Төмөр замын дарга нарыг шийтгэдэггүй юмаа гэхэд шагнадаг нь дэндсэн хэрэг

Зам, тээврийн хөгжлийн яамныхан ажлын байрандаа архидаж 38 настай залуу бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсан хэргийн араас Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Айраг суманд осолдсон нь нийгмийг бүхэлд нь цочроосон билээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, замыг яаралтай засварлах гээд дээр дооргүй хэд хоног бужигнав. Үүнтэй зэрэгцэн ЗТХ-ийн сайд нар ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж байгаагаа ёс зүйтэй алхам хийлээ гэцгээсэн. Шил шилээ даран гарсан ийм айхавтар үйл явдал болж байхад хэн ч “Би сайдаа хийсээр байх болно” гэж хэлэх боломжгүй л дээ. Ноцтой осол ЗТХЯ, уг салбарыг бүхэлд нь доргиож сайд, дэд сайд, газрын дарга нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой болоход орны хүмүүс нь эхнээсээ тодров. Сайд нь зэмлэл хүртэж байхад төмөр замын дарга нар нь ч бас юм дуулах байх гэсэн таамаглал байлаа. Гэтэл юун зэмлэл, буруутгал хүлээх вэ бүр эсрэгээр нь яамныхаа дэд сайдын суудлыг бэлэглэж урамшуулж л байх. Шийтгэхийн оронд сайдын суудлаар шагнаж байгааг ер ойлгохгүй нь.

Төмөр замын шат шатны дарга нар “Осол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс болсон. Хүний буруутай үйл ажиллагаа байхгүй” гэж нэгэн дуугаар тайлбарлацгааж байгаа. Энэ сарын 15-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд болох Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар үүсээд буй асуудалтай холбогдуулж хэвлэлийн хурал зарлав. Тэдний ярианд мөн л өөрсдийгөө өмөөрсөн өнгө аяс цухалзаж, байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг, үерээс болж осол болсон гэдэг үгсийг давтаж “Ийм осол зөвхөн Монголд гардаг юм биш” гэж байлаа. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “Суурь бүтцийн ихэнх хувь нь хуучны модон дээр шороогоор чигжээстэй 90-50-ын зам байгаа. Энэ онд манай их засвар хийгдэж дуусаагүй 404 км дутуу төмөр зам байсан. 404 км гэдэг бол гол зам. Яг энэ осол гарсан 747 дугаар километрт засвар хийгдээгүй. Тус замд хамгийн сүүлийн их засвар 1997 онд хийгдсэн. Бүх гол замаа төмөр бетон дээр хайрган чигжээс рүү шилжүүлж амжаагүй. Дараа дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй” гэж ярьснаас дүгнэвэл яг ч цэвэр байгалийн буруу биш бололтой. Энд хариуцлагагүйн буруу бийг энгийн хүн ч ойлгоно.

Олон улсад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал гэж юу вэ гэдгийг маш нарийн тогтоож тухайн улсын нөлөө бүхий, хариуцлагатай албан тушаалтан мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж дүгнэлт гаргасныхаа дараа “Манай улсад давагдашгүй хүчин зүйл буюу Force majeure тохиолоо” гэж албан ёсоор зарладаг журамтай. Гэтэл манайд зүгээр л нэг байгууллагын дарга гарч ирээд “Энэ осол байгалийн давагдашгүй хүчин зүйлээс боллоо” гэж хээвнэг өгүүлж суух.

Учруулсан материаллаг хохирол, усанд автсан талбай, үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо зэргээс хамаарч үерийг бага хэмжээний, их хэмжээний, сүйрүүлэх хэмжээний, гамшгийн хэмжээний гэж ерөнхийд нь дөрөв ангилдаг юм байна. Төмөр замын дарга нарын яриагаар вагон осолддог өдөр гамшгийн хэмжээний үер буусан байгаа юм. Гэтэл онцгой байдлын мэргэжилтний тайлбарлаж буйгаар тус газарт тухайн өдөр бага хэмжээний үер буусан гэж үзэх талтай гэнэ. Төмөр замын удирдлагуудын хэлээд байгаа гамшгийн хэмжээний үер гэж чухам юуг хэлдэг вэ гэхээр нэг болон хэд хэдэн гол мөрний сав газар нийтдээ үерт автаж, үерийн бүсэд хүн амын ахуй амьдрал, аж ахуйн үйл ажиллагааны хэвийн хэмжээ бүрэн алдагдаж, хүмүүсийн амь насанд аюул, эд материалын их хэмжээний хохирол учрахыг хэлдэг аж.

Ер нь үер бууж болзошгүй, үерээс урьдчилан сэргийлэх хамгаалах тусгай журам байдаг. Үер бууж мэдэхээр газрын хөрсөнд ус шингэх байдлыг нэмэгдүүлж, барилгажаагүй газрыг хамгаалах, хөрсний ургамлан бүрхэвч болон газрын гадаргын ус хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх, ус шингээх суваг, шуудууны тоо, чанарыг нэмэгдүүлэх ажлыг зайлшгүй хийсэн байх ёстой гэнэ. Тэр бүү хэл гэнэт ус их хэмжээгээр түрж орж ирвэл түүнийг хураах, саатуулах усан сан байгуулж, хаалт, далан босгож суваг шуудуу татдаг юм байна. Олон улсад төмөр замын байгууллагууд нь ийм арга замаар галт тэрэгнийхээ замыг үерээс хамгаалдаг. Гэтэл манайд ийм ажил хийх байтугай 1997 оноос хойш буюу сүүлийн 21 жил их засвар хийгээгүй замд гэнэт хүчтэй бороо ороод ус урсч орж ирэхэд замын ивээс болж байсан сул шороо нь угаагдахгүй гээд яах юм. Бодит байдал ийм байхад алдаа, мадаг гаргаж томоохон хэмжээний осол гаргасан төмөр замын байгууллагын даргыг “Чи мундаг байна” гээд ЗТХ-ийн дэд сайдаар томилж байгаа нь Монголын ард түмнийг тохуурхсан хэрэг боллоо. Наанаа осол гаргаж, хариуцлага алдсан ноцтой хэрэг гаргасан сайдыг огцруулж, шийтгэж байгаа юм шиг харагдуулчихаад цаагуур нь өмнөхөөс нь нэг их ялгагдахааргүй хүнийг оронд нь тавьж жүжиглэж байгаа мафийн ажиллагаа ЗТХЯ дээр өрнөж байна. Төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцаж байсан даргыг ЗТХ-ийн сайдаар тавьчихаж байгааг нь ард түмнээр тохуурхаж басамжилж байна гэхгүй өөр юм гэх юм. 17 мянга гаруй төмөр замчид дотроос дэд сайд хийчих, үерээс хэрхэн хамгаалдаг тухай, замаа яаж арчилж, болзошгүй нөхцөл байдалд хэрхэн ажиллах вэ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн жинхэнэ төмөр замчин хүн олон бий дээ, уг нь. Гэтэл яагаад хариуцлага алдсан, хариуцлага хүлээх ёстой албаны хүмүүсийн нэгийг дэд сайдын суудлаар мялаачихав. Сайд, дэд сайдыг суудлаас нь буулгаж, шударга ёсыг сахиулж байгаа юм шиг жүжиг тавьчихаад оронд нь өөрийн талын, мафийн бүлэглэлийнхнээ хамгаалах хүнийг томилж байгааг зөвтгөх арга алга. ЗТХЯ гэсэн энэ газар мафийн бүлэглэлийн оромж болж тэнд мафийн гар хөл болсон хүмүүс өрөө тасалгаа, суудал, албан тушаал бөглөж төрийн жинхэнэ албан хаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг хүчээр, айлган сүрдүүлэх замаар ашиглахдаа гэр бүл, үр хүүхдийг нь барьцаалж байгаад тендерийн материал бүрдүүлүүлж, зарлагдсан тендертээ “Наад материалаа шалгаруул” гэж дарамталж хөлждөг хэсэг бүлэг байдаг тухай зарим баримт ч ил болж байна. Мафийн дарамтад орсон төрийн жинхэнэ албан хаагчид юун ажлаа хийх манатай яамнаасаа яаж амьд мултрах вэ гэдэг айдаст ээрэгдэж эцэст нь эх орноосоо хүртэл дүрвэсэн байх юм. Мафиудын зуулттай харцан дор төрийн шударга албан хаагчид хуяг руугаа эгцэлж харж чаддаггүй ялтнууд шиг бөхийж байна.

ЗТХЯ-нд мафийн бүлэглэлийн паразитууд төрийн албан хаагч, чадварлаг боловсон хүчнүүдийг бяр чадал, харцаараа хөдөлгөж төрийн ажилд саад тээг болж, рецетив маягаар шунал хүслээ гүйцэлдүүлж байсан нь эхнээсээ ил болж байгаа юм. Эдийн засгийн бүлэглэл, мафижсан этгээдүүд үүрээ засчихаад байгаа энэ яам уул нь Монгол Улсын Засгийн газрын хууль хэрэгжүүлэх хамгийн том гол байгууллагуудын нэг юм шүү. Дэд бүтцийн салбарт хорт хавдар үүсгээд байгаа мафийн бүлэглэлийг хөөх цаг нь болсон. Тэд хэзээ ч эх орныхоо төлөө, ард түмний аж амьдралын төлөө ажиллахгүй. Өөрсдийнхөө л эрх ашиг, эздийнхээ даалгаврыг л гүйцэтгэдэг. Ямар сайндаа шийтгэх ёстой дарга нараа сайдын суудлаар шагнаад байж байхав дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

One thought on “Төмөр замын дарга нарыг шийтгэдэггүй юмаа гэхэд шагнадаг нь дэндсэн хэрэг

  1. zochin 2018-08-24 14:10 at 14:10

    hurungu mungiig ni shiideh hun ni Jiigee darga ni bolohoos dood darga ni hamaa yu bhav

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн