Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Энэхүү төсөл нь 2018 оноос 3 жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэг (ГИДЦГ-А)-т хэрэгжинэ.
Хятадын талаас тус төслийн хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнг томиллоо. Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн 7 судлаач 2018 оны 8 дугаар 13-наас 2018 оны 9 дүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх юм.
Тус төслийн монголын талын удирдагч Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус төслийн хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн мазаалай баавгайн судлаач, эрдэмтэд оролцож төслийн хүрээнд хийгдэх судалгааны ажлын талаар санал солилцлоо.