Ирэх аравдугаар сард товлогдоод буй УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд МАН бэлтгэл ажилдаа оржээ. Энэ сарын 1-нд хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дотоод зөрчил, маргаанаа цэгцлэх олон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ илгээжээ. Товчхон өрнөсөн хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэн, наймдугаар сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцсанаар өндөрлөсөн бололтой. Уг нь улс төрийн ёсзүй, соёл гээд ярьвал МАН-д дахин сонгуульд оролцох нүүр бий гэж үү?
42 дугаар тойргийнхон хэнийг нь ч мэдэхгүй аавын хүүг сонгож маш том итгэл хүлээлгэсэн ч ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын нэр хүндийг унаган, сонгогчдын итгэлийг уландаа гишгэсэн хийгээд “60 тэрбум”-ын асуудал одоо ч хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дэгдсэн уг асуудлыг орхиж, эв нэгдэлтэй байх нь чухал байна гэсэн байр суурийг гишүүдийн олонх нь илэрхийлсэн гэх мэдээлэл байна.Харин өнгөрсөн удаад “60 тэрбум”-ын асуудлаар нэлээд улстөржсөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг дахин хөндөнө гэснээрээ буланд шахагдсан бололтой