Монголоосоо Их Британий Лондон хот хүртэл 12 мянган км газрыг хоёр бөхт тэмээгээрээ туулахаар алсын замдаа гарсан монгол бүсгүй Н.Байгалмаа аялалаа түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Түүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй аар саар мэдээллүүд гарсаар удав.
Тухайлбал Эстони улсын иргэн Рой Страйдер нь Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргасан талаараа мэдээлэл хийж байсан удаатай. Харин эл асуудлаар Н.Байгалмаа шүүхэд ханджээ. Улмаар шүүх хурлын шийдвэр Рой Страйдер биш Н.Байгалмаагийн талд гарчээ. Энэ тухай Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж фэйсбүүк хуудсаараа лайв хийж мэдэгдэхдээ “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хуралдаанаар Н.Байгалмаа ямар ч луйвар хийгээгүй, ямар ч гэрээ байгуулаагүйг баталлаа.
Бид шүүхийн шийдвэрийг хүлээгээд өдийг хүртэл нэг ч үг дуугараагүй. Рой страйдер бусдаас мөнгө авахын төлөө Н.Байгалмаагийн эсрэг худал мэдээлэл цацсан. Үүний ард байгаа хүнийг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс дурдаад хэрэггүй биз. Өөрийг нь элдвээр хэлж, гүтгэж байхад Н.Байгалмаа эмэгтэй хүний хатан зоригийг харууллаа” гэж бичжээ.