Цагаан ордон Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд жиргээ болгоныг Америкийн Үндэсний Архивийн газар албан ёсоор хадгалж байгаа талаар мэдээлэв. Архивт Трампын твиттерт байгаа болон алдаатай бичээд устгасан бүх бичвэрүүд баримт хэлбэрээр үлдэж байгаа аж.
Трамп твиттерт бичсэн мөрүүддээ үг үсгийн алдаа гарган түүнийгээ устгаад дахин засварлаж нийтэлдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын хоёр сенатор Ерөнхийлөгчийн твиттер мэдэгдлүүдийг баримтжуулж байгаа юу хэмээн Үндэсний Архивийн газрын захирал Дэвид Фериерт асуулга тавьсанаар америкчууд ийм хариулт авсан аж.
Олон нийтийн сүлжээг ашиглан мэдэгдэл хийдэг Трампын арга барил нь Америкийн Ерөнхийлөгчийн түүхэнд байгаагүй арга барил юм. Цагаан ордон үүнээс гадна жиргээчин Ерөнхийлөгч хуучны Андроид гар утсыг хамгаалалт сайн шинэ iPhone утсаар сольсон талаар мэдээлжээ.