“Утасны анд” энэ удаад К2буюу “Алуурчин ууланд” амжилттай авирч эх орныхоо далбааг байрлуулаад ирсэн гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаатай холбогдлоо.
–Сайн явж ирэв үү. Та “К2” оргилд гарсан анхны монгол уулчин боллоо?
-Сайн явж ирлээ. Уулчин бүхний мөрөөдөл болсон энэ ууланд гарсан анхны монгол уулчин болсондоо сэтгэл хангалуун байна. “К2” миний олон жилийн мөрөөдөл байсан. Уулчдын чансаа, тэсвэр тэвчээрийг сорьсон, дэлхийн хоёр дахь ноён оргил болсон ууланд мөрөө үлдээнэ гэдэг уулчин миний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байлаа.
-“К2” оргил тэр чигээрээ эрсдэл. Магадгүй тэгээд л “Алуурчин” гэж онцолдог байх?
-“K2” ууланд уулчид 60 гаруй жил тасралтгүй авиралт хийж байна. Гэвч 337 хүн л оргилд нь гарсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс 80 гаруй нь эргэж гэртээ хариагүй. Тэгэхээр таны хэлдгээр жинхэнэ эрсдэл. Олон улсын уулчид Эверестэд жилдээ таван удаа аврилт хийдэг бол “К2”-ийг жилд ганцхан удаа л зорьдог.
–Эмэгтэй уулчдын хувьд бас л чанга даваа?
-Одоогийн байдлаар тус оргилд 18 эмэгтэй уулчин гарсан гэх мэдээлэл байдаг. Саяны авиралтаар надтай нийлээд зургаан эмэгтэй оргилд нь мөрөө үлдээлээ. Эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү ч уулчин, тамирчин хүний хувьд заавал давах хамгийн том сорилт юм.
–Та олон улсын авиралтын багт багтаж явсан. Ямар орны уулчидтай оргил булаацалдав?
-Энэ жил нийт таван баг авиралт хийхээр цугласан. Манай багийн хувьд найман орны 10 уулчинтай. Үүнд Хоёр Япон, хоёр Хятад, Монгол, Швейцарь, Белги, Мексик, Ирланд, Непалийн уулчин багтсан. Мөн нэг бахархам үйл явдал болсон нь манай баг нэг өдөр хамгийн их буюу 34 хүн “Алуурчин” оргил дээр зогссон рекорд амжилтыг тогтоосноор уулын спортын түүхэнд нэрээ мөнхөллөө.
–Авиралт хийхэд цаг агаар хамгийн чухал. Энэ жил “К2” орчим их таатай байна гэж мэдээлж байсан?
-Цаг агаарын хувьд эхлээд таатай байсан. Харин авиралт хийх явцад цас нэлээд орсон. Биднийг гуравдугаар байршилд очсоны дараа цасан шуургатай, олс тавих боломжгүй болсон тул аврилт хийх боломжгүй, буцаад буу гэж холбоогоор мэдэгдсэн.
–Тухайн үед юу бодогдож байв?
-Үнэхээр хар мэдээ байсан. Манай багийн зарим уулчид буухаар ачаагаа бэлдэж эхэлэхэд манай багийн ахлагч байдлыг шалгахаар дөрөвдүгээр байршил руу авиралт хийгээд бууж ирэхдээ ямар ч асуудалгүй гарна гэж хэлсэн. Хамгийн эхэнд надаас “Гангаа чи дээшээ гарах уу, доошоо буух уу” гэхэд нь би “Доошоо буух гэж ирээгүй дээшээ л гарна” гэж хариулсан. Миний хувьд хоёр удаа өндөр авалт хийсэн. Эхлээд 6000 дээр очиж хоёр өдөр амарсан. Дараа нь 6800 дээр дахин амралт өгөөд оргил руу зүтгэсэн.
–Оргилд гарахаасаа буух нь эрсдэлтэй гэх юм билээ?
-Авирахаасаа буух нь эрсдэл дагуулдаг. Миний хувьд аюулгүй байдлаа бодоод буухдаа дөрөвдүгээр байршил дээр хоносон. Учир нь биднийг буух явцад цас их орсон.
–Нэг уулчин амиа алдсан гэсэн мэдээлэл байсан?
-22-ны өдөр бидний араас Америк болон Японы уулчид оргилд амжилттай гарсан юм. Харин буухдаа Японы уулчин харамсалтайгаар амь эрсдсэн гэсэн мэдээлэл ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин