Шилэн дансны нэгдсэн санд зочилж, УИХ-ын төсвийн зарцуулалтын сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцлаа. Хамгийн ойлгомжтой бөгөөд сонирхолтой цэс болох “Цалингаас бусад, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ”-ний талаарх мэдээллийг нь онцлон харав. 76 гишүүнийхээ алдааг нь анаж, өөг нь анддаггүй учраас тийнхүү “хэрэгт дурласан” байж ч мэднэ. Харин 2017 оны бүтэн, 2018 оны хагас жилийн мэдээллээс харахад тэнд лав л гишүүдийн зарцуулсан зардлын тайлан гэхээр зүйл алга.
Уг нь 2015 оноос буюу Шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхэлсэн цагаас энэ цэсээр үе үе зочилдог болсон юм сан. Тухайлбал, мөрдөж эхэлсэн эхний хоёр, гурван сарын дотор 20 гаруй гишүүн тойрогт ажиллах зардал болгож тэрбум гаруй төгрөг төсвөөс гаргуулсан баримтыг тэнд ил болгосон байв. Цаашлаад зарим гишүүний тойрогт ажиллах зардлаас өөрийн болон туслах, компанийнх нь нэр дээр 70 хүртэл сая төгрөгийн зарлага бичигдсэнийг сонирхож байснаа мартаагүй байна.
Хэвлэлийн компанитай гишүүн тойрогт ажиллах зардлаасаа багагүй мөнгийг сонин хэвлүүлэхээр өөрийнхөө компани руу шилжүүлүүлсэн баримтыг ил болгож, энэ нь зүйд нийцэх, эсэхийг Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээд хагас жил өнгөрсний дараа хөндөж байв. Төсвийн мөнгөөр бизнесээ дэмжээд байна уу гэж ийн хардахаас гадна эдийн засгийн судалгаа хийлгэхээр мөнгийг нь тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани руу, сэтгүүлийн хэвлэлтийн зардлыг харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид шилжүүлсэн зэрэг хачирхал төрүүлэх баримт ч цөөнгүй.
Түүнчлэн гишүүд хуулийн төсөл боловсруулах, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах гэх мэт зардлыг ердөө л туслах, зөвлөх гээд хувь хүний нэр дээр шилжүүлж, төрийн эрх барих дээд байгууллага наад захын компанид мөрддөг санхүүгийн сахилга батгүй байгааг шилэн данс илчилсэн. Тэгж яривал өдгөө Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Б.Цогтгэрэлийг энэ мэт нарийвчилсан мэдээллүүд л “шилэн Цогоо” болгосон юм.
Тэрбээр гагцхүү шилэн дансны санд оруулсан мэдээллүүдээс “но”-той байж болохыг нь анзаарч, нийгмийн сүлжээгээр олон нийтийн анхаарлыг тэр зүгт хандуулж, сайнаар хэлбэл, хяналт тавьж, муугаар хэлбэл шоудаж чадсаныхаа төлөө “шилэн” гэгдэх болсон нэгэн. Түүнийг шилэн данс “од” болгосон гэсэн үг. Зөвхөн гишүүдийн гэлтгүй шилэн дансанд мэдээллийг гаргах ёстой бүх байгууллага, албан тушаалтан татвар төлөгчдийн мөнгийг хэр үр дүнтэй зарцуулж буй, эсэхэд хяналт тавих хөшүүрэг нь эдгээр мэдээлэл байх болно.
Мэргэжлийн бус мань мэтийн хувьд ойлгохоос ойлгохгүй нь их олон тоо, баримт дундаас ядаж л таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний талаарх мэдээллийг нь олж, хяналт тавихтайгаа болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр төрд данстай хүмүүс яаж туйлж, зугаалж, зарлагаддагийг мэддэг ч баримтжуулж чаддаггүй байсан үе ард хоцорсон. Нийслэлийн ИТХ-ын нийт 45 төлөөлөгч сар бүр 4.5 сая төгрөгийн урамшуулал авдаг нь шилэн дансаар л анх ил болж байв. Нийслэл гэлтгүй дүүрэг, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид “суудлын мөнгө” нэртэй их хэмжээний санхүүжилт авдгийг үүгээр “илрүүлсэн”.
Харин одоо УИХ тийм мэдээллүүдээ ил тавихаа больчихож, хайгаад олсонгүй. Тамгын газраас түшээдэд зориулж мөнгө гаргахаа больж уу гэлтэй, шилэн дансны мэдээлэл нэг л дутуу. УИХ-ын нэг гишүүнд хууль боловсруулахтай холбоотой зардал болон цалин, унаа, утас, албан томилолт, мэдээлэл сурталчилгаа, ном хэвлэл, туслахын цалин гэхчлэн нийт 100 орчим сая төгрөг төсөвлөдөг. Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд бүрдсэн түрүүчийн парламентын үед бүр тойргоос сонгогдсон гишүүдийн жилийн зардлыг багагүй нэмсэн. Одоогийн 76 гишүүн бүгд тойргоос сонгогдсон. Тэдний зардлыг лав л бууруулаагүй.
Арай гишүүдийн хүсэлт, шахалтаар тэдний зардлын талаарх мэдээллийг шилэн дансанд нэгбүрчлэн тавихаа больчихсон юм биш биз. Ээлжит чуулган бүрийн дараа тус чуулганы үйл ажиллагааны тайланг Тамгын газраас эмхэтгэн гаргадаг. Тус тайланд гишүүдийн хуралдаан тасалсан, хоцорсон цаг, минутыг тодорхой бичиж, хэн нь хэдэн удаа, хэр удаан хугацаагаар үг хэлж, асуулт тавьсныг нь хүртэл хавсаргадаг. Үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хойрго нэгнийг нь ичтэл нь цоллож ирсэн.
Харин өмнөх парламентын үеэс эл тайлан, эмхэтгэлийг “Зөвхөн гишүүдэд” гэсэн тодотголтойгоор хэвлэж, сэтгүүлчдэд хүртээхээ больсон. Шалтгаан нь гишүүдийн хүсэлт. Тэрхүү тайланд үндэслэн бичсэн мэдээ, мэдээлэлд нь эмзэглэсэн гишүүд Тамгын газрынханд “томорч”, эл эмхэтгэлийг зөвхөн гишүүдийн гар дээр тавихад л хангалттай гэж гомдол, санал тавьсаар байгаад сэтгүүлчдэд хүртээхээ больсон гэдэг.
Үүн шиг шилэн дансанд төсвөөс хэрэглэсэн зоос бүрийнх нь тайланг тусгаж, тэр хэрээр олон нийтийн зүгээс санал шүүмжлэл нэмэгдэхээр төсвийн мэдээллээ нуусан нь дээр гэж үзсэн юм биш биз. Ер нь манай улстөрчид телевизийн камерын өмнө ид шидийн мэт сайн, сайхан зүйл ярих дуртай ч бодитой, болчимгүй үйлдлээ нуун дарагдуулж, хаацайлахыг илүүд үздэг. Ямар сайндаа л байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох санал нэг бус удаа цухалзсан түүхтэй. Хаалттай хуралдъя, нууцаар ярилцъя гэх санаа, сэдэл сав л хийвэл гаргадаг хүмүүс, манай гишүүд. Барим тавим баримт нь байхад хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, мэлздэг гэмтэй. Тиймээс ч ийн хардахад хүрэв.
Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр 3-5 жилийн дараа тодорхой үр дүн харагдана гэж тооцож байсан. Анх нийт байгууллагын 88 хувь нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний мэдээллээ байршуулаагүй зэргээр нэлээд алдаа, дутагдал гарч байсан үетэй харьцуулахад бид уг хуулийг хавьгүй сайн хэрэгжүүлж буй мэт боловч агуулга, мэдээлэл нь ийн хумигдах учиргүй.
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр манай улсын төсвийн ил тод байдлын индекс ч буурсаар байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавихдаа төрийн аудитын байгууллага жил бүр муу дүнтэй тайлан гаргаж байна. Засгийн газарт зөвлөмж, шаард-лага хүргүүлээд ч төдийлөн сайжрахгүй байна. Үндэсний аудитын газраас хамгийн сүүлд гаргасан тайлангийн хамт Ерөнхий сайдад хүргүүлсэн зөвлөмжид Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Засгийн газар хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хуульд заасан мэдээллийг цахим хуудсанд бүрэн байршуулах үүргийг тусгаж, биелэлтээр нь төсвөөс санхүүжилт олгох хувилбар дэвшүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан мэдээллийг цахим хуудсанд байршуулахгүй байгааг холбогдох байгууллага нь мэдэгдсээр ирлээ. Хэдий болтол ийм мэдэгдэл, зөвлөмж үйлдсээр байх вэ.
Эх сурвалж: