Ирэх долоо хоногт Samsung дараагийн ухаалаг утас болох Note 9-ийг худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Note 9 утас нь энэ жилийн гуравдугаар сард шинээр гарсан Samsung Galaxy S9-ийн дараагийн загвар юм. Samsung-ийн өмнөх Galaxy S9 загвар тийм ч ашигтай борлуулагдаагүй бөгөөд компанийн орлогод бууралтыг үзүүлж байгаа аж.
Зарим шинжээчид Galaxy S9 загварын утас нь зургаан жилийн турш хамгийн бага зарагдсан Galaxy загварын утас байх магадлалтайг таамаглаж байгаа юм. Утасны борлуулалт тааруу байгаа ч Samsung компани ухаалаг гар утас үйлдвэрлэлээрээ одоог хүртэл дэлхийн тэргүүлэгч байсаар байгааг салбарын судалгаа хийдэг IDC компани харуулаад байна.
Тэгвэл түүний өрсөлдөгч Apple компани ухаалаг утас үйлдвэрлэлээрээ Samsung болон Huawei компаниудын дараагаар гуравдугаар байрт бичигдэж байгааг харж болно. Сүүлийн үед Samsung компани ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулах эсвэл шинэ зар сурталчилгаа цацах бүрт Apple-ийн эсрэг дайралт үзүүлдэг болсон.
Үүний тод жишээ бол Samsung-ийн саяхан гаргасан “Цэцэн мэргэн” гэх цуврал сурталчилгааны кампанит ажлын талаар бид мэдээлж байсан билээ. Өмнө жил Samsung мөн ийм төрлийн сурталчилгаа цацаж байсан ба сурталчилгаанд Apple-ийн хэрэглэгч олон жилийн туршид Iphone утас хэрэглэж байсан ч түүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байсныг мэдэж Samsung загварын утас худалдан авах шийдэлд хүрсэн тухай гардаг.
Samsung компани Galaxy Note цувралаа жил бүрийн наймдугаар сард зарладаг нь есдүгээр сард iPhone зарлагдахаас өмнө зах зээлийг түрүүлж эзлэх зорилготой аж. Ухаалаг гар утас үйлдвэрлэлтийн дунд илүү сонирхолтой, илүү ухаалаг шинэлэг зүйлс хийхэд улам бэрх, өрсөлдөөнтэй болоод байна. Сүүлийн үед гарч буй шинэ утас болгон том дэлгэцтэй, сайн чанарын камер болон цэнэгээ удаан барих баттерейтэй болсноороо хэрэглэгчдийн дунд онцын ялгаагүй мэт санагдуулах болсон.
Samsung-ийн утасны борлуулалт сүүлийн үед муу байгаа ч өөрсдийн бүтээгдэхүүнээ сайжруулж, борлуулалтаа нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулахгүй харин саяхан нэг их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн, дэлхийн анхны компани болох Apple-ийн эсрэг иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаад олон улсын зарим эх сурвалжууд шүүмжлэлтэй хандаж байна.
Эх сурвалж: Qz.com