МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөсөн гэх жиргээ “твиттерт” цацагдаж нэг хэсэгтээ л хүчээ авсан. Учир нь түүнийг намын зарим нөхөд нь МАХН-аас барьж байгаа бодлогын эсрэг явлаа, тиймээс хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
Нэгэн цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар салахын аргагүй “ах, дүү” байв. Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намын дарга Н.Энхбаяр “хуурай дүү”-гээ С.Ганбаатараар сольж, түүний нэрийг сойсон нь ах дүүгийн барилдлагад ан цав үүссэн гэж болно.
Намаа төлөөлж УИХ-ын парламентын танхимд сууж ганц дайчин ганцаардахгүй гэдэг байсан О.Баасанхүү гишүүн өдгөө намынхаа эсрэг хөдлөх болсон.
Эл асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “О.Баасанхүү маань хүний бууны нохой болж, өөрийгөө ингэж хэн ч биш болохоо болих байлгүй дээ. Ухаантай хүн үүнийгээ ойлгож байгаа байх. Харин шүүх, прокурор, хүчний байгууллагууд дахин Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаж онигоонд орохгүй байлгүй дээ. Монгол Улсад төр бий. Шударга ёсыг сахиулдаг хууль хүчний байгууллагууд улс төр, олигархуудын бүлэглэлийн халаасанд орсон гэдгээ нотолъё гэж байгаа юм бол удаа дараа хийсэн луйвраа хийнэ биз. Гэмгүй хүнийг гэмтэй болгодог луйвраа зогсоох хэрэгтэй. Энэ удаа тэд эрх биш ичих байлгүй дээ. Манай намаас нэр дэвшигч нөхөн сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.
Н.Энхбаяр дарга нэр дэвшээд яллаа гэхэд 76 гишүүний ердөө нэг л суудал дээр очно. Эрх баригчид 64-үүлээ. Өөрчилж чадах зүйл байгаа юм уу. Хууль шүүхийн байгууллага чинь Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа гээд хориглочихвол яах юм бэ. Нөгөө талд нь О.Баасанхүү гишүүн намын дарга болсон гээд мөн л нэр дэвшүүлнэ гээд байгаа.