Хэрээ ямарч химийн хорт утаанд хорддоггүй мөн сайн болоод муу мэдээг хамгийн түрүүнд дуулгадаг гэнэ. Мөн хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг гэнэ. Гэхдээ нэгнээ үхвэл дахин өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч шувуу аж. Өндөр мэдрэмжтэй, зөнч бөгөөд түүнийг дэлхийн аль ч улсын бөө нар ихэд хүндэтгэдэг ажээ.
Диснейлэндийн дараа ордог Францын томоохон цэцэрлэгт хүрээлэн тэднээр ажил хийлгэж сургажээ. Тус улсын баруун Венди бүсийн Puy du Fou хүрээлэн нь Францын түүхийг харуулсан шоу, үзвэрүүдийг зохион байгуулдаг, аялал жуулчлалын чухал байгууламж юм.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Никола де Виллер хэрээний овгийн шувуу болох зургаан ширхэг турлиахыг жижиг хэмжээний хог түүхэд сургаад байгаагаа AFP агентлагт ярьжээ. Тэд тамхины иш, хоолны сав зэрэг хогийг нэгэн хайрцагт авчран хийх бүрт нь хайрцагнаас тэдний дуртай амттанг автоматаар гаргаж өгдөг юм байна.
Виллер захирлын хэлж байгаагаар эдгээр шувууд нь маш ухаалаг, хүнтэй харилцах дуртай амьтад гэнэ. Судлаачид хэрээний оюун ухааны чадавхийг батлан харуулсан нээлтээ байнга танилцуулж байдаг. Кэмбрижийн Их сургууль, Окландын Их сургуулийн судлаачид Шинэ Каледоний хэрээнүүдийг судлаад тэд хүнтэй адилхан модны мөчир, ургамлын хэсгээр багаж хийх арга, дизайныг ой ухаандаа хадгалж, дараа нь сэргээн хэрэглэж чаддагийг нээсэн юм.