Нөхөн сонгууль ойртож байгаа энэ үед сонгуульд горилогчдын нэр эхнээсээ тодорч буй. Сүүлийн мэдээллээр хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. МАН-ын хувьд нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр улс төрийн хүрээнд яригдаж буй. Гэхдээ есдүгээр сарын 4-нд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. МАХН энэ сарын сүүлээр намынхаа Бага хурлаар нэр дэвшихээ тодруулна гэдгийг тус намын Нарийн Бичгийн Дарга Б.Тулга онцолсон. Гэхдээ тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна. Энэ талаар тэрбээр “Бидний хувьд намаараа шийднэ. Бага чуулганаар нэр дэвшигчээ сонгоно. Хэнийг сонгох эсэхийг намын хамт олон шийднэ. Хэрэв би нэр дэвших юм бол ялахын төлөө ажиллана. Манай Ганбаатар дарга нэр дэвшвэл мөн адил ялахын төлөө байх болно. Улс төрийн намууд нэгдэж МАНАНГ ялахгүй бол монгол ялагдах нь. Монгол ялна гэсэн худлаа юм байна. МАНАН ялагдаж байж монгол ялна. Тиймээс бид МАНАНГ ялахын төлөө энэ сонгуульд ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Энэ бол зөвхөн Хэнтийн сонгууль биш Монголын ард түмний сонгууль” хэмээсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр ИЗНН, МҮАН, МНН-тай хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулахыг шаардав. Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол улс төрийн намуудтай хамтран УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал асуулгыг явуулна гэв.
Б.Цэцэг