Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн нь өнөөдрийн роботын эхлэл байжээ. Робот кино зохиол, хүүхэлдэйн киноноос бодит амьдрал руу шилжиж хүний хийх ажлыг хөнгөвчилсөөр байна. Хэдийгээр энэ нь давуу талтай боловч хүмүүст сөргөөр нөлөөлж эхэлжээ. Америкийн нэгдсэн улсад хүмүүсийг роботоор орлуулах болсноор цалин хөлсний хэмжээг мэдэгдэхүйц бууруулж байгаа аж.
Тус улсын засгийн газраас гаргасан, 1990-2007 оны ажлын байрны талаарх мэдээлэлд судлаачид дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар, үйлдвэрт нэг шинэ робот суурилуулах бүрт дунджаар зургаан хүн ажлын байраа алдаж байгааг тогтоожээ. Мөн эдийн засагчид “1000 ажилтанд нэг шинэ робот ногдоход цалингийн хэмжээ 0.25-0.5 хувиар буурсан байна” гэж тооцоолжээ. АНУ-ын “Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо” ашгийн бус байгууллагаас гаргасан уг тайланд “цаашид хүмүүс роботуудад ажлын байраа алдах эрсдэл улам нэмэгдэх хандлагатай байна”хэмээн анхааруулжээ.