Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ парламентын анхдугаар чуулганы үеэр “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ аль ч үеийн эрх баригчид мартах ёсгүй” гэдгийг намын нөхдөдөө сануулж билээ. Тэрбээр энэ үгээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэр давтан сануулсан.
Үнэхээр л УИХ дахь үнэмлэхүй олонх бус есөн гишүүнтэй АН-ын бүлэг МАН-ын Засгийн газрыг огцроход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Харин бусад хугацаанд хэтэрхий даруу сөрөг хүчин байлаа гэх шүүмжлэгчид мундахгүй. Үндсэндээ Засгийн газрыг огцруулахаас гадна УИХ-аас шийдвэрлэсэн хэд хэдэн томилгоог эс тооцвол бусад асуудалд АН-ын есөн товчлуурын шаардлага байгаагүй.
Нөгөө талаар анх эвийг эрхэмлэн үнэмлэхүй олонхыг бүрдүүлэн сонгуулийн түүхэнд бичигдэх том ялалт байгуулсан ч замын дундаасаа хоёр хуваагдсан эрх баригчдын халуурал сөрөг хүчнээ ажилгүй суулгалаа. Эрх баригчид бүлэг дотроо хэдийн хоёр хуваагдсан гэдгийг өнгөрсөн хугацааны улс төрийн өнгө аяс батлан харуулсан. Хэдийгээр лидерүүдийнх нь зүгээс МАН УИХ-д албан ёсны нэг бүлэгтэй, албан бус бүлэглэлийн талцал үүсэх нөхцөл бүрдээгүй гэх байр сууриа илэрхийлсээр байгаа ч төрийн албан дахь намьн нөхдөө алагчлан сольсон халаа сэлгээ гаарч, бие биеэ хатгасан мэдэгдлүүд ул төрийн гол сэдэв боллоо.
Үүнийг парламентын сонгуулиас эхтэй “60 тэрбум”-ын гэгдэх хэрэгсэхгүй болчихсон хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулиар уламжлагдан өнөөдөр ч үргэлжилж байгаагаас харж болно. “65”-ын бүдүүн бүлгийн талцлын хамгийн том жишээ бол Ж.Эрцэнэбатын Засгийн газрыг МАН-ын 33 төлөөлөл дээр нэмэх нь АН-ын найман гишүүний саналаар унагаасан явдал. Түүнээс хойш “33” болон “32” гэж албан бус нэршил үүссэн.
Улмаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс түдгэлзүүлснээр МАН-ын бүлгийн дотор хоёр хүчний харьцаа тус тус 32 болж тэнцвэржээд байгаа. Тиймээс үлдсэн хугацаанд улс төрийн томоохон шийдвэр гаргах үйл явцад УИХ дахь АН-ын бүлэг өндөр үүрэгтэй оролцох боломжтой. Ялангуяа эрх баригчдын бүлэг доторх талцал улам бүр эрчимжиж буй энэ үед. Эрх баригчдын бүлгийн санал хоёр хуваагдах болсноос хойш Засгийн газрыг огцруулах тохироо хийгдэж буй талаарх бор шувуу Төрийн ордноос салахаа больсон.
Хэн нэгний зүгээс санаатай болон санамсаргүй шидэж буй чулуу байж мэдэх ч энэхүү яриа УИХ-ын хаврын чуулган завсарлах үеэр өндрөө аваад намжсан. Тэгвэл намрын чуулганы өмнө энэ асуудал эрчимжих бөгөөд нэр бүхий гишүүний албан бичиг дээр хэд хэдэн гишүүний гарын үсэг цуглараад байгаа албан бус мэдээлэл байгаа юм. Тэгээд ч МАН-ын дотоод зөрчил Засгийн газраа огцруулахаас эхэлсэн болохоор дахин Засгийн газраараа оролдох хүртлээ өндрөө авахыг үгүйсгэх аргагүй.
Хуулиараа УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 50-иас дээш хувь дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах боломжтой. Тиймээс эрх баригчдын бүлэгт үүссэн зөрчил АН-ын есөн гишүүний дэмжлэгтэйгээр Засгийн газраа огцрох эсэхийг шийдвэрлэсэн өмнөх нөхцөл энэ удаад ч давтагдах магадлалтай.
Уг нь сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр биш. Гэхдээ ирэх аравдугаар сард болох Хэнтийн нөхөн сонгууль, залгаад парламентын сонгуулийн өмнөх жил гарах учраас албан бусаар сурталчилгаа эхэлдэг. Сонгуулийн өмнөх жил эрх баригчид тууз хайчлах нь олширдог бол сөрөг хүчин сонгуулийн амлалт хайж, шударга ёс ярьж эхэлдэг байгалийн өгөгдөл манайд бий. Бичигдээгүй хууль гэлтэй энэхүү өгөгдлөөр АН-ынхан энэ удаад У.Хүрэлсүхийн эсрэг талыг дэмжсэн улс төрийн тоглолт хийх нь аль ч талаасаа 2020 онд ашигтай тусна. Учир нь эрх баригч нам дотроо хагаралдах бүрт нийгэм дэх рейтингээсээ хумсална.
Улмаар иргэдийн МАН-д 65 суудал хүлээлгэсэн итгэл АН-ын суудлыг ес болтол нь танасан шигээ буурна. Мөн сөрөг хүчний энэ намрын улс төр У.Хүрэлсүхийн Засгийн газрын эмзэг цэг болоод буй шатахууны үнийн өсөлтийн асуудлаар эхлэх бололтой. АН-ынхан энэ зун “Монголоо сонсъё” аяныг улс орон даяар зохион байгуулахад, иргэд орлого өсөөгүй байхад бараа бүтээгдэхүүний нэмэгдэж байгааг ихэд шүүмжилжээ.
Иймд өөрсдийн засаг барьж байх үе буюу 2016 оны шатахууны үнийг өнөөдрийнхтэй харьцуулан зарлаж эхлэв. Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн суурь байдаг шатахууны ханш таван удаа нэмэгдэж, литр тутамдаа дунджаар 300 төгрөгөөр өссөн гэх түгээгүүр бүрээс харж болох тоон өгөгдлийг тус намын бодлогын зөвлөлөөс гарган тавьж байна. Сөрөг хүчний зүгээс энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, шатахууны үнийг буулгах арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжих гэнэ.
Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаанд чиглэсэн сөрөг хүчний улс төр энэ намраас эрчимжих нь. Хоёр сөрөг хүчинтэй, ойр тойрныхон нь Авлигатай тэмцэх газарт шалгагдах болсон Засгийн газрын тэргүүний хувьд энэ лав л сайн мэдээ биш. Учир нь үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх замаар Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх хэмжүүр байдаг бол өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүний үнийн өсөлтөөр илэрхийлэгддэг инфляц улс орны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг билээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин