Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг хоёр хүний хоорондох харилцааны асуудал биш юм. Нэг нам, эсвэл хэн нэг хүн тамга атгангуутаа авчраад байршуулчихдаг “царцааны нүүдэл”-тэй холбоотой юм. Сайд, даргын нөмөр, нөөлөгт эрдэж, омогшсон “цүнх баригчид” хүн дарамталж, зодож цохидог нь хэтрээд зарим нь хүний амь бүрэлгэчихлээ
. Төрийн албыг дур хүслээ гүйцэлдүүлдэг газар болгон үнэгүйдүүлж, албан хаагчдыг нь өөрийн “боол” шиг дорд үзэн дарангуйлдаг тухай хаа сайгүй ярьдаг, бичдэг. Эрх мэдэлтнүүд өөрсдөө ч гэсэн төрийн албыг тогтвортой байлгана, мэргэшсэн албан хаагчдыг халж, солихгүй гэхчлэн амладаг, даанч мэхлэдэг. Харамсалтай нь энэ байдал байж болшгүй хэмжээнд хүрснийг төрийн албан хаагч амь насаа алдаж ойлгууллаа, өнөөгийн төрд.
Гэтэл нөгөө л тогтсон жишгээрээ сайд, даргын төлөөх марафонд уралдаж явна. Дахиад л тэрний хүн, энэ даргын цүнх баригч” гэлцэн албан тушаалын төлөө алалцаж эхэлжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал ч гэсэн ийм л замаар төрд орж лрсэн нөхөр. Бусдаас өөр нь тэр “Ерөнхийлөгчийн хүн” гэсэн тодотголтой. Тийм ч учраас албан тушаалын шатаар ахиж ирсэн. Тэгээд өөрийгөө “Улсын нэгдүгээр хүн” гээд бодчихсон.
Бас өөрийгөө юу ч хийсэн хамаагүй гээд ойлгочихсон. Хамт ажиллагсад, Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтнууд нь ч гэсэн “Улсын нэгдүгээрх”-ийн өмнө айж чичирдэг байж. Тийм ч учраас тэр өдөр талийгаач Г-г зодоход нь хамт явсан яамных нь таван ажилтан “улсын нэгдүгээр эрхэм”-ийг хорьж болохгүй хэмээн харж зогссоор нэгийнхээ амийг бүрэлгүүлжээ. Талийгаачийг “Ажлаа өг” гэж шахаж дарамталж байсан гэх мэдээллүүд одоогоор дуулдаж байгаа.
Хохирогч Г хуульч мэргэжилтэй, салбарын дотоод аудит, хяналт, шалгалт дээр ажиллаж байснаас үүдэн аллагын цаана өөр өөр асуудал, Б.Махбал нартай холбоотой “но”-той хэргүүд байж болзошгүйг ч хэвлэлүүд бичиж эхлээд байна. Б.Махбалын албан тушаалын шатаар өгссөн замыг харвал 2008-2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын болон Зам тээврийн бодлогын газрын даргаар нь ажиллаж байжээ.
Дараа нь Ц.Дашдорж сайдын үед Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албыг хашсан байна. Д.Сумьяабазар энэ салбарын сайд болохдоо ажлаас нь чөлөөлсөн ч Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайд болсны дараа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон байдаг. Уг нь төрд ажил алба хашихад шалгуур гэж бий. Төрийн албан хаагчийн шалгалт өгнө. Наад зах нь төрийн албан хаагчийн анкет бөглөхөөс эхлээд тодорхой шаардлагууд, олон үзүүлэлтүүд байдаг.
Гэвч тэр бүхэн бодлогогүй улс төрийн намууд, увайгүй улстөрчдийн нөлөөгөөр түүх болж үлдэх шив. Ямар мэдлэг боловсролтой, тухайн салбарт мэргэшсэн эсэх, хүмүүжил, ёс суртахуун хэр байх зэрэг нь огт хамаагүй. Харин хэний цүнхийг барьдаг, хэнд үйлчилдэг нь л гол үзүүлэлт болж байгаагийн илрэл нь Б.Махбалын хийсэн гэмт хэрэг юм. Цаана нь хэчнээн Махбал ажилтнаа дарамталж, зодож, дээрэлхэж байгааг хэн мэдлээ.
Зам, тээврийн хөгжлийн яаманд л гэхэд ийм дарангуйлагч нэг биш байгаа сураг дуулдсан. Тухайлбал, Ерөнхий сайдын төрсөн ах У.Ганболдын хүү, Зам, тээврийн хөгжлийн яаманд хэлтсийн даргаар ажилладаг Г гэгч өөрийгөө У.Хүрэлсүх гээд бодчихсон нөхөр байдаг юм байна. Тэр эрчээрээ “Би юу ч хийж болно” гэж сэтгээд ажилтнуудаа зодож харгислаж явдаг бололтой юм. Өнгөрсөн хавар яамныхаа мэргэжилтэн, 50 гаруй насны эмэгтэй Н-ийг “Ажлаа өг” гэж дарамталж, зодсон гэх хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгагдаж байсан.
Өдгөө тэр нь шүүхийн шатанд шилжсэн гэж түүний тухай олон нийт ярьж, бичиж байгаа. Дарга, сайд нарын нэрээр төрийн албанд орсон, яам, тамгын газарт ажил албанд дэвшсэн хүмүүсийн хийдэг ажил нэг иймэрхүү. “Ажлаа өг” гэж айлгадаг, сүрдүүлдэг, зөвшөөрөхгүй бол зоддог, цохидог. Тэрийгээ хэтрүүлж амь насыг нь бүрэлгэсэн тохиолдол харин анхных юм. Сонгуульд ялсан нам, сайд, дарга болсон эрхмүүд төрийн албыг хувийн компани шиг болгож, төрөл садангаа авчраад суулгачихдаг. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг дураараа халж, сольдог.
Тэрний, энэний хүн гэх этгээдүүдээр яам, тамгын газрын удирдлагын баг, төсөв, санхүүгийн хэлтсийг дүүргэчихдэг. Тэд нь ажлаа мэдэхгүй, ямар боловсролтой нь ч тодорхойгүй. Тэгсэн хэрнээ архи уух, авгай хүүхэн эргүүлэх, загнаж зандрах, цохиж зодохдоо гарамгай байдгийг монголчууд харлаа, үзлээ, бичлээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгосон бичлэг задарч байсан.
Сонгуульд үнэмлэхүй олонх болсны нь дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж ганцхан жилийн дотор 13 мянга гаруй хүнийг ажлаас нь халж, сольсон байдаг. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар дээрх халагдсан, солигдсон хүмүүсийг нааш, цааш болгох гэж ноцолдсоор үндсэндээ өөр ажилд анхаарал хандуулж чадалгүй жил тойрч байна. Монголын төрийн хүч чадал сайн боловсон хүчин дээр л тогтоно.
Тэгвэл өнөөдөр “Царцааны нүүдэл”-д дарлагдаж төр хүчгүйдэж байна. Монголын төр хэзээ сүр хүчтэй, алсын хараатай, бодлого нь мэргэн болох вэ гэвэл, “Цүнх баригчид”-аас салсан цагт. Монголчуудын, төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдын мөрөөдөл энэ юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
4 comments
ЕРӨНХИЙ САЙД ХАМААТАН САДНУУДТАЙГАА ХУРАЛ ХИЙЖ НЭР ТӨРӨӨ ГУДААЖ БАЙГАА ЮМНУУДАА ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛААЧ, ЯДАЖ БАЙХАД НАМЫН НЭР УНАГААД БХ ЮМ
хамаатан саднаа даргад томилж болно тэд нар нь итгэл даагаад хариуцлагатай ажиллаж чадахгүй нэр төрийг нь баастах юм даа
хамаатан саднаа даргад томилж болно тэд нар нь итгэл даагаад хариуцлагатай ажиллаж чадахгүй нэр төрийг нь баастах юм даа
“60 тэрбум”-ын гай эхнээсээ хүний амиар тоглочихлоо.Дахин хүний аминд хүрч улсыг сүйрүлэхээс өмнө эзэд нь хэргээ хүлээж төрийн албыг алба шиг болгоё.