Индонезийн Жакарта дахь зочид буудалд биеэ үнэлэгчидтэй хоносон Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин нутаг буцлаа. Тэд өнгөрсөн пүрэв гаригт тамирчдын хотхоноос гадуур хооллохдоо япон хэлтэй нутгийн иргэдтэй уулзаж, хаанаас биеэ үнэлэгч олж болохыг асуусныхаа дараа дөрвөн эмэгтэйтэй зочид буудал руугаа оржээ.
Тэдгээр тамирчид нь 27 настай Юүя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато, 22 настай Кэйта Имамура нар байсныг төлөөлөгчдийн ахлагч мэдэгдсэн байна.
“Японы Үндэсний Олимпийн Хороо тэдний тэмцээнд оролцох эрхийг цуцалж, эрт нутаг буцаахаар шийдсэн тул өнөөдөр өглөө Жакартагаас явсан. Дөрвөн тамирчин нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байгаа” гэж Ямашита мэдээлжээ.
Тэр цааш нь “Бидэнд сахилга батын тусгай дүрэм бий. Тэд дүрмээ зөрчсөн нь тодорхой байна. Тамирчид бол зөвхөн спортын танхимд биш, хаа явсан газраа нийгэмд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой. Ийм явдал болсонд харамсаж, Японы ард түмнээс төлөөлөгчдийн ахлагчийн хувьд уучлал гуйж байна” гэж хэлсэн юм.
Дөрвөн жилийн өмнө Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан Японы баг хоёр дахь тоглолтдоо Катарыг 82:71 харьцаатай хожиж C хэсгийг тэргүүлж байгаа. Тэд Лхагва гарагт Хонг Конгийн шигшээ багтай тоглох юм.Одоо Японы шигшээ найман тоглогчтой үлдэж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байна.