Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотой, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тодруулбал, талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа доргилт авсны улмаас хүнд бэртэл авч, улмаар тархины гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Мөн эрүүний яс нь хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон жолооч н.Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх дүгнэлт гарсан байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлжээ.

-МАРГААН ГАРАХ ШАЛТГААН ТАМХИНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭЖЭЭ-

Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийн талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлд “Хэрэг гардаг өдөр хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг. Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр тус яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан. Мөн талийгаач Т.Гомбосүрэн, УБТЗ-д ажилладаг н.Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерын бичлэгт үлджээ.

Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч, хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогссон байна. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарч ирээд, тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь “Яаманд тамхи татлаа. Эндээс гарч тамхи тат. Одоо харьцгаа” гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн” гэжээ.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим сайтуудад гараад байгаа шиг ажил, албан тушаалын маргаан гараагүй, хоорондоо маргалдаж барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон аж. Тэднийг зодолдох үед, талийгаачийг зодож байхад таван хүн хараад зогсож байсан, нэг ч хүн салгаагүй гэх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна.

Лхагвасүрэн гэх хүн “Яам тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй” гэж хэлсэн. Бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан. Үүнээс болж зодоон гарсан байна лээ” хэмээн ярьжээ. Мөн цагдаагийн байгууллага, албан тушаалаас болж маргалдсан зүйл байхгүй, хувийн таарамжгүй харилцаанаас болсон хэмээн мэдээлж буй ажээ.

Эх сурвалж: Medee.mn

By updown

2 thoughts on “ЗТХЯ-ны газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ”
  1. За үлгэр домог зохиогоод, талийгаач залууг буруутгах ажиллагааг санаатай зохион байгуулаад эхлэлээ дээ. Удахгүй бичлэг нь алга болчихлоо гэнэ. Махвал ямарч буруугүй гээд …. Цагаатгах замыг засаж бна.

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн