Манай улсын гурван иргэн Тайландад халаасны хулгайн хэргээр баривчлагджээ. Тэднийг Бангкок хотын Патхумван дүүргээс цагдаа нар саатуулсан байна.
Жуулчдын халаасыг ухдаг байсан 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нар нь эх орон руугаа буцахаас нэг өдрийн өмнө баригдсан гэдгийг тус улсын цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Цагдаа нарын хэлснээр долдугаар сарын 25-нд Ганболдыг Чит Лом өртөөнөөс баривчилснаар бусдыг нь барих боломж нээгдсэн гэжээ. Тухайн өдөр дөрвөн төлбөрийн карт, 50,000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад хандсанаар уг хэргийг мөрдөж эхэлсэн байна. Улмаар хяналтын камерын бичлэгийг шалгасны үр дүнд Ганболдыг олсон аж. Тэднээс гадна хоёр этгээд Солонгос жуулчны картаар худалдаж авсан таван ширхэг iPhone X гар утастай долдугаар сарын 26-ны өдөр Монгол руу буцсаныг тогтоосон байна. Харин үлдсэн гурав нь Пүрэв гарагт нутаг буцахаар төлөвлөж байсан гэнэ.
Хулгайн хэрэгт холбогдсон монголчууд метроны өртөө, худалдааны төвүүдэд гадаадын жуулчдыг голлон хохирогчоо болгодог байсныг шалгалтаар тогтоожээ. Тэдэнд 100,000 бат хүртэл торгууль оноох, эсвэл 5 хүртэл жил шоронд хорих шийтгэл оноож магадгүй гэжээ.