Энэ эрхэм хүнийг Монголын утга зохиолын тэнгэрт үргэлжилсэн үгийн зохиолуудаараа бусдаасаа тод гялалзаж яваа нэг том “од” хэмээн тодотгож болно. Ерээд оны уншигчдын сайн мэдэх “Чонын алтан шагай” романы зохиогч түүний “Монголын мэдээ”, Өнөөдрийн монгол”, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгчээр ажиллаж, сэтгүүл зүйн салбарт байлдан дагуулж явсан он жилүүдийг нь ч дурдахгүй өнгөрч болохгүй.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш, доктор, профессор, МУСГЗ тэрээр үргэлжилсэн үгийн “мастер” гэгдээд зогсохгүй Монголын яруу найргийн ертөнцөд ч мөн адил өөрийн авьяас билгийг мөнхөлсөн нэгэн юм. Түүхэн романыг хам хум, хурдан түргэн бичнэ гэдэг чинь өөрөө түүхийн өмнө үйлдэж байгаа гэмт хэрэг Та Төрийн шагналд нэр дэвшсэн “Цагаагчин гахай жил” романаа бичихийн тулд тухайн үйл явдлууд болж өрнөсөн бүх газарт нь очсон.
Гэтэл одооны зохиолч нар гэртээ халуун цайгаа ууж суугаад зохиол бичдэг болчихож? “Цагаагчин гахай жил” бол зохиогчийн шандасыг шалгах хэмжээний роман болсон. Бид нар дээхнэ үед М.Шолохов, Л.Толстой гээд Оросын уран зохиолын аваргуудыг уншиж, эх орныхоо Д.Намдаг, Ч.Лодойдамба гээд томчуудтай танилцаж байлаа. Тэгвэл энэ хүмүүс чинь уран зохилыг жинхэнэ амьдруулдаг хүмүүс байж.
Амьдралын гүнд орж, судалж бичдэг мундаг зохиолч нар гэж хэлж болно. Үйл явдалд нь өөрөө оролцоогүй мөртлөө оролцсон юм шиг л бичиж, туурвидаг хүмүүс байжээ. Түүхэн романыг хам хум, хурдан түргэн бичнэ гэдэг чинь өөрөө түүхийн өмнө үйлдэж байгаа гэмт хэрэг. Би “Цагаагчин гахай жил” романаараа Монголын утга зохиолд уран сайхны цоо шинэ дүрүүдийг бий болгосон гэж бодож байгаа.
Судлаач, шүүмжлэгчид ч ингэж хэлдэг. Тухайлбал Жамсран гээд хувилгааны дүр байна. Энэ дүр бол асар их эрдэм номтой мөртлөө буруу гэхэд буруу биш, зөв гэхэд зөв биш зам туулж яваа хүн юм. Нэг ёсны тухайн үеийн улс төрийн хүчнүүдийн дунд туршуул маягтай явдаг хүн л дээ. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалыг Чингисийн шууд удмын ван, гүн, бэйл, бэйс, хамба хувилгаанууд хийсэн гэдгийг мартаж болохгүй.
Дээр нь жирийн ардуудын оролцоо байсныг ч хэлэх хэрэгтэй. Монгол улс Чингис хаанаас хойш бага хаадын үеийг туулаад тэрнээс цааш үндсэндээ тусгаар улс биш болсон. Манжийн эрхшээлд 200 жил болсны эцэст 1911 оны хувьсгалтай золгосон түүхтэй. Романаа бичихийн тулд би маш их судалгаа хийсэн. Түүхэн роман бичиж байгаа хүн амьд түүхийг их судлах хэрэгтэй болдог. Ингэхийн тулд тухайн үйл явдлууд өрнөсөн газар орныг нь үзэх хэрэгтэй л дээ. Тиймээс гурван улсын хэлэлцээ болсон Буриадын Хиагтаас эхлээд Энэтхэг, Түвд, Өвөр Монгол, за тэгээд Барон жанжин цэрэгтэйгээ орж ирсэн Онон голын дагуух олон газраар хэсч явсан. Ингэж явахдаа ёстой нөгөө өлсөх газар нь өлсч, мөлхөх газар нь мөлхөх хэрэгтэй болсон.
Зохиолч, уран бүтээлч хүн хамартаа баас түрхсэн юм шиг явж байж уран бүтээлийн судалгаа хийнэ гэж байдаггүй юм. Мөн зохиолынхоо хэл найруулгад тун их анхаарах хэрэгтэй болсон. Хэдийгээр монгол хэлний уран яруу тансаг үг яриаг ашиглах хэрэгтэй ч хэт гангалж, хээнцэрлэх ёсгүй юм. Учир нь уран зохиол өөрөө энгийн байх ёстой. Энэ энгийн гэдгийн цаана ер бусын их увидас, ур чадвар нуугдаж байдаг.
Уран сайхны хөдөлгөөн, дүрийн сэтгэл зүй гэх мэт. Ингэхгүйгээр хий хоосон санаанаасаа зохиож, чамирхах юм бол уран зохиол биш болчихно. Эртний персийн утга зохиол хэт гангалж гоёсноос болж мөхсөн түүхтэй. Өөр нэг зүйл бол миний романд өнөөдрийн бидний ярьдаг хурал, зөвлөгөөн, сахилга бат гэх мэт үг хэллэг огт дурдагдаагүй. Учир нь эдгээр үгнүүд бол сүүлд орос хэлнээс монгол хэлэнд орж ирсэн үгнүүд.
-Хамгийн сүүлд бичсэн “Цэвдэг жаран” романы талаар асуухгүй өнгөрч болохгүй. Хэлмэгдүүлэлт хэмээх энэ том сэдвийг Монголын урдаа барьдаг зохиолч нар бараг бүгд барьж авч бичсэн байдаг. Яагаад тэр вэ?
-Өнөөдрийн энэ болж байгаа амьдралыг хэн ч бичиж чадна шүү дээ. Мэдээж өнөөдрийнхөө амьдралыг бичиж болохгүй биш, болно. Гэвч биднээс бүдгэрэн алсарч, зугатаж буй он жилүүдийн тухай заавал бичих ёстой. “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран” хоёрын хооронд “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” гэдэг баримтат роман бичсэн.
Энэ романаа бичихийн тулд түүхийн асар том уурхай руу явж орж судалгаа хийх хэрэгтэй болсон. Ер нь бол түүхэн роман бичихийн тулд түүхийн их уурхайг ухах хэрэгтэй болдог. Он жилүүд өнгөрөх тусам бидний түүх биднээс холдож байна шүү дээ. Монголын түүхийн хамгийн бурангуй үе болсон энэ хэлмэгдүүлэлтийн тухай өнөөдөр хамаа намаагүй ярьдаг болж. Зарим нь бараг өөр арга зам байгаагүй, хэлмэгдүүлэх нь зөв байсан ухааны юм ярьж байх жишээтэй.
Гэвч энэ бүхнийг өөрийн биеэр үзээгүй хүмүүс хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүдийн үзэж туулсан зовлонг мэдэхгүй, бас амсаагүй. Хэлмэгдүүлэлтэд хэн өртсөн юм бэ гэдэг чинь өөрөө маш том сэдэв. Монголын сор болсон эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаадууд, Чингисийн алтан ургийг уг үндсээр нь тасдан устгасан шүү дээ. Сталин гэдэг хүн Монголд цэргийн коммунизм гэгчийг байгуулах гэж оролдсон.
Үүний эсрэг Гэндэн, Амараас эхсүүлээд Монголын томчууд бүгд эсэргүүцсэн. Гэндэн бол шударга шулуун ч гэсэн хар зориг ихтэй хүн байж. Харин Амар илүү ухаалаг, алсын хараатай байсан ч хоёулаа хэлмэгдсэн. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй лам нар, ард түмэн 1932 онд бослого дэгдээсэн байдаг. Үр дүнд нь Ренчин Бямбаев, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд тэр үеийн манай элит давхаргыг хайр найргүй хэлмэгдүүлсэн. Дээр нь дэлхийн хоёрдугаар дайн хэчнээн сая хүний амь насыг авч одсон билээ. Тиймээс л XV дугаар жаран хэмээх тэр цаг үеийг цэвдэг жаран гэж байгаа юм. Энэ бүхнийг би хайрлах газарт нь хайрлаж, үзэн ядахад нь үзэн ядаж, хорсох үедээ хорсож, уурлахдаа уурлаж, үзэгний ирээ чиглүүлэн байж зориуд бичсэн юм аа.
Хойч үе маань энэ цэвдэг жарныг мартах ёсгүй. Миний өөрийн гэр бүлээс таван ч хүн хэлмэгдсэн байдаг. Эдний дотор лам, гавьж, тайж хүмүүс байсан байх жишээтэй. Ийм байхад би энэ сэдвийг барьж авч бичихгүй гээд яах юм бэ. Гэхдээ би нэг ч зүйлийг санаанаасаа зохиогоогүй гэдгээ баталж хэлнэ. Яаж эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүртэл шоронд барьж хийж байсныг. Ямар ч гэмгүй хүнийг шууд барьж аваачаад шүүхийн тогтоолгүйгээр буудан хөнөөж байсныг бүгдийг нь бодит амьдралаас сэдэвлэж бичсэн.
Түүнчлэн номондоо оруулаагүй болохоос биш одооны залуучууд та нар сонсоод чихэндээ итгэмээргүй бодит аман ярианууд их бий. Тэр бүхнийг би дурьдаагүй. До яамныхан “Чихээр чинь салхи сэнгэнүүлнэ шүү” гэж хэлдэг байж. Тэр нь яаж байгаа юм гэхлээр сумаа хэмнэх үүднээс гурван хүнийг зэрэгцүүлж зогсоож байгаад шанаа руу нь буудаж, нэг сумаар хөнөөдөг байж.
Миний сэтгэл оюунд дахиад арван роман туурвих хэмжээний нөөц байна
-Уран бүтээлч, зохиолч байхын зовлон, жаргал гэж бий.Зохиолоо бичээд суухад ямар нэг сэтгэлийн таашаалыг мэдэрдэг байх даа?
-Зохиолчид бол нийгмийнхээ өмнө гавьяа байгуулж байгаа хүмүүс. Гавьяаг заавал байлдаж тулалдаж, цусаа урсгаж байгуулдаг юм биш. Хөлс хөдөлмөрөөрөө, оюунаараа бас байгуулж болдог. Зөвхөн зохиолчид төдийгүй яруу найрагчид, зураачид гээд дурьдаж болно. Гэхдээ эдгээр уран бүтээлчид уран бүтээл хийж байгаа нь энэ гээд жаргаад байсан юм байхгүй гэдгийг хэлье. Ямар их шаналал, зовлонг туулж, яасан их бодож, сэтгэж, хөдөлмөрлөдөг гэж бодно.
Гэтэл зарим хүмүүс ганцхан хуудас өргөдөл бичихээсээ залхуурдаг байх аа. Бичгийн ширээний ард сандал дээр өдөрт дор хаяж найман цаг суудаг хүн л зохиолч болдог юм. Ийм л хүнийг романист гэхээс биш дурын хүнийг романист, зохиолч гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ уран бүтээлч, зохиолч хүний энэ зовлон бол бурхан тэнгэрээс заяасан зовлон юм. Цаанаасаа нэг юм түлхдэг болоод л ингэж өөрийгөө зовоож суудаг гэх үү дээ.
-Та Монголын үргэлжилсэн үгийн томоохон төлөөлөгчөөс гадна яруу найрагч хүн. Сүүлийн үед яагаад шүлэг бичихээ байчихав аа?
-Би өөрөөрөө онгирч байгаа ч юм биш. Өдөрт дор хаяж гурваас таван ширхэг “Болор цом”-д өрсөлдөх хэмжээний шүлэг бичих чадал надад бий. Гэхдээ шүлэг бичихээс роман бичих нь наддаа том жаргал юм. Миний хэлсэн бурхнаас заяасан уран бүтээлчийн шаналал, зовлон хоёр минь миний амьдрал. Романы тухайд миний сэтгэл оюунд дахиад арван роман туурвих хэмжээний нөөц байна. Гэхдээ би болсон болоогүй зохиолчид шиг ямар ч судалгаа шинжилгээ хийлгүй, амьдралын гүнд оролгүйгээр хэдхэн сарын дотор роман бичмээргүй байна.
Нэг түүхэн романыг бичихийн тулд дор хаяж гурван жил хэрэгтэй байдаг юм. Энэ хугацаанд зохиолч өөрөө эрүүл байж, үхэх эрхгүй болно. Нэг бичээд эхэлсэн бол тэрнийгээ дуусахаас нааш үхэх байтугай өвдөх ч эрхгүй болдог.
-Утга зохиолын олон урсгал чиглэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Уран зохиол өөрөө таагдашгүй зүйл. Яаж ч сэтгэж болно. Гэхдээ хүнд хүрэх боломжгүй зүйлийг бичихээсээ өмнө бодит амьдралыг шаглаж, урлах ёстой гэж би боддог. Ер нь бол Аристотель, Платон хоёроос энэ бүхэн эхлэлтэй. Аристотель бол реализмын эцэг. Тэр юмыг бодитоор буюу байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Дуурайсан ч бодитоор дуурайх хэрэгтэй гэж үздэг байсан бол Платон матер биш, сэтгэхүй анхдагч. Тийм учраас хүний сэтгэлгээ өөрөө хязгааргүй. Яаж ч сэтгэж, бодож болно. Өөрөөр хэлвэл газарт ургаа байгаа мод бол зүгээр нэг мод биш.
Тэр модыг өөр юу ч болгож хувиргаж сэтгэж болно гэж үзсэн. Энэ хоёр агуу сэтгэгчийн нэг нь мод руу, нөгөө нь тэнгэр лүү заагаад маргалдаад зогсож байгаа зураг хүртэл байдаг шүү дээ. Чухам яг эндээс чинь урлагийн энэ олон төрөл, урсгал үүсэлтэй. Үүний нөлөөгөөр утга зохиол ч бас дотроо салж, хэт субъектизм, идеализм руу явчихсан тал бий. 1990 оноос хойш манай нэг бус зохиолч уран зохиолын сүүлийн үеийн урсгал чиглэлийг баримтлаад явсан боловч амжилтанд хүрсэн нь бараг байхгүйг хэлэх хэрэгтэй.
Харин реализмдаа үнэнч байсан зохиолч нарын зарим нь их амжилттай явж байгаа. Би бол реализмдаа үнэнч хүн. Гэхдээ би утга зохиолын сүүлийн үеийн олон урсгал чиглэлийг үгүйсгэж байгаа юм биш. Алт газрын хөрсөн дороос ганцаараа гарч ирдэггүй, заавал бусад элементтэй холилдож гарч ирдгийн нэгэн адил эдгээр урсгал чиглэлүүд бүгд холилдож орших ёстой. Гэвч Гётегийн “Фауст” зохиол дээр хэлдэг байх аа.
“Хүн бий болоогүй байхад үг гэж байх уу” гэж асуудаг биз. Намтар уран зохиол, дурсамж уран зохиол, эссе уран зохиол гээд утга зохиолын олон төрлүүд бий. Гэхдээ эдгээрийг хэт математикжуулж, хэтэрхий уран сайханжуулж, хүн таашгүй юм болгож байна.
Миний бодлоор энэ бүхэн холилдоод, зэрэгцээд яваг л дээ. Туйлширч бие биенээ үгүйсгэх ямар шаардлага байна. Нэг хэсэг муусайн реалистууд сөнөтүгэй, та нар хоцрогдсон гээд л хашгичаад байсан. Одоо тэр хүмүүс өөрсдөө бараа сураг ч үгүй байгаа биз дээ. Одоо измээр бие биенээ дооглож суух цаг биш. Тэр цаг ард хоцорсон гэдгийг хэлмээр байна.
Номыг таньж, судсыг нь барьж уншиж сурах хэрэгтэй
– Залуус маань нэг үеэ бодвол ном их уншдаг болчихож. Номноос хүн ухаарал, хүмүүжил авах ёстой юм уу. Эсвэл зүгээр л мэдлэг, мэдээлэл аваад өнгөрөх ёстой юу?
-Номын сэргэлтийн үе эхэлчихэж. Боловсролтой, оюунлаг залуус нэгдээд номтой холбоотой янз бүрийн клубүүд, фэйсбүүк группүүд зөндөө олноор нь нээчихэж. Эндээс залуус маань маш их гэрэл гэгээг бий болгож байна. Харин сонголтоо хэр хийж байгааг сайн мэдэхгүй юм. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхлээр номыг хууртаж унших гэж нэг аюул бий шүү. Номыг ухаарах ухаарал, соёл гэж бий. Номыг таних. Өөрөөр хэлвэл судсыг нь барьж уншиж сурах хэрэгтэй гэж залуус, хүүхдүүддээ хэлмээр байна.
-Та өөрөө номыг ямар шалгуураар сонгож, хэрхэн уншдаг юм бэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хүүхэд байхаасаа эхлээд ёстой нөгөө аль тааралдсанаа уншдаг байлаа. “Улааныхан ба харынхан”, “Морь унасан толгойгүй хүн”, “Том Сойерын адал явдал” гэж ирээд дээхнэ үед сургуулийн дотуур байранд байхдаа сумын клубын бүх номыг уншиж дуусгасан. Харин сүүлд дээд сургуульд орсноос хойш ухаарч, сонгож уншдаг болсон доо.
Хамгийн сүүлд Соёрхын Пүрэвсүрэн гэдэг зохиолч надад “Өвгөдийн цадиг” номоо өгснийг нь уншиж дуусгалаа. Бас Японы хайрын тухай шилдэг өгүүллэгүүдийг уншлаа. Их таалагдсан. Япон зохиолчдоос суралцах зүйл их байна шүү.
-Нэг хэсэг залуус маань боловсролтой, оюунлаг болж байхад нөгөө хэсэг нь ухамсрын доройтолд орж, улам л бүдүүлэг, харанхуй болж байна. Энэ нь магадгүй ном уншихаа больсонтой холбоотой юм болов уу?
-Номоос хүн хүмүүжил авч, төлөвшиж, хүн болох ёстой. Номын далай гэдэг чинь ямар агуу том далай гэж бодно. Эндээс хүн ухаан, амьдралын үнэ цэнийг мэдэж авч болно. Нэг ёсны хүн шиг хүн төрхийг олж авна гэсэн үг. Байгалийн далайд хүн хөлөг онгоцоор сэлдэгтэй адилхан оюуны энэ асар том далайд залуус, хүүхдүүд маань зөв завин дээр сууж, зөв дарвуулаар ухаантайхан шиг сэлэх ёстой юм.
Тэгэхгүй бол өнөө цагийн энэ самуун урлаг аюултай шүү. Самуун урлаг самуун хүнийг л төрүүлнэ. Алаан хядаан, цус нөж, самуурлын урлагаас хүүхдээ хол байлгаарай гэж эцэг эхчүүдэд захья.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин