Түрээсийн дугуйг иргэд “өөрийн өмч” мэт ашиглах тохиолдол нэмэгджээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Сайныг дагаад саар гэгчээр зарим иргэд дугуйг хулгайлах оролдлого хийх болсон. Тодруулбал, өдөрт 3-4 дугуй хулгайд алдагдах, эсвэл хулгайлах оролдлого гардаг, мөн 6-7 дугуй эвдэрдэг гэнэ.
“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням өнөө хэдэн дугуйныхаа араас “хөөцөлдөж”, цуглуулсаар өдрийг өнгөрөөх болж. Тэрбээр “Битгий эвдэл, битгий хулгайл. Зогсоолдоо тавиарай” хэмээн иргэдээс хүснэ.
Зарим нь бүр гэртээ унаж хариад, өглөө ажилдаа унаж ирэх зэргээр “өөрийн өмч” мэт ашиглах тохиолдол ч гарчээ. Тухайлбал ХУД, Зайсангийн “Оргил” супермаркетын замын эсрэг талын “Оргил стар” хотхоны үүдэнд түрээсийн дугуй 2-3 хоносон бөгөөд түрээсэлж авч явсан “нөхөр” өглөө ажилдаа явахдаа унаад, орой гэртээ унаж харих маягаар өөрийн юм шиг хэрэглэжээ.
Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно.
Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг маш тодорхой, энгийнээр, хэн ч уншаад ойлгохоор түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулжээ. Гэтэл үүнийг уншаагүй, эсхүл ойлгоогүй юу дугуй түрээслэсэн зарим нөхдүүд хүссэн газраа орхичихдог.