“Ярилцах цаг ”-ийн энэ удаагийн зочноор Францын нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Зүүн Азийн хэл шинжлэлийн төвийн судлаач, Хэл шинжлэлийн ухааны доктор Ц. Сайнзаяатай ярилцлаа.
-Та эх орондоо хэзээ ирэв?
-Энэ жил монгол судлалын чиглэлээр хэд хэдэн хурал Улаанбаатарт зохион байгуулагдсан нь их завшаантай хэрэг боллоо.
Наймдугаар сарын эхээр ирж, эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Одоо буцах гэж байна.
-Францын Дорно дахины их сургуульдаа багшилж байна уу, өөр салбар руу шилжсэн үү?
-Францын Дорно дахины их сургуульд найман жил багшилсан. Энэ жилээс Францын нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Зүүн Азийн хэл шинжлэлийн төвд монгол хэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа.
-Эрдэм шинжилгээний хуралд таны тавьсан илтгэл “Хэлний улирал, хувьсал, нутгийн аялгууны бүрдлийн хоорондох харьцаа холбоо” гэсэн сэдэвтэй байсан. Ер нь монгол хэлний өнөөгийн байдлыг та юу гэж дүгнэдэг вэ?
– Монгол хэлийг бусад хэлтэй харьцуулахад харьцангуй хөгжсөн. 1991 оноос харь хэлнээс маш олон зээл үг орж ирсэн. Эхлээд орос үгнүүд зонхилж байсан бол сүүлдээ англи үг олноор бий болсон. Дээр нь орчин үеийн хэрэглээг дагасан үг, хэллэг олширсон. Тэр бүхэн хэлний өөрийн зохицолдоогоор үлдэх нь үлдэж, гээгдэх нь гээгдэж энэ хүрсэн. Энэ бүхнийг хэл мөхлөө, болохоо байлаа гэж дүгнэж болохгүй. Ингэснээр харин ч хэл баяжиж, батжиж, дархлаа бий болдог.
Миний хувьд нутгийн аялгууг судалдаг. Монгол хэлний нутгийн аялгуу мөн хэлийг баяжуулж, батжуулж, дархлааг нь авч явдаг. Гэхдээ хорчин, ойрд, Орост байгаа халимаг аялгуунууд устаж байгаа тал бий. Өөр улсад байгаа нутгийн аялгууны хувьд хөгжил удаан байна. Үүнтэй харьцуулахад, төв аялгуу, монгол хэл илүүтэй хөгжсөн.
Мөн хэл шинжлэлд хуучирсан хэл гэж хэлэх нь ч бий. Хязгаар нутгаар байгаа нутгийн аман аялгуунууд хөгжил муутай, эртний монгол хэлний онцлогоо хадгалж байдгаас тэгж хэлж байгаа юм. Тэгэхээр монгол хэл мөхөж, устаж байна гэж ярьж, бичдэг хүмүүстэй би санал нийлэхгүй.
-Та Франц улсад олон жил ажиллаж, амьдарч байна. Франц хэлтэй монгол хэлийг харьцуулж судлав уу?
-Харь хэлнээс орж ирсэн үгийн тухайд харьцуулбал, франц хэлэнд англи хэлнээс орж ирсэн үг маш олон бий. Англи хэлний зууны 30 хувь нь, зарим тохиолдолд зууны 70 хувь нь франц үгнээс гаралтай гэж хэлдэг. Тэгэхээр англи хэлийг мөхсөн гэж хэлж болох уу.
Монгол хэлэнд гадаад хэлнээс орж ирсэн үг франц хэлэнд байгаа англи үгийг харьцуулахад, франц,англи хэл нэг язгуурын хэл. Гэвч монгол болон англи хэл нь хоёр өөр, адил бус язгуурын хэл. Гэхдээ монгол хэл маш сайн хөгжиж байгаа гэж үздэг. Нэг үеэ бодвол монголчууд эргээд хуучин монгол үгээ сэргээх хандлага гарч ирнэ. Цаг еэ дагасан хандлагууд ол хэлэнд байдаг үзэгдэл, өнгөрөлтийн үе.
-Монгол хэлний үгийн баялаг муудлаа, ялангуяа бичгийн хэлэнд цөөн үгэнд эргэлдэж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ галаар?
-Хэлний баялаг нь үгсийн сан дээр байна, араа нь нутгийн аялгуун ээр яригдана. Нутгийн ялгуу бол Монголын эртний хэл, монгол хэлний хөгжилд, хэлийг баялагжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Бичгийн хэлэнд үгийн баялаг муу хэдхэн үгэнд эргэлдэнэ гэдэг хүмүүс ном, зохиол уншихаа байсантай холбоотой болов уу.
-Монгол хэлний хэрэглээний талаар та юу хэлэх вэ?
-Би гадаадад ажиллаж, амьдардаг болохоор монгол хэлний хэрэглээ, тухайлбал, Францад ямаршуухан байгаа, тэнд хэчнээн хүн энэ чиглэлээр сурч байгааг хэлбэл арай ойр болов уу гэж бодож байна. францад 30-аад жилийн өмнө монгол хэлийг ихээхэн сонирхож байсан. Түүнээс хойш буурсан. Монгол хэл сурч байгаа оюутны тоо цөөрсөн. Одоогоос арав гаруй жилийн өмнө дорно дахины их сургуулийн монгол хэлний салбарт 10-аад оюутантай байсан. Угсаатны зүй судалдаг, түүнийгээ дагаад монгол хэл ихээхэн сонирхдог байсан юм.
Ойрын хэдэн жилд монгол хэл сурах, сонирхох хүний тоо цөөрсөн. Гэхдээ эргээд монгол хэл, хэл шинжлэл, Монголын утга зохиол, түүх сонирхдог залуус олширч байгаа. Тиймээс монгол хэлний хөгжлийн ирээдүй гэрэлтэй байгаа гэж хэлж болно. Цаашид ч монгол хэл сурах залуусын тоо нэмэгдэх байх. Яагаад гэвэл манай Дорно дахины их сургууль өнгөрсөн жил энэ чиглэлээр суралцах 15 оюутантай болсон.
-Бас нэг сэтгэл зовоож байгаа асуудал нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй өсөж байна шүү дээ?
-Энэ олон талын шалтгаантай байдаг. Францад 2,000-гаад монгол гэр бүл амьдардаг гэсэн судалгаа бий. Зарим айлын хүүхдүүд монгол хэлтэй. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Зарим айлын хүүхдүүд монгол хэлээ ойлгоно, ярьж чаддаггүй. Монголчууд Франц улсад 20-оод жилийн өмнөөс очсон. Тэнд ажиллаж, амьдрах зам хэцүү л дээ. Хамгийн гол нь хэлийг нь сайн мэдэхгүй. Энэ тохиолдолд ажил олддоггүй.
Аав, ээжүүд нь ийм зовлонг туулсан учраас хүүхдээ сургуульд оруулахдаа “Миний хүүхэд франц хэлтэй болчихвол дараагийн амьдралд нь хэрэгтэй” гэж боддог байж болох юм. Гэхдээ хүүхэд нь монгол хэлийг ойлгоно. Харин Улаанбаатарт байгаа монгол хүүхэдтэй харьцуулахын аргагүй л дээ. Сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн жил манай сургуульд дөрвөн монгол оюутан монгол хэлээ сэргээх, түүхээ судлах зорилгоор элсэж орж ирсэн.
Тэнд байгаа монголчуудын маань хүүхдүүд монгол хэл, түүхээ сонирхож, энэ чиглэлээр сурах, мэдлэг эзэмших тоо цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад дахь өвөрмонголчуудын хувьд бас бэрхшээл байдаг. Хятад хэлээ сайн сурахгүй бол ажил, албанд авдаггүй. Иймээс хүүхэд, залуус монгол хэлээ сурах, судлахыг хойш тавьдаг. Зарим нь хэлээ мартдаг. Гэхдээ монгол хүн юм чинь “Би хэн бэ” гэдэг асуулт үргэлж өөрт нь тавигддаг. Тиймээс эх хэлээ мэдэх, сурах нь чухал.
-Хэдий Францад байгаа ч та тэнд монгол хэл, соёлоо сурталчилж, нутгийн аялгууны талаар харьцуулсан судалгаа хийж байгаа юм байна. Түрүүнд цухас дурдсан орчин үеийн хэрэглээ дагасан хэлний үзэгдэл, өнгөрөлтийн талаар ажигласан зүйлүүдээ жаахан тодруулна уу?
-Энд маш олон юм байгаа, наад зах нь зөв бичихээс эхлээд. Интернеттэй холбоотой сошиал орчин түлхүү хөгжиж, хэрэглээ дагасан өөрчлөлтийн нөлөө монгол хэлэнд их байгаа. Тухайлбал, латин үсгээр бичдэг нэг үе хүртэл гарч ирсэн байх жишээтэй. Энэ бол цахим талбар, гар утас, компьютерийн хэрэглээ дагасан үзэгдэл. Францад ч ийм байгаа.
Гар утас, чат, мессенжерт латин үсгээр бичиж байна. Монголчууд дөхөмчлөөд үг биш, хоёр үсгээр, тухайлбал, “sn” гэж бичээд “сайн”, “bn” гэж бичээд “байна” гэж ойлголцоод байдаг бол францууд утгыг нь хардаг.
-Францад хэлний хууль болон төрөөс баримталдаг бодлогодоо энэ талаар ямар зарчим баримталдаг юм бол?
-Францад өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдийн дунд хэлний мэдлэгээр шалгаруулалт явуулдаг болсон. Яагаад гэвэл, оюутнууд их, дээд сургуулийн босгоор алхаж орж ирсэн ч олонх нь зөв бичиж чадахгүй байгаа. Тиймээс Франц улс төрийн бодлогоороо зохицуулалт хийж байна.
Монголд ч бас сүүлийн жилүүдэд монгол хэлний шалгалтыг гол болгож байгаа нь сайн талтай. Ер нь бид цахим орчин, сошиал ертөнцөөс мэдээлэл авч болно. Түүгээр ирж байгаа мэдээлэл ямар ч саадгүй, маш хурдтай байдаг ч хэл зүй, утга зүйн талаас сайтар нягтлаагүй байх нь элбэг. Тэр нэг юм бичнэ, би ч мөн нэгийг бичнэ.
Дээхэн үед ном, сэтгүүл, хэвлэл мэдээлэлд тавих шалгуур нарийн байсан. Хэд хэдэн удаа уншиж байж чанартай бүтээлүүд гаргадаг байсан. Зөв бичих, утга найруулгын талаас сайтар нягталдаг. Бид тийм материалууд уншдаг байсан. Тэр хэрэглээг дагаж зөв бичих, найруулах байдал хэвшиж байсан. Цахим орчныг дагаад энэ байдал суларсан. Дээрээс нь хэлний хяналт байхгүй. Хэн ч яаж ч бичиж болдог, чөлөөтэй болчихсон.
-Та харь оронд эх хэлээ судалж, сурталчилж, бусдыг уриалж яваа эрдэмтэн, багш хүн. Эх хэлээ хамгаалж, хөгжүүлэх талаар монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Хэлний том эрдэмтэд, багш нар маань ном зохиол сайн унш гэж хэлдэг байлаа. Номыг хүн хоёр янзаар уншдаг. Нэгдүгээрт, олон ном уншчихдаг хүн байна. Энэ хүн уншсан зүйлээрээ биеэ хуягладаг. Хоёрдугаарт, мөн олон ном уншдаг ч түүнээс өөрийн билгийг нээх зорилго тавьдаг хүн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, уран зохиолын нэг ном уншлаа гэхэд түүнээс дотоод сэтгэлдээ баялаг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэр хүний бодож байсан боловч гаргаж хэлж чадахгүй байсан үг өгүүлбэр, санаа тэнд байна. Ингэж ном уншихаар дамжуулан өөрийн билгийг нээх нь ном уншихын эцсийн зорилго байх гэж би боддог.
Эсвэл мянган ном уншиж өөрийгөө номын сан шиг болгочхоод дотоод билиг чадлаа нээгээгүй байвал зүгээр нэг хураалгатай номтой л адил. Тиймээс хүүхэд, залуустаа хандаж хэлэхэд, ном их унших хэрэгтэй. Манай залуус интернетийн хөгжлийг даган баясаад “Бид нэг үеэ бодвол дэлхийтэй ойр боллоо. Дэлхий бараг бидний хоёр гар доор байна. бүх юмыг мэдэж болно” гэдэг. Хэцүү зүйл нь энд маш их мэдээлэл байгаа ч аль нь зөв,буруу, аль нь өөрт зохих, зохихгүй гэхчлэн ялгахад бэрх. Бурууг дагавал буруу болчихно.
Цахим орчин сэрж байгаа цагт өндөр хяналтаар гарч ирсэн мэдээлэл ховор. Хэн ч тэнд бичиж болно. Судалгаа, шинжилгээний материал бичиж буй хүн хэзээ ч тэндээс тоо, баримт авч болохгүй. Тэнд шинжлэх ухааны үнэ цэнэ дутмаг. Тиймээс залуучууд цахим орчинд найдаж, бүхнийг мэдчихлээ гэх нь учир дутагдалтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин