдийгээр олонхи, дийлэнхийн сонгуулийн систем бүхий парламентын тогтолцоонд мөн “ялагч бүгдийг авах” зарчим үйлчилдэг боловч энэ тохиолдолд ялагч нь нэг хувь хүн биш харин нам байдаг. Ялагдагчийн хувьд энэ нь мөн л нам байх агаад улс төрийн тавцанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр байдаг.

Үндэстэн угсаатан, шашны гүнзгий ялгарал бүхий нийгмийн хувьд дээрх зарчимд үндэслэн ерөнхийлөгчийн засаглал нь маш аюултай байдаг. Учир нь ерөнхийлөгч өөрөө аль нэгэн угсаатан, шашны төлөөлөгч байх агаад үүнээс үүдэлтэй нийгмийн бусад хэсгийг ялгаварлах хандлага бий болдог байна. Харин танхимын зохион байгуулалт бүхий парламентын засаглал нь нийгмийн олон янзын бүлэг давхрааны төлөөөлөх чадвар өндөртэй байдгаараа давуу талтай. Ерөнхийлөгчийн засаглалын бас нэгэн сөрөг үр дагавар бол улс төрийн намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, хувь хүний үүрэг ролийг улс төрийн амьдралд чухал болгон хувиргадаг явдал юм.

Ерөнхийлөгчийн тогтолцоонд улс орны амьдралд онцгой эрхтэй ерөнхийлөгч болох хувь хүний хүчин зүйл ихээхэн нөлөөтэй байдаг. Ялангуяа улс төрийн нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн үндсэн институтуудын төлөвшилт сул байгаа нөхцөлд ерөнхийлөгчийн хувийн үүрэг нөлөө нийгэмд хүчтэй болдог. Харин АНУ зэрэг либераль ардчиллын уламжлалтай оронд улс төрийн тогтолцоо нь хувь хүнээс, тухайлбал, ерөнхийлөгч хэн болох, парламентын спикер хэн болохоос үл хамаардаг, бүх талын хяналт хүчтэй байдаг тул ерөнхийлөгчийн засаглалын энэхүү сул тал төдийлөн илэрдэггүй байна.

Гэтэл шилжилтийн орнууд болон ардчиллын уламжлалгүй орнуудад ерөнхийлөгчийн хувийн шинж төрх, улс төрийн хүсэл эрмэлзэл, удирдлагын арга барилаас ардчиллын ирээдүй, улс төрийн тогтолцоо шууд хамаарахад хүргэдэг байна. Улс төрийн хариуцлага бүхийн мөрийн хөтөлбөр, бодлогод суурилахын оронд шууд олон нийт, хүлээлтэнд тулгуурлаж гарч ирдэг популист дэглэмүүд гол төлөв ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад тогтож ирсэн юм.

Ерөнхийлөгчийн тогтолцоонд гүйцэтгэх засаглал нь парламент болон намуудын хүчний харилцаанаас үл хамаардаг учраас улс төрийн намын төлөвшилт сул, ихэвчлэн үзэл баримтлалаараа маш ойролцоо, харьцангуй сул зохион байгуулалттай намуудын систем үүсдэг байна. Гэтэл судлаачдын үзэж буйгаар улс төрийн нам бол ардчиллын нэн чухал институт бөгөөд төлөвшиж тогтсон намгүйгээр орчин үеийн ардчиллыг төсөөлөх боломжгүй. Харин шилжилтийн үедээ явж буй улс орнуудад намын систем тэр болгон бүрэлдэн бий болоогүй байдаг.

Ж.Сартори улс төрийн намууд нь тоглоомын шударга дүрмээр өрсөлддөг, улс төрийн хариуцлага хүлээхүйц чадвартай, зохион байгуулалт, сахилга баттай болон нийгэмшиж байж парлементад дүйцэх намууд болдог. Ийм намгүйгээр ардчилал хэрэгжих боломжгүй хэмээн үзсэн байдаг. Зарим судлаачид танхимын зарчмаар ажилладаг парламентын тогтолцоонд тодорхой нэгэн хошуучлагч, хүчний төв болоод хариуцлага хүлээх эзэн байдаггүйг шүүмжилсэн байдаг.

Тэд Латин Америкийн улс орнуудыг судлаад дээрх улсуудад парламентад олонхи болохын тулд намуудын хамтран байгуулсан эвслийн сул талууд болон хүчтэй удирдлага эрх мэдлийн төвлөрөл үгүй байдал нь ерөнхийлөгчийн тогтолцоог сонгоход нөлөөлжээ хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн хямралын үед нийгэм дэх ядуурал, эмх замбараагүй байдал, авилгал, хүнд суртлыг үгүй хийхэд хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн олон нийтийн хүлээлт үүсч "хатуу гарын домгийг" бий болгодог хэдий ч хатуу гартай ерөнхийлөгч нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадсан түүх харамсалтай нь тун ховор байна.

Эрх мэдлийн төвлөрөлд түшиглэн шийдвэрийг богино хугацаанд гаргаж бодлого хэрэгжүүлэх нь чухал гэдэг санаа нь төдийлөн оновчтой биш юм. Учир нь асуудлыг нэг талаас нь харсан ийм шийдвэр үргэлж үр дүнтэй байдаггүй. Судлаачдын олж илрүүлснээр харилцан зөвшилцсөн, олон талт хувилбарыг хэлэлцэж шийдвэр гаргах нь илүү үр өгөөжтэй байж иржээ.

Дарангуйллаас ардчилалд шилжиж буй улсуудад ерөнхийлөгчийн засаглалын сөрөг нөлөө хүчтэй илэрдэг

1990-ээд оноос хойш посткоммунист орнуудын ардчилалд шилжих үйл явц өрнөсөнтэй холбогдуулан ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын талаархи харьцуулсан судалгаанууд нэлээд олноор хийгдсэн бөгөөд ихэнхи нь Линзийн дэвшүүлсэн үндэслэлийг дэмжсэн дүгнэлтүүд гаргажээ.

Пауэр болон Гашировски нар хөгжиж буй 56 улсыг судлан үзээд засаглалын дээрх хоёр хэлбэр улс төрийн дэглэмд шууд нөлөөлдөггүй боловч улс төрийн үйл явц, шийдвэр, эдийн засгийн хөгжилд олон талаар нөлөөлж иржээ гэсэн дүгнэлт хийсэн байна. Засгийн газрын бүтэц хэлбэр нь шинэ ардчилсан улсуудад, тэдний төрийн бодлого, иргэний эрх чөлөө, эдийн засаг, ерөнхий ардчиллын түвшинд чухал нөлөөтэй болохыг онцолжээ.

Судлаач Пщеворски 135 улсын 1950-1990 оны хоорондох статистик тoo баримтад дүн шинжилгээ хийсэн судалгаандаа үндэслэж "парламентын тогтолцоо нь ерөнхийлөгчийн тогтолцооноос хавьгүй удаан хугацаанд оршин тогтнодог…" хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл парламентын засаглал нь ардчилсан тогтолцоо болохын хувьд "дархлаа" сайтай, оршин тогтнох илүү чадвартай гэсэн үг юм.

Арендт Липхарт 1977-1996 он хүртэл буюу 20 орчим жил ардчилал тогтвортой байсан улсуудыг тогтвортой либерал ардчилсан улсууд гэж тодорхойлсон агаад үүндээ нийт 36 улсыг багтаан оруулжээ. Дэлхийн улсуудын засаглалын хэлбэрийг парламентын ба ерөнхийлөгчийн хэмээн хоёр хэсэгт хуваан үзвэл хоорондын тоон харьцаа нь 3:2 буюу маш бага ялгаа байна. Гэтэл Липхартын судалгаагаар дээрх 36 улсын тав нь л ерөнхийлөгчийн засаглалтай ажээ.

Цаашлаад 2000 он хүртэл үргэлжлүүлэн авч үзвэл дээрх 36 либерал ардчилсан улсын тоо 34 болон цөөрч үүнээс ерөнхийлөгчийн засаглалтай Венесуэл, Колумби улсууд энэ тооноос хасагдаж одоо ердөө АНУ, Коста Рика, Франц гурав л үлджээ. Тиймээс либерал ардчилсан улсуудын зөвхөн арав хүрэхгүй хувь нь л ерөнхийлөгчийн засаглалтай улс байна гэж дүгнэж болох нь.

1970-аад оноос эхэлсэн ардчиллын "гурав дахь давалгааны" эхэнд Өмнөд Европын авторитар дэглэмтэй байсан Грек, Испани, Португали зэрэг улсууд ерөнхийлөгчийн засаглалаа парламентынх болгосны үр дүнд ардчилалд амжилттай шилжиж, өдгөө либераль ардчилсан улсуудын нэг болсон юм. Испанид тогтож байсан Франкогийн диктатураас үлдсэн ул мөр, улс төрийн зөрчил мөргөлдөөнийг арилгахад парламентын систем онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

Харин Латин Америкийн улсууд ерөнхийлөгчийн уламжлалт засаглалдаа үнэнчээр үлдсэн нь ардчиллын хөгжилд нь эерэгээр нөлөөлөөгүй юм. Иргэний нийгмийн зүгээс эрх баригчдын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл сул, хүчний байгууллагуудыг ерөнхийлөгч өөрийн дур зоргоор удирдан чиглүүлж байсан зэрэг нь эдгээр улсууд дахь ардчилалд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Мөн эдгээр оронд сонгогчдыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх аргаар удаа дараа популистууд төрийн эрхэнд гарч байсан байна.

Өнөөдөр Латин Америкийн улсуудын нэлээд нь хагас ардчилсан дэглэмтэй хэвээр байгаа юм. Тиймээс “Гуравдагч ертөнц”-ийн орнууд дахь ерөнхийлөгчийн засаглал нь авторитар дэглэмийг нуух баг болдог гэж зарим судлаачид үздэг байна. Ерөнхийлөгчийн болон парламентын засаглал посткоммунист улс орнуудад ардчиллын түвшний хувьд ялгаатай үр дагаврыг бий болгожээ.

АНУ-ын Фридом Хаус байгууллагын 2018 оны “Дэлхий дахины эрх чөлөөний байдал” судалгаанд дэлхийн улсуудыг эрх чөлөөт, хагас эрх чөлөөт болон эрх чөлөөт бус гэж ангилан үзсэн байх агаад коммунист гэгддэг 28 улсууд дараахи байдалтай байна. Эрх чөлөөт Хагас эрх чөлөөт Эрх чөлөөгүй Чех Албани Азербайжан Эстони Македони Казакстан Унгар Босни-Херцеговин Белорусь Литва Гүрж Туркменистан Польш Молдав ОХУ Словени Украин Тажикстан Словак Армени Узбекистан Латви Кыргизстан Болгар Монгол Румын Серби-Черногори Хорват Энэ хүснэгтээс харахад ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бүх улсууд нь эрх чөлөөгүй буюу авторитар дэглэмд орсон бол парламентын засаглалыг сонгосон орнууд нь ардчилсан дэглэмд шилжиж чадсан байна.

Ардчиллаас ухрах хийгээд ардчиллаас авторитар дэглэм рүү хийх шилжилтийн шалтгааныг судлаачид эдийн засгийн хөгжил, соёл, дайн дажин, харийн түрэмгийлэл, үзэл суртлын ялгарал, сонгуулийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж ирсэн хэдий ч посткоммунист улсуудад ажиглагдаж буй ухралтын үндсэн шалтгаан нь ерөнхийлөгчийн засаглал, түүний эрх мэдлийн хэтийдэл болсон гэж судлаач Фиш үзжээ.

Хагас эрх чөлөөт болон ялангуяа эрх чөлөөгүй гэгдэгч улсуудын улс төрийн тогтолцоонд дараахи нийтлэг шинжүүд ажиглагдаж буйг судлаач С.Фиш онцолсон байдаг. Үүнд ерөнхийлөгч нь улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний дэвшлийн удирдагч, баатарлаг дүр болон тодорсон бие хүмүүс байх агаад тэдгээрийн олонхи нь хуучин ЗХУ-ыг задарсанаас хойш цаг хугацааны хязгааргүйгээр улс орноо удирдаж иржээ. Тухайлбал, Н.Назарбаев 1990 оноос хойш Казакстаны төрийг тэргүүлж байгаа бол Э.Рахмон 1994 оноос хойш Тажикстаны ерөнхийлөгчийн алба хашиж байна. Харин Туркменистаны ерөнхийлөгч Б.Гурбангул 1990 оноос хойш 28 жилийн хугацаанд тус улсын төрийг тэргүүлсэн хоёрхон хүний нэг билээ.

Н.Назарбаев 1990 оноос хойш Казакстаны төрийг тэргүүлж байна. Посткоммунист орнуудын эдгээр авторитар удирдагчид ихэнхдээ ард нийтийн санал асуулга явуулж олонхийн дэмжлэгийг аван өөрийн легитим шинжийг тогтоож байв.

 

 

 

Э.Рахмон 1994 оноос хойш Тажикстаны ерөнхийлөгчийн алба хашиж байна.

 

 

 

 

Туркменистаны ерөнхийлөгч Б.Гурбангул 1990 оноос хойш 28 жилийн хугацаанд тус улсын төрийг тэргүүлсэн хоёрхон хүний нэг Зарим улсын тухайд ард нийтийн санал асуулгыг ерөнхийлөгчийн институтын зүгээс будлиантуулах, улс төрийн луйвар хийх аргаар ч зохион байгуулж байжээ. Энэ нь Украин, Белоруст болж өнгөрсөн саяхны үйл явдлуудаас харагдаж байгаа юм. "Суперпрезидентизм" буюу ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон явдал эдгээр улсуудад нийтлэг байна.

Төрийн бусад институтээс эрх мэдлийн хэмжээ, нөөцийн хувьд илт давуу ерөнхийлөгчийн институт, захирамж нь хуулийн адил үйлчлэлтэй, төсвийг зарцуулах эрх үндсэндээ ерөнхийлөгчид төвлөрсөн, хууль тогтоох байгууллага нь ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавих боломж тун бага, ерөнхийлөгчийн импичментийн асуудлыг хөндөхөд саад бэрхшээл ихтэй буюу ерөөсөө боломжгүй, шүүх эрх мэдэл ерөнхийлөгчөөс бүрэн хараат байдалтай тул түүний үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй болсон байна. Судлаачдын ангиллаар хагас ардчилал болон авторитар дэглэм гэж тооцогдож буй посткоммунист зарим улсад ерөнхийлөгчийн засаглалын дараах шинжүүд ажиглагдаж байна.

Албанийн парламентын систем нь ерөнхийлөгчид маш их эрх мэдлийг олгосон байх жишээтэй. 2005 онд ерөнхийлөгч Бериша эрх мэдлээ ашиглан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж эрх мэдлээ нэмэгдүүлж байсан. Арменд мөн адил үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч ихээхэн эрх мэдэл бүхий байж ирсэн. Белорусийн хувьд тусгаар улс болсны дараагаар хуучин Дээд зөвлөлд гол эрх мэдэл хадгалагдаж байсан боловч 1994 онд парламентын засаглалыг ард нийтээс шууд сонгогддог ерөнхийлөгчийн засаглалаар сольсон.

Хорватын Үндсэн хууль нь анх хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг харьцангуй тодорхой гаргаж өгсөн боловч 1990 онд сонгогдсон ерөнхийлөгч Тужман дайнаас үүдэлтэй өөрт нь оногдсон үүрэгт дулдуйдан үндсэн хуульд өөрчлөлт оруулан, хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг хумиж, гүйцэтгэх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх алхам хийж байсан.

Тийм учраас 2000 онд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж парламентын засаглал руу бүрэн шилжсэн билээ. Казакстан болон Кыргизстаны хувьд тусгаар тогтносон эхний жилүүдээс л ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бий болгосон түүхтэй. Оросын хувьд эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэрийг хэдий хоёрдмол утгатай боловч Үндсэн хуульдаа тусгасан. Гэхдээ хууль тогтоох байгууллага дээд эрх мэдэлтэй боловч бодит байдалд ерөнхийлөгчийн шийдвэрт парламент хориг тавьж чаддаггүй байна. Улмаар ерөнхийлөгчид хүчтэй эрх мэдлийг олгосон шинэ Үндсэн хуулиа баталсан. Украины хувьд 1996 оныг хүртэл Үндсэн хуулиа батлаагүй байсан бөгөөд хуулийг батлахаас өмнө болон хойно ч адил ерөнхийлөгч их эрх мэдэлтэй байж ирсэн юм.

Эдгээр улсуудад Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчид эрх мэдлийн төвлөрлийг бий болгосон явдал нь тусгаар тогтнох хөдөлгөөн, хувьсгалыг удирдан манлайлсан хүмүүсийн харизм болон тухайн үеийн улс төрийн элитийн дэмжлэг, мөн олон нийтийн хандлагатай холбоотой юм. Хуучин дэглэмийн бурангуй байдлыг халан устгаж ардчиллыг цогцлуулан хөгжүүлэх эрмэлзлэлээр ийм системийг сонгосон нь дамжиггүй.

Зарим улсад тухайлбал, Белорусьт бүх нийтийн санал асуулгаар дийлэнх иргэд хүчтэй ерөнхийлөгчийн төлөө санал өгсөн байх бөгөөд энэ нь номенклатур элитийн эрх мэдлийг хязгаарлаж, авилгыг багасгана гэдэг итгэлд хөтлөгдөж байжээ. Харин Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон эрх мэдлийн төвлөрөл нь эргээд ардчилалд сөрөг үр дагавар бий болгосон нь харамсалтай. Энэ төвлөрөлд дээрх улсууд дахь сөрөг хүчний нэгдмэл бус, сул дорой байдал таатай боломжийг бүрдүүлж, мөн геополитикийн гадаад хүчин зүйлс нэрмээс болсон гэж үзэж болно.

Засгийн эрхэнд гарсан ерөнхийлөгч нар сөрөг хүчнийг хяхан хавчих, тэр ч байтугай хүч хэрэглэн дарах явдал гарч байсан бөгөөд олон нийтийн дунд ч төрийн эрх баригчийн явуургүй үйл ажиллагаанд дургүйцэх хандлага хуримтлагдсаар байсан нь эцэстээ оршин буй дэглэмийг эсэргүүцсэн бүх нийтийн бослогод хүргэдэг нь 2003 оны Гүрж, 2004 оны Украин болон Кыргизстанд болсон үйл явдлаас харагдаж байна. Кыргизстанаас ялгаатай нь Гүрж, Украинд эрх баригчид нь сөрөг хүчний жагсаал, шаардлагын үр дүнд тайван замаар албан тушаалаа шилжүүлэн өгсөн юм.

Харин Кыргизстаны Ерөнхийлөгч А.Акаевыг бослогын үр дүнд албан тушаалаас нь зайлуулжээ. Акаев 15 жил засгийн эрх барихдаа удаа дараа бүрэн эрхээ нэмэгдүүлсэн хууль, тогтоомж баталж байв. Тухайлбал, 1996 онд бүх нийтийн санал асуулгаар парламенттай зөвшилцөхгүйгээр засгийн газрыг томилох болон огцруулах эрх олж авсны зэрэгцээ үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ч гэсэн бүх насаараа төрийн үйл хэрэгт оролцсоор байх онцгой эрхтэй болсон юм. Мөн 2001 онд парламентыг тараах бүрэн эрхийг өөрт олгосон хуулийг батлуулж чадсан билээ.

Акаев төрийн дээд албыг өөрийн хамаатан садан, ойр дотныхноороо бүрдүүлж байсан нь Казакстаны нөхцөл байдалтай адил юм. Кыргизстанд 2005 онд явагдсан парламентын сонгуульд нийт 75 суудлын 69-ийг нь эрх баригч нам авсны дотор Акаевын хүү, охин гэх мэт хамаатан садны арван хүн сонгогдсон байжээ.

Үүнээс хойш 10 орчим жил улс төрийн тогтворгүй байдал үргэлжсэн. 2010 онд нийтийг хамарсан улс төрийн хөдөлгөөний дүнд Киргизстаны ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч, гадагш дүрвэсэн. Үүний дараа Киргизстанд ард нийтийн санал асуулга болж парламентийн тогтолцоог сонгосон юм. Гүрж, Украин, Кыргизстанд болж өнгөрсөн авторитар дэглэм, ганц хүний засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүдийн амжилт нь Төв Европ болон Төз Азийн бусад улс орнуудын сөрөг хүчинд сэдэл өгч улмаар цаашид ч ийм үйл явц удаа дараа өрнөж болзошгүй гэсэн таамаглал төрүүлж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнууд, ялангуяа дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжиж байгаа улсуудын практик болон онолын судалгаануудаас үзэхэд ерөнхийлөгчийн засаглал нь ихээхэн сөрөг үр дагавартай тул Монгол улсын 1992 оны Үндсэн хуулиар баталгаажуулсан парламентын засаглалыг солих шаардлагагүй юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

19 thoughts on “Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш

  1. Зочин 2018-08-27 20:45 at 20:45

    Үндэслэл сайтай тодорхой бодит баримтууд дээр тулгуурлаж бичсэн сайн нийтлэл байна. Монгол улс барууны улс орнуудын жишгээр Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох хэрэгтэй.

    Хариулах
    1. zochin 2018-08-28 12:50 at 12:50

      ene jisheeg manaih huulbarlah ymarh undeslel bihgui gadaadiin tarhi ugaaltaar hervee dahiad elbg shig mangas garval tagnuul buh erhiig gartaa avbahad undesnii hamjeend ayul uchirch uls oron ymar negen ulsiin haraand oron tusgaar togtnoloo aldah hurtel ayuld orno bid yah gej ardchilaliig songoson yum be ardhilal gedegee utgaar n oilgoj ardchilsan PARALLEMENTiin zasaglal heregtei mongol neg hunii gart erh tovolorson haanchlal hereggui

      Хариулах
  2. Зөв зөв 2018-08-28 01:12 at 01:12

    Энэ нийтлэлийн санааг дэмжиж байнаа. Манайх шиг жижиг улсад ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол хоёр том хөршийнхөө идэш л болно. Худлаа үнэн 76 хэрэлдэж муудалцаад байж байх нь дээр байх.

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-28 10:01 at 10:01

    Нийтлэл таалагдлаа. Үндэслэл баримт судалгаатай нийтлэл байна.

    Хариулах
  4. БАТ инженер 2018-08-28 10:53 at 10:53

    Монголчууд хуучин коммунист намынхаа дарангуйллаас гарахын тулд ерөнхийлагчийн засаглал руу түр хугацаагаар ч болов орох нь зөв шүү дээ.

    Хариулах
  5. иргэн 2018-08-28 10:58 at 10:58

    Одоо ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй харин улс төрийн удирдах албан тушаалтангуудад хариуцлагын тодорхой хууль хэрэгтэй байна өөрөөр хэлбэл ерөнхий сайд хахууль авбал бүх хөрөнгий нь хурааж хорих арга хэмжээ авна гэсэн хатуу заалттай БНСУ шиг маягийн баймаар байна.

    Хариулах
  6. Зочин 2018-08-28 11:07 at 11:07

    Сонгодог парламентийн засаглалыг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний нэг том асуудал нь ерөнхийлөгчийн эрх, үүргийн асуудал байгаа. Өнөөдөр Монгол улс 3-н толгойтой болсны гайг хүндээр амсаад явж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хэрэгтэй үүнийг үндсэн хуулинд тусгах ёстой.

    Хариулах
  7. ийм байна 2018-08-28 11:13 at 11:13

    За нээх бүгд дор бүрнээ онхолдоод бай. Ямар ч засаглал байсан 2 хөршийн дунд байгаа цагт сүрхий мандаад байхгүй. Угаасаа барууны орнууд Монгол улсад туслахгүй. Энэ бол 90 оноос хойш батлагдсан түүх шүү. Зүгээр л иргэд орчин засгийн нийгэм эдийн засаг улстөрийн нэгдмэл ойлголттой болж төр засагт байгаа хүмүүст зөв талаас нь шаардлага тавих болохоос биш засаг огцруулна засаглалаа солино гэх мэт шантаачийн ажил битгий хийгээд бай!!!!!!

    Хариулах
  8. СИЙРҮҮЛЭВ 2018-08-28 11:14 at 11:14

    За нээх бүгд дор бүрнээ онхолдоод бай. Ямар ч засаглал байсан 2 хөршийн дунд байгаа цагт сүрхий мандаад байхгүй. Угаасаа барууны орнууд Монгол улсад туслахгүй. Энэ бол 90 оноос хойш батлагдсан түүх шүү. Зүгээр л иргэд орчин цагийн нийгэм эдийн засаг улстөрийн нэгдмэл ойлголттой болж төр засагт байгаа хүмүүст зөв талаас нь шаардлага тавих болохоос биш засаг огцруулна засаглалаа солино гэх мэт гудамжны шантаачийн ажил битгий хийгээд бай!!!!!!

    Хариулах
  9. zochin 2018-08-28 11:16 at 11:16

    eronhiilogchiin zasaglaltau bolj ard tumnii amidral deeshilj chineeleg uls bolsonii daraa parlamentiin zasagtai boloh ni zov.odoogiin zasaglal manaud tohirohgyu ni amidral batlagdaad baihad ——bna

    Хариулах
  10. Нэргүй 2018-08-28 11:54 at 11:54

    Erunhiilugchiin zasaglaltai bolson deer gej bodoj bna. 90 onoos hoish 28 jil 2 nam tur barilaa deerdsen yam alga amin huvia hicheej idej uuj, avilgal heel hahuuld avtagdsan uls bolloo.

    Хариулах
  11. Монгол 2018-08-28 11:56 at 11:56

    Еоөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв. Манайх шиг жижиг улс хүчтэй нэг гарт төвлөрөх ёстой. Олон толгой хол явсан түүх байхгүй

    Хариулах
    1. Нэргүй 2018-08-28 12:10 at 12:10

      Зөв зөв ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв

      Хариулах
  12. иргэн 2018-08-28 12:21 at 12:21

    бас нэг Эрдагон ч юм уу. хойд солонгосын нөхөр шиг амьтан гарахыг үгүйсгэхээргүй шүү.

    Хариулах
  13. Нэргүй 2018-08-28 14:10 at 14:10

    Коммнист засаглал каптилст нийгэм

    Хариулах
  14. Нэргүй 2018-08-28 14:51 at 14:51

    Ардчиллын давуу тал бол хэрэв танд Ерөнхийлөгч таалагдахгүй бол сольж болдогт оршино. Дарангуйлагч гараад ирвэл хичнээн хүссэн ч та сольж чадахгүй, амаа хамхихаас өөр аргагүй. Солихыг хүсвэл маш их цус урсдаг.

    Хариулах
  15. Нэргүй 2018-08-28 16:01 at 16:01

    Ерөнхийлөгч засаглал, прламатын засгалын нэгийн сонгож байж манай улс хөгжих байх 4-н толгойтой улс хөгжихгүй байх.

    Хариулах
  16. Нэргүй 2018-08-28 16:17 at 16:17

    АНУ-ын засаглалчин ерөхийлөгчийн засаглалтай улс биздээ

    Хариулах
  17. harhun 2018-08-28 16:22 at 16:22

    Eronhiilogchiin zasaglal Mongold heregtei.Parlament bol hudlaa shuu.

    Хариулах

ийм байна-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн