Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг гурав дахь өдрөө хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргалаа. Түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор болжээ. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 9.6 сая төгрөгөөр торгож байгаа аж. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм.
Өнгөрсөн баасан 09.00 цагаас товлогдсон З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хуралд сайдаар ажиллаж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан ҮХЦ-ийн гишүүн болсон Ш.Солонго, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс оролцсоноор шүүх хурал завсарласан билээ.