Монголын төр “шүдгүй арслан” шиг нэр, сүрнээс цаашгүй сул дорой болжээ. Гаргасан бодлого, шийдвэрийг нь захын хүн үл ойшоодог, хэн дуртай нь шүлсээ үсчүүлэн дайрч байгаад, өнөөхийг нь алга урвуулахын төдийд өөрчлүүлдэг болов. Хоёрхон сарын өмнө сүр дуулиантайгаар “Энэ жилээс их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог 480-аас доошгүй байхаар тогтоолоо” хэмээн зарласан хүмүүс шүлс нь хатаж амжаагүй байхад хэлснээсээ буцаж, одоо бүлх залгисан мэт дуугүй болцгоожээ.
“Монгол Улсын ирээдүй, хөгжлийг тодорхойлох дээд боловсролтой мэргэжилтнүүдийг төрүүлэн гаргах, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсон хүчнийг бэлтгэх үүрэг зорилготой учраас их, дээд сургуульд элсэгчдийн анхан шатны шалгуур болох босго оноо 450 байх нь тохиромжтой хэмээн үзэж байна” гэдэг саналыг Боловсролын үнэлгээний төвөөс 2017 онд салбарын яамандаа хүргүүлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог бууруулсаар 400 болгосон нь ямар ч үндэслэлгүй, энэ нь Монгол дахь чанаргүй дээд боловсролын үйлдвэрлэлийг улам хөөрөгдөн дэвэргэж буйг баримт судалгаатай нь хавсаргасан учраас уг саналыг бодлого тодорхойлогч яамнаас дэмжсэн. Тэгээд 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг боловсролын анхан шатны шалгуур болох босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 480 байхаар тогтоосон Ц.Цогзолмаа сайдын тушаал өнгөрсөн хавар гарсан.
Сайд тогтоодоггүй, байнга л гал авалцуулан “сор залж” байдаг боловсролын салбарт эмэгтэй хүн томилогдож ирээд, тун зоригтой, хамгийн гол нь түмэн олонд хэрэгтэй шийдвэр гаргалаа хэмээн талархаж байтал тэрбээр шийдвэрээсээ хэдийнэ буцсан байх юм.
Түмний хүүхдийг сургалтын төлбөр төлдөг “мөнгөний хүүдий” л гэж хардаг хувийн их, дээд сургуулиудын удирдлага энэ шийдвэрээс болоод багтаж ядталаа уурлан, боож үхэх бор шидмэс хайн дээгүүр, доогуур баахан гүйсэн сураг байсан. Оюутнууд нь сайн, муу сурах нь тэдэнд огт хамаагүй, ямархуу чадвартай боловсон хүчин зах зээлд бэлтгэх нь бүр ч хүртээлгүй, зөвхөн элсэгчдийнхээ тоонд (үүний цаана сургалтын төлбөр гэдэг “мөнгөний эх булаг” бий) ач холбогдол өгдөг учраас онооны төлөө тэгж алалдаад байгаа хэрэг.
“Хувийн сургуулиудад элсэгчдийн босго оноог 410 болго. Хэрэв өмчийн хэлбэр харгалзахгүй босго оноог 480 болгож нэмнэ гэж байгаа бол бидэнд ч ялгаагүй улсаас тогтмол зардал өгөх ёстой” хэмээн төрийн өмчийн сургуулиудтай барьцан, сайдыг сандаргасан Хувийн их, дээд сургуулиудын холбооныхон санасандаа хүрчээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийнх нь 410, орон нутгийн сургуулиуд 400 байх шийдвэрийг сайд нэгэнт гаргачихаж.
Тиймээс тэд одоо элсэгчдэдээ “Тухайн мэргэжлийнхээ дагуу сонгосон хичээлээрээ 410-аас дээш оноо авсан байх ёстой” гэсэн шаардлага, шалгуураа тавьж буй, эсэхийг нь шалгах л үлдсэн бололтой. Гар барингуутаа ахиулаад бугуй руу гэтэж мэдэх л хүмүүс шүү дээ. Гэвч энэ зэргийн хяналт тавих хөрөнгө, хүн хүч манай төрд үгүй гэх.
Энэ бол зөвхөн өнөө маргаашийн босго онооны төлөөх маргаан бус, Монголын ирээдүй хойчийн эрдэм боловсрол, хүсэл мөрөөдөл, амьдралаар дэнчин тавьж тоглосоор байх уу гэдэг өнө холын асуудал билээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
1 comment
Шийдвэр гаргаж чадахгүй яаж ажиллах вэ? Хэд хоноод буйх бол яах гэж гаргадаг юм бэ? Ядаж өөрийнхөө нэр сүрийг шороотой хутгахгү байхаа мэдэхгүй алиа гарууд яаж төрд ажилладаг байнаа.