Ипотекийн санхүүжилттэй холбоотойгоор иргэд “Монголбанк”-инд гомдол мэдүүлэх болжээ. Учир нь зарим банк “төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа, 8 хувийн зээл зогссон” гэх зэрэг худал мэдээлэл өгсөн байна. Монгол банкны зүгээс ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байгаа аж. Иймд тус банкнаас арилжааны банкиудад ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн албан тоот илгээжээ.
Уг албан тоотод:
“Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв.
Дашрамд дурдахад, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй.
Аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монголбанк шинэчилсэн журмын хүрээнд ипотект зориулж, 142.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 2,042 иргэний ипотекийн 5 болон 8 хувийн зээлийг шийдвэрлээд байна.