Оюутнуудад төлбөрийн дарамтгүй суралцах нөхцөл бүрдсэн нь өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн “Оюутны хөгжлийн зээл” юм. Өмнө нь банкаар дамжуулан төрийн сангаас зээл авахад зээлийн материал бүрдүүлэх гэж олон хоног хөөцөлдөж, хамтран зээлдэгчийн орлого хүрэхгүй гэх шалтгаанаар ихэнх оюутан зээл авч чадалгүй үлддэг байсан. Тэгвэл энэ олон шат дамжлага оюутан өөрөө сургуулиараа дамжуулаад бие дааж “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах боломжтой болсноор үгүй болж байгаа аж.
Ингээд “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар Боловсролын зээлийн сангийн, зээлийн мэргэжилтэн Б.Зоригоотой ярилцлаа.
-Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс Оюутны хөгжлийн зээлийг банкаар дамжуулахгүй олгож эхэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“Оюутны хөгжлийн зээл”-ийг банкаар дамжуулахгүй олгож эхэлсэн нь оюутнуудад олон боломж нээж өгсөн. Өмнө нь банкаар дамждаг байхад хамтран зээлдэгчтэй байх, хамтран зээлдэгчийн орлого нотлох гэх мэт олон зүйл шаарддаг байлаа. Ерөнхийдөө орлого нотолж чадсан оюутнууд л зээл авч байсан юм. Харин одоо хамтран зээлдэгчгүйгээр орлого нотлохгүй, хүүгүй, урт хугацаатай сургалтын төлбөрөө зээлээд сурах бүрэн боломжтой болсон. Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд хавар оройтож ийм журмаар олгож эхэлсэн болохоор цөөн оюутан зээл авсан. Одоо 2018-2019 оны хичээлийн жилд 32 мянга гаруй оюутанд 72.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор байна.
-Банкаар дамжин зээл олгодог байх үед 90 тэрбум төгрөг төсөвлөөд тавхан тэрбумыг нь олгосон гэж байсан. Тэгвэл энэ хавар банкаар дамжилгүй хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд нийт 3,518 оюутанд 6.1 тэрбум төгрөг олгосон байна. Үүний 2.5 тэрбумыг банкаар дамжилгүй 1,814 оюутанд олгосон. Тэгэхээр банкаар дамжихгүй,. болсноос хойш зээлд хамрагдах оюутны тоо эрс нэмэгдсэн.
-“Оюутны хөгжлийн зээл”-ийг авах журамд ирээдүйгээ тодорхойлсон эсээ бичиж өгнө гэсэл заалт бий. Энэ нь хамгийн том шалгуур болж байгаа. Үүнийг сургууль нь шалгаруулах уу, эсвэл танайх шалгаруулах юм уу?
-Материал авах ажил тухайн сургууль дээрээ явагддаг. Мөн хүлээж авсан материалаа шалгаруулах ажлыг сургууль нь таван хүний бүрэлдэхүүнтэй комисс томилоод хариуцаж ажилланa. Шалгарсан оюутныхаа материалыг сургууль нь манай цахим систем рүү оруулснаар манайх сургалтын төлбөрийг олгох юм. Товчхондоо бол манайх ямар ч оюутны материал хүлээж авахгүй. Энэ тал дээр маш их андуурал гарч байгаа. Манай сан ирэх сарын 1 -н хүртэл сургуулиудаас оюутнуудын материалыг хүлээж аваад, намрын улирлын зээлийн олголтыг аравдугаар сарын 1 гэхэд дуусгасан байна.
-Намрын улирал гэхээр “Оюутны хөгжлийн зээл”-ийг улирал улирлаар нь хувааж олгоно гэсэн үг үү?
-Тийм ээ. Жил жилээр хэдэн төгрөгийн зээл олгох вэ гэдгийг тогтоож байгаа. Энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийн зээл олгох хэмжээ тогтоосны 2.5 тэрбумыг өнгөрсөн хавар олгосон. Одоо энэ намрын улиралд 72.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Харин 2019 он гараад хаврын улиралд хэдэн төгрөгийн зээл олгох вэ гэдгийг тогтоогоод дахин хаврын улирлын өмнө зээлийн материалаа хүлээж аваад олгох юм.
Тогтоолоороо өмнөх улирлын голч дүнг харгалзан тухайн улирлын сургалтын төлбөрийг олгоно гэсэн заалттай. Хавраас өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар хяналтын тоог батлаад хэдэн оюутанд зээл олгох нь тодорхой болохоор 2018-2019 оны хоёрдугаар улирлын сургалтын төлбөрийг зээлэх боломжтой болно. Түүнээс биш бүтэн жилээр нь зээл олгохгүй. Энэ нь бас нэг онцлог давуу талыг үүсгэж байгаа. Шинээр элсэгч 600-гаас дээш оноотой байна гэж заасан. Хэрвээ оноо нь хүрэхгүй тохиолдолд эхний улирлын төлбөрөө төлж сураад, дараагийн улирлаас нь голчоороо зээлээ авах боломжтой.
-Манай улсад 90 гаруй их, дээд сургууль байгаа. Эдгээрээс хэдэн сургууль оюутны хөгжлийн зээл авах боломжтой вэ. Ямар шалгуурыг хангасан сургуулийн оюутнуудад боломж үүсэх вэ?
-66 сургуулийн оюутнууд энэ зээлд хамрагдах боломжтой. Шалгуур нь магадлан итгэмжлэлээ авсан, манай байгууллагатай гэрээтэй байх ёстой. Үүнийг хангаж байгаа их сургуулийн оюутнууд зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Мөн орон нутгийн хэдэн сургууль нэмэгдэх байх. Гэхдээ одоогоор манайхтай гэрээ хийгээгүй байна.
-Бас нэг асуудал байдаг. Их, дээд сургуулиуд төлбөрөө хийж байж хичээл сонголтоо хийх боломж нь бүрдэнэ. Мөн нэгдүгээр дамжааны оюутнууд намар төлбөрөө бүтэн төлж байж суралцах боломжтой болно гэх мэт. Тэгэхээр оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюутнуудын энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ?
-Тийм асуудал байдаг. Үүнийг бид манайхаас зээл авах боломжтой сургуулиудын удирдлагад албан бичиг хүргүүлж шийдэж байгаа. Үүнд нь зээлд хамрагдахаар тэнцсэн оюутныг сургалтын төлбөрийг нь төлсөнд тооцож хичээл сонголтыг хийлгэж өгнө үү гэсэн утгатай. Тэгэхээр “Оюутны хөгжлийн зээл” авч байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд төлбөрөө төлөлгүй хичээл сонголтоо хийгээд сурах бүрэн боломжтой. Хамгийн ойрын жишээ гэвэл МУБИС яг ийм маягаар оюутнууд нь хичээл сонголтоо хийж байна.
-Эргэн төлөлтийг яаж төлөх вэ?
-Төгссөнөөсөө хойш төлөлтөө хийж эхэлнэ. Хэрэв боломжтой бол өмнө нь ч төлж болно. “Оюутны хөгжлийн зээл” нь хэрэв голч дүн нь хүрээд эсээгээ бичээд, авч чадаж байвал суралцах хугацаандаа ямар ч төлбөрийн дарамтгүй суралцах нөхцөл боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
М.Дуламсүрэн