Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвд “Гемодиализ эмчилгээний техник, технологи, эмчилгээний дэвшил” сэдэвт Монгол, Японы бөөр, гемодиализын эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан уулзалт семинар болсон юм. Семинарт 21 аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн болон Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлгийн эмч, ажилтнууд оролцов.
Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ болон хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй бөгөөд манай улсад аль алийг нь хийж буй. Тодруулбал, 2006 онд бөөр шилжүүлсэн бол гемодиализ эмчилгээг 1970, хэвлийн диалазыг 2014 оноос эхлүүлжээ. Бөөр орлуулах эмчилгээний талаар УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч, Монголын Нефрологийн нийгэмлэгийн тэргүүн Д.Хурцбаяр, Японы цус цэвэршүүлэх нийгэмлэгийн дарга, Анагаахын шинжлэх ухааны “Китасато” их сургуулийн профессор Кеничи Кокүбо нартай ярилцлаа.
Д.ХУРЦБАЯР: УНЖСАН БӨӨР ҮРЭВСЭЖ,
НЯН АМАРХАН ҮРЖДЭГ
КЕНИЧИ КОКҮБО: ДИАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭГ БАГИЙН
АНАГААХ УХААН ГЭЖ НЭРЛЭДЭГ
-Манай улсад бөөрний өвчлөл ямар байна вэ?
-Цаг агаарын эрс тэс нөхцөл бөөр өвчлүүлэх шалтгаан болдог. Манай улс өндөр уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд даралт ихсэх, хотжилт, стрессээс үүдсэн чихрийн шижингийн өвчлөл их. Эдгээр нь бөөрний дутагдалд хүргэдэг. Мөн бөөрний тэвшинцэр, түүдгэнцрийн өвчин нь дутагдалд хүргэнэ. Ийм өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн нь тусламж, үйлчилгээ сайжирсантай холбоотой.
Диализын аппарат байхгүйгээс орон нутагт эмчилгээ хийлгэж чадахгүй нас барах тохиолдол цөөнгүй байсан. Улсын хэмжээнд бөөрний өвчтэй төчнөөн хүн бий гэсэн нарийн судалгаа байхгүй ч халдварт бус өвчлөлийн гуравдугаарт ордог. Нэгдсэн тоон мэдээ гаргахад их хөрөнгө зарцуулах учраас эмч нар ажлынхаа хажуугаар л өвчтөний судалгаа хийдэг юм. Диализын уусмалын чанарыг сайжруулахын тулд бүх өвчтөний шинжилгээний хариуг судалсан.
-Бөөрний архаг дутагдлын үед л диализ буюу орлуулах эмчилгээ хийнэ биз дээ?
-Бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед энэ эмчилгээг хийдэг бөгөөд эмгэгийг эмчилдэггүй. Диализ эмчилгээ нь гемодиализ болон хэвлийн диализ гэсэн үндсэн хоёр төрөлтэй, тэдгээр нь бөөрний үйл ажиллагааг орлон гүйцэтгэдэг. Тусгай найрлага бүхий шингэнээр биеэс давс, хорт бодис, илүүдэл шингэнийг гадагшлуулах бөгөөд хэрэгтэй элементийг зохих хэмжээнд үлдээдэг юм. Бөөрний өвчний эцсийн шат нь архаг дутагдал.
Энэ үед гурван төрлийн эмчилгээ хийдгийн нэг нь диализ. Эмчилгээ нэвтрүүлсэн эхний жилүүдэд диализын ганц, хоёрхон аппараттай байсан бол одоо Говьсүмбэрээс бусад бүх аймаг, улсын болон дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ч ийм аппараттай болсон. УНТЭ-ийн Бөөрний төвд эл аппарат 30 гаруй бий. Манай улс богино хугацаанд бүх л эмнэлгээ ийм аппараттай болгож, эмч, сувилагчаа сургаж чадлаа.
Гэхдээ эл мэдлэгийг илүү гүнзгийрүүлэх, зөвхөн эмч, сувилагч гэлгүй, техникч, инженерийг сургах хэрэгтэй. Бүгдийг нь гадаадад явуулж, сургах төсөвгүй учраас япончуудтай харилцаа тогтоон, мэргэжлийн баг хамт олныг урьж сургалт, семинар явуулж байгаа юм. Нийслэлийн болон орон нутгийн 100 гаруй эмч, сувилагч, инженер, техникийн ажилтан оролцож байна.
-Энэ эрхтэн өвдсөнийг илтгэх гол шинж тэмдэг юү вэ?
-Бөөрний өвчин дотроо олон төрөл. Тэвшинцрийн өвчин гэхэд нуруугаар өвдөж, даралт ихсэж, хөл хавагнадаг. Гэхдээ ийм шинж илэрдэг өөр олон өвчин бий. Нуруу өвдвөл л бөөр гэж ойлгох нь өрөөсгөл. Бөөрний түүдгэнцрийн үрэвслийн үед ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Шинжилгээ өгч байж л үрэвссэн, эсэхийг мэднэ. Зарим тохиолдолд даралт ихсэж, хавагнан, шээс цустай гардаг. Бөөр далд хэлбэрээр өвчилж, нэг мэдэхэд л дутагдалд орох аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, албан байгууллагууд ажилчдаа нэгдсэн шинжилгээнд оруулах хэрэгтэй. Өөрчлөлттэй гарвал мэргэжлийн эмчид хандаарай. Бөөрний дутагдал мэдэгдэхгүй явсаар эцсийн шатандаа ордог.
-Илрүүлэх эхний алхам нь шээсний шинжилгээ юү?
-Тийм ээ.
-Архаг дутагдлын үед хоёр бөөр хоёулаа ажиллагаагүй болох уу?
-Нэг бөөр нь ажиллагаатай бол эрүүл хүн шиг амьдарч чадна. Гэвч хоёр бөөр бүтцийн эргэшгүй өөрчлөлтөд орсны улмаас дутагдал үүсдэг.
-Ус их хэмжээгээр уух нь бөөрөнд сайн гэдэг ч зарим нь эл эрхтэнд ачаалал өгдөг гэх юм. Үүнийг тодруулахгүй юу?
-Бөөрний нэг үүрэг нь ус, эрдсийн солилцоог зохицуулдаг. Уг эрхтнийг өвчлөхөөс сэргийлэхийн тулд ус сайн уух хэрэгтэй. Өдөрт 2-3 литр ус нэг дор их хэмжээгээр бус, бага багаар уух нь зөв. Унтахаас хоёр цагийн өмнө шингэн зүйл уух шаардлагагүй. Харин бөөрний өвчин сэдэрсэн, хавагнасан үед ус ихээр уух хэрэггүй.
-Өрөөсөн бөөрийг нь суналттай гэж оношилсон ч хүмүүс тоохгүй яваад байдаг юм билээ. Эрүүл бөөрөндөө нөлөөлөх үү?
-Бөөр нь өөхөн гадаргуутай, сул байдаг эрхтэн. Доргих болон огцом турснаас бөөр доошлох магадлалтай. Ихэвчлэн баруун талын бөөр сунах гээд байдаг. Тэр үед нь даруулга хэрэглэж, засаж болно. Хэт доошилсон бол мэс заслын аргаар сойдог. Ингэж унжсан бөөр үрэвсэж, нян амархан үржин, тэвшинцрийн үрэвсэл болох эрсдэлтэй. Нөгөө бөөрөндөө нөлөөлөх тал бий.
-Бөөрний өвчлөл нь дотроо олон төрөл гэж та хэлсэн. Тэдгээр нь хүний нас, хүйстэй холбоотой юу?
-Тэвшинцрийн үрэвсэл эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бол түүдгэнцрийн үрэвсэлд эрчүүд, өсвөр, идэр насны залуус өртөх нь түгээмэл. Даралт ихсэх, чихрийн шижингийн өвчлөлийн эцсийн шат нь бөөрний архаг дутагдлаар илэрдэг. Чихрийн шижингийн өвчтэй хүн 15-20 жилийн дараа бөөрний дутагдалд орох магадлалтай. Дутагдалд орохоос өмнө шээсээрээ уургаа алдаж, даралт нь ихэсдэг.
-Эл өвчнийг эцсийн шатанд орохоос өмнө эмчлэх ямар арга байна?
-Өвчнөө хэр хүндрүүлэх нь тухайн хүнээс шалтгаална. Сард нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүл. Өвчин нь архагшсан бол 20 жилийн дараа дутагдалд орох эрсдэлтэй. Ойр ойрхон сэдрээхгүй байвал дутагдалд орохгүй. Эм уух, дэглэм барих гээд хувь хүнээс шалтгаалах зүйл маш их. Диализын эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даадаг.
-Диализ эмчилгээг долоо хоногт гурван удаа хийдэг. Эмчилгээний явцад элэгний В, С вирусийн халдвар дамжих эрсдэлтэй юү. Аппаратыг тухайн өвчтөнд нь тохируулж ангилж хэрэглэдэг үү?
-Элэгний вирустэй хүмүүсийн хэрэглэдэг аппаратыг тусад нь ялгадаг. Гэхдээ маш өндөр хэмжээнд ариутгадаг учраас аюулгүй. Тухайн өвчтөний цус аппарат руу орохгүй, зөвхөн гуурсаар л урсдаг. Гуурс нь нэг удаагийнх. Тиймээс аппаратаар дамжин вирусийн бус нянгийн халдвар гарах тохиолдол бий. Аль болох халдвар гаргахгүйн төлөө ажиллаж байна. Манай улсад 660 гаруй хүн диализын эмчилгээ хийлгэдэг. Энэ нь Япон улстай харьцуулахад өндөр тоо.
-Бөөрний өвчин урагт дамжих уу. Ийм өвчтэй байгаад жирэмсэлсэн эмэгтэй бөөрний дутагдалд орох аюултай юу?
-Бөөрний өвчтэй эмэгтэй жирэмслэхэд тэр нь сэдэрч, дутагдалд орох эрсдэлтэй. Жирэмсний хугацаанаас хамаарч эхний ээлжинд эх, ургийг хоёуланг нь аврахыг зорьдог. Төрж чадахгүй, хүндрэл гарвал эхийг аврахын тулд жирэмслэлтийг тасалж болно. Ер нь бөөр өвддөг бол төрөх, эсэхийг жирэмсэн болохоосоо өмнө төлөвлөх, мэдэх хэрэгтэй. Бөөрний уйланхай удамшина. Эх нь түүдгэнцрийн үрэвсэлтэй бол хүүхэд өвчлөх магадлалтай ч шууд дамжина гэсэн ойлголт байхгүй. Бөөрний өвчин аль шатанд байгаагаас хамаарч тухайн эмэгтэйд гарах эрсдэл өөр.
-Хавдартай хүн диализын эмчилгээ хийлгэж болох уу?
-Бөөрний хавдар харьцангуй цөөн тохиолддог. Гэвч Бөөрний мэс заслын тасагт ийм өвчтэй хүн цөөнгүй ирж байна. Хавдартай хүн диализын эмчилгээ хийлгэж болно. Үсэрхийлээгүй бол нөгөө бөөр нь ажиллагаатай байдаг. Манайхан бөөр солиулна гэж ярьдаг ч солиод авчихаж байгаа юм биш, нэмж нэг бөөр тавьдаг юм.
-Та бүхэн Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаагийн сургалтын гол зорилго юу вэ?
-Олон мэргэжилтний тусламжаар диализ эмчилгээг чанартай хийдэг. Тиймээс эмч, сувилагч, био анагаахын инженер, техникч гээд олон хүн авчирч, диализын эмчилгээний онолын болон дадлага сургуулилалт явуулж байна. Бөөр биеэс хортой бодис, ус гадагшлуулах үндсэн үүрэгтэй.
Ямар нэгэн эмгэгийн улмаас бөөр хортой бодисыг гадагшлуулж чадахгүй, эсвэл гаднаас хортой бодис орсноор гэмтэн, ажиллагаагүй болдог. Үүний улмаас нэг долоо хоногоос сарын хугацаанд амиа алдах ч аюултай. Эм, тариа хэрэглээд өвчин эдгэрдэг бол бөөрний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөнийг амьдруулахад маш олон хүний оролцоо шаардлагатай. Дээр дурдсан мэргэжилтнүүдээс гадна хоол тэжээл, физик эмчилгээний тусламжаар цогц үйлчилгээ бий болдог.
-Японд бөөрний өвчлөл ямар байдаг вэ?
-320 гаруй мянган хүн диализын эмчилгээ хийлгэж байна. Тэд долоо хоногт гурван удаа ийм эмчилгээнд ордог.
-Энэ эмчилгээний үед цусаар халдварлах элдэв өвчин, вирус, нян дамжих эрсдэлтэй. Ариутгалын асуудалд хэрхэн анхаардаг вэ?
-Маш чухал асуулт байна. Би диализын аппарат ажиллуулдаг инженер хүн. Багаар ажиллах энэ үйл явц Японд 30-40 жилийн өмнө бий болсон. Японы эмч, диализын машины инженер хамтран ажиллаж, одоогийн түвшинд хүрсэн. Эмч, мэргэжилтний хамтын ажиллагаа, халдваргүйжүүлэх ажил маш чухал.
Эмч өвчтөнөө үзэж, эл эмчилгээг хийх, эсэхийг шийддэг бол инженер нь эмч, сувилагч, техникчтэй ажиллах зангилаа болдог. Техникч машин зөв горимоор ажиллаж байна уу, урсгал, хурд, тохиргоо нь зөв үү, цаашид хэвийн ажиллах аюулгүй байдлыг хянадаг. Аппаратын шингэн хүний бие рүү нэвтэрч буй учир нян, вирусийн халдваргүй, бохирдолгүй, цэвэр байх ёстой. Энэ үйл явцыг маш сайн хангаж ажиллахгүй бол эргээд нөгөө хүнээ хордуулна.
Бид монгол эмч, ажилтнуудад машиныхаа цэвэр байдлыг хэрхэн хангах, нянгийн бохирдлыг яаж шалгах вэ гэсэн сэдвээр лекц уншиж, дадлага хийлгэлээ. Техникийн асуудлаас гадна хоёр дахь чухал зүйл баг хамт олон. Диализын эмчилгээг багийн анагаах ухаан гэж нэрлэдэг. Өвчтөний амьдралын чанар, оношлогдсоноос хойш хэр удаан амьдрах вэ гэдэг багийн бүх гишүүний хамтын ажиллагаанаас хамаардаг юм.
-УНТЭ-т эмнэлгийн инженер, техникийн ажилчдын нөөц, хүн хүч хэр хангалттай гэж та дүгнэж байна. Ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би Зүүн өмнөд Азийн орнууд болох Мьянмар, Вьетнам, Камбож зэрэг улсад ажилласан. Бүгд л Монголтой адил хөгжиж буй орнууд. Гэвч эмнэлгийн инженер дутагдалтай. Монголын нэг сайн тал инженерүүд нь эмч нартайгаа хамтран ажилладаг юм байна. Энэ нь диализын эмчилгээ цааш хөгжихөд их түлхэц болно. Япон болон Монголын эмч, инженерийн тухайд мэдлэгийн ялгаа бий.
Тухайлбал, Японд нэг хүн ийм аппаратад орлоо гэхэд инженер машинынхаа үйл ажиллагаанд анхаарахаас гадна натри, калийн концентрац нь ямар байдаг, түүнийг өөрчилбөл тухайн өвчтөнд яаж нөлөөлөх зэрэг өвчний талаарх мэдлэг сайтай. Үүнийг Монголын био анагаахын инженер нарт зааж сургах нь чухал.
-Бөөр шилжүүлэн суулгах мэс засал Японд хэр хөгжсөн бэ?
-Бөөрний дутагдал эцсийн шатандаа орсон үед эмчилдэг гурван үндсэн аргын нэг нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Би эмнэлгийн инженер хүн учраас диализын аппаратыг яаж сайжруулах уу, яавал хүндээ илүү үр нөлөөтэй вэ гэдэгт анхаарч ажилладаг. Тухайн хүний биеийн онцлогт тохируулан эмчлэх учраас эдгээр гурван аргын нэг нь нөгөөгөөсөө илүү гэж хэлж мэдэхгүй.
Японд шашин болон бусад шалтгаанаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал маш ховор хийгддэг. Олонх нь диализын эмчилгээнд ордог. Ажлын онцлог, цаг завгүй байдлаас шалтгаалж зарим өвчтөн хэвлийн диализ хийлгэдэг юм. Хэвлийн диализ хийлгэсэн хүн диализ эмчилгээнд орсон хүнээс амьдрах хугацаа нь арай богино. Яагаад гэхээр энэ эмчилгээний үед хүндрэл их гардаг.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин