Монголбанкны Ерөнхийлөгчийн наймдугаар сарын 1-ний өдөр гаргасан тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.Ингэснээр энэ оны зургадугаарын сарын 1-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөрөө бүрэн төлж дууссан, мөн нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр болсон шийдвэрийн дагуу нийт 14.170 иргэний мэдээллийг нөхцөл хангасан гэдгээр хэвийн ангилалд шилжээд байна.
Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад чиглэжээ.
Төвбанк үүнээс өмнө 2017 онд 25.621, 2018 оны 3 дугаар сард 41.085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангажээ. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээг жил хүртэлх хугацаагаар байгуулсан, олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны тухайд нэгдүгээр сарын 31, 2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан юм гэж Монголбанкнаас мэдээллээ.