УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шуух хурал өнөөдөр болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хурлыг хаалттай явуулхаар товлоод байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сард болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл нар өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд Д.Муратын өмгөөлөгч цахимаар шүүх хуралд оролцсон.
Дээрхи хуралдаанаас яллагдагч Д.Мурат, Б.Бахытгүл нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг наймдугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан.
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.
Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.
Б.Бахытгүл урьдчилсан хэлэлцүүлгийн дараа “Та нар сэтгүүлчид намайг юу гэж харлуулаад байсан бэ. Казакстан руу зугтсан, мөнгө авсан гээд. Миний нэр төрд олон сэтгүүлчид халдаад байгаа. Би шүүхэд тэр сэтгүүлчдийг өгнө гэж бодож байгаа. Эхлээд энэ хэрэг дуусаг. Би энэ хэрэг дээр гомдлоо буцаан татаж аваагүй” гэв.