Зүрхэндээ эмгэгтэй төрсөн бяцхан охины хагалгааг Монголд хийх боломжгүй тул АНУ-ын Колорадо муж улсын Денвер хотын “Rocky Mountain Hospital for Children” эмнэлэгт хийхээр болжээ. Уг мэс ажилбар энэ долоо хоногт болох юм.
Охины ээж М.Нарангаравын хэлснээр, охин амьсгалахад бэрх, мөн их хөлөрч уйлдаг байна.
Хүүхдийн зүрхний мэс заслын эмч Стив Леонард, “Сарана охин зүрхний эмгэгтэй байна, түүний зүрхэнд нүх байгаагийн улмаас хэт их цусны урсгал уушгинд орж, зүрхний архаг дутагдал үүсгэж байна. Нас нь бага энэ үед мэс засал хийвэл охин эдгэрнэ” гэжээ.
Мөн тэрбээр, энд охины зүрхний эмгэгийг бүрэн эмчилж, охин эрүүл саруул гэртээ харьж, энгийн амьдралаар амьдрах болох тухай ч хэлсэн байна. Энэхүү мэс заслын бүх зардал 100 мянга гаруй доллар болох ажээ. Ийм сайхан мэдээ сонссон охины гэр бүлийнхэн маш баяртай, итгэл найдвар дүүрэн байна.
Түүний нислэгийн зардлыг “Samaritan’s Purse” олон улсын тусламжийн байгууллага төлсөн байна. Одоогийн байдлаар охин ээж болон орчуулагчийн хамт тус хотод айлд байрлаж байгаа аж.