Хятадын дээд зиндааны хамба лам, Буддын шашны тэргүүнийг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогджээ. Бээжингийн ойролцоох Лончуань хийдийн хамба ламыг гомдлын дагуу шалгаж эхэлсэн аж. Түүнийг Шуэчэнь гэдэг. Энэ ламтан Вэйбо сошиал сүлжээнд сая гаруй дагагчтай, Хятадын Буддистуудын Холбооны тэргүүн, Хятадын Коммунист Намын улс төрийн зөвлөлийн гишүүн юм.
Лончуань хийдэд шавилан суудаг байсан хоёр лам хамбынхаа эсрэг 95 хуудас гомдол ирүүлсэн нь саяхан Хятадын сошиал сүлжээнд тарсан байна. Тэрбээр гэлэнмаа нар руу садар самуун үгтэй мессэж бичихдээ биеэр ойртон “ариутгах” санал тавьж, энгэр зөрүүлэхийг шашны номонд зөвшөөрсөн байдаг хэмээн ятгаж байсан гэдгийг гэрчилжээ. Харин тус хийдийн захиргаанаас гомдол гаргасан лам нарыг худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган шүүхэд өгөхөө амлажээ.