Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортолно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргав. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн байр суурийг хүргэе.

-Засгийн газрын хуралдаанаар төмөр зам барих ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Төмөр зам барьж дуусахад хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталж, төмөр зам хөдөлгөөнд орох боломж бүрдлээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш ажил зогсоод байгаа юм. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөөд байна. Төмөр замыг барьж дуусахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

Хөрөнгөгүйн улмаас гурван жил гаруй хугацаанд гацаад байсан төмөр зам барих ажлыг Засгийн газраас авсан бодлогын хүрээнд эрчимжүүлэхээр орууллаа. Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн төмөр замын компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-“Тавантолгой төмөр зам” компанийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор болсон. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэх юм. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хариуцна. ’’Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахаар болсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин буюу 20-25 ам.доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм. Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн тооцоолж байна ю?

-Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан.

Эхний ээлжинд шинэ компанид нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалт оруулна. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, 49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуулах шийдвэр гаргалаа.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалт хийхээр төсөөлж байгаа.

-Олон улсын зах зээлд IPO гаргаж хөрөнгө оруулалт босгох талаар мэдээлэл өгөхгүй юу?

“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа.“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.

-“Эрдэнэс Тавантолгойн” эрхийг шилжүүлэх шийдвэрийг мөн гаргасан гэсэн?

-“Эрдэнэс Таван-толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилсон.

Одоогоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэлээ хангаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан энэ ажлыг хийх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ чиглэлээр шуурхай ажиллахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн