Одоогоос арван жилийн өмнөх энэ өдөр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын долоо дахь өдөр хөдөлмөрийн баатар , гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол төрийн дуулал олимпийн тэнгэрт анх удаагаа эгшиглэж, алтан соёмбот далбаа мандсан билээ.
Манай тамирчид анх олимпийн наадмаас медаль хүртсэнээсээ хойш 40 жилийн дараа олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн байдаг. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл олимпын наадамд монголчууд бид хамгийн анх 1964 онд гадаад далайг гатлан Япон Улсын Токио хотод очиж оролцож байсан түүхтэй.
Чухам тэр үеэс л Ази тивийн цээжинд орших Монгол Улстай дэлхийн нийт спортоор дамжуулан танилцаж эхэлсэн юм. Түүнээс хойш манай улсын тамирчид ганцхан 1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо зохиогдсон зуны олимпийн наадамд оролцоогүй байдаг. Харин 1968 оны Мексик Улсын Мехико хотод зохиогдсон олимпийн наадмаас гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчдын медалийн буухиа тасралгүй үргэлжилж, одоогоор манай улс 13 олимпийн наадамд оролцож, хоёр алт, арван мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна.
Тэгвэл энэ жил монголчууд бид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа. Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Тэрбээр “Бээжин-2008”-ын татамид эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг давхар хаман цэвэр ялж олимпийн аварга болох эхлэлээ тавьсан юм.
Цаашдаа ч замдаа таарсан олимп, дэлхийн медальтнуудыг ялж, улмаар олимпийн аварга хэмээх алдрыг хүртэж Монгол түмний 40 жилийн хүлээлтийг тайлсан билээ. Ганцхан “Бээжин-2008” олимпийн наадмаар зогсохгүй “Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь Монголын ард түмний бахархалт хүмүүн болохоор мэндэлсэн ховор хувь заяагаа дэлхий нийтэд тунхагласан юм.
Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Түүнд ганцхан дутуу зүйл байсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль байсан. Түүнийгээ гүйцээж өнгөрсөн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр тэр Монголын тамирчдаас хамгийн анхны олимпийн хос медальтан хийгээд дэлхийн аваргын медальтай тамирчин болоод байна.
“Бээжин-2008″ олимпийн наадмаас манай тамирчид хос алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ медалийн буухиаг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа наймдугаар сарын 13-нд хүртсэн мөнгөн медалиараа эхлүүлсэн нь булган сүүлтэй байж хос алтан медалийг, нэг мөнгөн медалийн хамт дагуулж байлаа.
Тэгвэл 10 жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн бүр омогшин бахархацгааж, эх орон даяараа олимпийн алтан медальтантай болсноо тэмдэглэж төв талбайдаа цуглан баярлаж байснаа үргэлж дурсан санах хэрэгтэй. Мөн үеийн үед дурсах түүхийг эх орон, элгэн түмэндээ авчирсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр болон нийт тамирчдадаа талархъя.
М.Дуламсүрэн
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин