Өнгөрсөн Бямба гарагт Сөүл хотын төвд хэдэн арван мянган охид бүсгүйчүүд улаан өнгийн хувцсаар ижилсэж, “Шоовдорлогсод” (Les Miserables) киноны дууг дуулцгаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Хуульд нууц камерын бичлэг үйлдсэн этгээд 50,000 воны торгууль хүлээдэг нь хэтэрхий бага, билэгдлийн төдий шийтгэл гэж тэмцэгчид үзэж байна. Тэмцэгчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс “фэминист ерөнхийлөгч байх” сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаарджээ.
Гванхвамуны талбайд болсон уг арга хэмжээнд 70,000 орчим эмэгтэй оролцож, нууц камераар бичлэг хийж онлайн орчинд тараах гэмт хэрэгтэй хатуу тэмцэхийг засгийн газраасаа шаардсан байна. Тэд “Бид хоёрдугаар зэрэглэлийн иргэн байхыг тэвчихгүй”, “Бидний амьдрал та нарын үздэг порно биш” гэх зэрэг уриа барьсан байв.
Солонгос хэлээр “молка” гэж нэрлэдэг нууц камерын бичлэг нь тус улсын интернэт орчинд насанд хүрэгчдийн видео агуулгын нэг шинэ төрөл болоод байгаа. Эрчүүд нийтийн бие засах газар, зочид буудал, хувцас солих өрөө зэрэгт нууц камер байрлуулах, метроны урсдаг шатны доод талаас хормой доогуур бичлэг хийх зэргээр эмэгтэйчүүдийн дүрсийг буулгаж авснаа интернэт орчинд тарааж мөнгө олдог болоод байгаа юм.
Бүсгүйчүүд ийм дүрс бичлэгийг үйлдсэн, тараасан, борлуулсан, үзсэн бүх этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ. Өмнөд Солонгост жил бүр нууц камераар бичлэг хийсэн 6,000 гаруй хэрэг бүртгэгддэг. Хохирогчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг бол үйлдсэн хүмүүс нь бараг 100 хувь эрчүүд байдаг аж. Гэмт хэрэг үйлдэгсдийн дөнгөж 3 хувийг л илрүүлж, баривчилдаг тухай Үндэсний Цагдаагийн Газрын тоо баримтад дурдсан байна.
Сая болж өнгөрсөн тэмцэл нь Өмнөд Солонгост болсон дөрөв дэх ийм арга хэмжээ юм. Оролцогчдын тоо нь тавдугаар сард болсон анхны жагсаалаас хойш олон дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Korea Times