Яаж ч наманчлаад арилгаж эс чадах

нүгэл бол ээжийгээ гомдоох.

Эчнээ танил нэнг залуутайгаа уулзахсан гэж бодоод л явсан юм. Бодол боджин биелэдэн ёсоор санаандгүй явж байгаад аяны замд тохиох нь тэр. Айлын бага хүүгийн хувь ерөөлөөр өндөр настай ээжээ гэртээ байлган асрах азтай тэр залуу хэн ч хараажаар ханхар сайхан эр юм. Орос улсад дээд сургууль төгссөн, одоо барилгын салбарт бизнес эрхэлдэг нь ярианы явцад тодорхой боллоо. Намайг ахынхаа найз гэдгийг мэддэг болохоор хүндэтгэлтэй хандаж байгаа нь илт. Бусдаас хоёулхнаа хөндийрч, энэ тэрийг ярих зуур би дахин ийм боломж олдохгүй гэж бодсон тул шуудхан л:

-Миний дүү ээжээ загнаж, зандардгаа болих хэрэгтэй. Ээж чинь чамд гомдохгүй ч гэсэн нүглийг нь дааж давахын аргагүй юм гэнэ лээ шүү гэж ахаас нь энэ тухай дуулснаасаа хойш хэлэхээр зэхэж байсан үгээ хэлээд авлаа. Залуу ер гайхсан шинжгүй:

-Ажил төрөл бүтэж өгөхгүй бухимдуухан үедээ утсаар ширүүн дориухан ярих ч удаа их гарна. Ийм ярианы дараа ээж минь “Хэнтэй, юу ярив” гээд л шалгаадаг юм. Тэгэхээр нь жаахан уцаарлачихдаг болоод байгаа юм. Би бас ахынхаа үгийг тоохгүй ээ гээд хэсэг чимээгүй болсноо “Танд их баярлалаа, хөндлөнгийн хүнээс ийм үгийг анх удаа сонсож байна. Их сайхан санагдлаа. Би ээжээ дахиад хэзээ ч зандрахгүй.

Миний нүгэл ихсэх ч дүүрч, муу ээж минь гомдоно. Би уг нь бодоод л явдаг юм” гэхэд нь баярласандаа тэр ухаалаг сайхан залууг тэврэн үнсэв. Би түүнийг миний үгийг ингэж хүлээж авна гэж бодоогүй бөгөөд уурлаж ч мэднэ, гэсэн ч “барьцаа улам чангаруулна даа” гэж бодож байсан юм л даа. Надад тийм туршлага бий юм. Залуугийн ярианаас үзвэл ямар ч бизнес дээрээс татах хүнгүй бол урагшаа явдаггүй, тэгээд л хахууль өгөхөөс аргагүй болдог нь шударгаар ажиллах гэсэн хүнийг яалт ч үгүй бухимдуулдаг байна.

Ийм байдлаас болоод л бусадтай бухимдуухан ярьж байгааг нь хараад санаа зовсон хөөрхий ээжийн нь асуусан асуулт төвөгтэй санагдан заримдаа уцаарлахад хүргэдэг ажээ. …Есдүгээр ангид байхдаа өвлийн амралтаараа нэг найзтайгаа тэднийд очиж цөөн хоног амрангаа нэг нэг машин харгана хадсан юм сан. Найз маань ээжтэйгээ нэг ч зөв харьцахгүй, сав л хийвэл уурлаж, өөдөөс нь загнаж, хэлсэн үгийг нь сонсоогүй мэт байх нь бүр гайхшрал төрүүлж орхилоо.

Нэг үдэш би найздаа “Чи ээжтэй сайхан хүн. Ээжтэйгээрээ гайхуулж, ээждээ эрхэлж, ээжийгээ загнаж байгааг чинь тэсэх арга алга, би явлаа” гэж хэлээд 50 гаруй километрийн цаана байгаа аймгийн төв чиглээд гүйчихлээ. Энэ маань найзаа ээжээ загнадаггүй болгох гэсэн санаа л даа. Удаан бодоод ийм арга олсон юм. Уг нь миний найз ээжгүй найздаа ээжээрээ гайхуулах хүүхэд биш л дээ.

Араас яаран гүйж ирээд бариад авна гэж хүлээсэн чинь байдаггүй шүү, золиг чинь. Гүйгээд л байлаа. Гэтэл нилээд явсан хойно араас хашгираад гүйж байна. Тэр хурдан, би удаан гүйсний зөрөөнд би “гүйцэгдлээ” дээ. Найз минь “Хоёулаа харья. Би дахиад хэзээ ч ээжээ загнахгүй. Гомдоосон намайг зод” гээд зуураад авдаг байна шүү. “Би чамд гомдоогүй, ээж чинь л чамд гомдсон. Чи ээжээ гомдоох хэн юм бэ?” гээд л “барьцаа улам чангалаад” цаашаа зүтгээд байлаа.

Найз “Чи намайг сайн зодоод өг” гээд зуураад салдаггүй. Би “Ишиг эврээ ургахаар ээжээ мөргөдөг юм гэнэ лээ. Чи ишиг юм уу, чамд эвэр ургасан юм уу?” гээд л зүтгээд байв. Мэдээж хэрэг бид хоёр хэсэг зууралдаж байгаад буцсан бөгөөд тэр цагаас хойш найз маань ээжээ жигтэйхэн сайхан хүндэлж, ээж нь ч бид хоёрыг “Миний хоёр хүү” хэмээн эрхлүүлж, юу байгаагаа сарвайсаар амралтын хэд хоног дорхноо өнгөрч билээ…

Даанч залуугаараа хорвоог орхисон багын сайн найз минь авгай хүүхэдтэй том хүн болсон хойноо ч уулзах бүрийдээ энэ тухай ярьж баярласан, гялайснаа заавал хэлдэг байсан сан, хөөрхий. Хүүхэд цагийн энэ түүхээ би хэзээ ч мартдаггүй бөгөөд буян, нүглийн тухай нэг их мэдэхгүй үедээ үйлдсэн сайхан буян байж дээ гэж хожим хойно ухаарсан юм. Энэ цагаас хойш би ээжээ зэмлэсэн хэнд ч болов таних танихгүй хамаагүй бурууг нь хэлдэг, ойлгож хүлээж авахгүй ч юм уу, чамд ямар хамаатай юм бэ гэсэн хандлага гаргасан хүмүүстэй бүр салахгүй “үзэж тарж” байгаад заавал ойлгуулж буулгаж авч “баярлалаа” гэж хэлүүлж байж санаа амардаг зантай болсон бөгөөд ингэснийхээ дараа өөрөө өөртөө нэг их баярладаг хүн. …Саяхны нэг өдөр мөнөөх бизнесмен залуу намайг гэртээ урьж, “Нөгөө намайг зэмлэсэн ах” хэмээн ээжтэйгээ танилцуулав.

Сонгодог уран зохиолоос ч олж уншаагүй ер бусын тансаг сайхан монгол хэлээр төр засаг, элдвийн хямрал, хүний яс чанар, тэр ч байтугай гадаад улсуудын тухай цэгцтэй нь аргагүй ярих ная холоо гарсан тос даасан намбалаг буурал ээж надтай удаан хуучлаад “Алив миний хүү” хэмээн хацар үнсэж, хэдэн сайхан бор ааруул өгөөд сайныг ерөөсөөр үлдсэн билээ.

Ээжээ загнадаг, төвөгшөөдөг, ээж рүүгээ эвгүй хардаг, уцаарладаг хүмүүст зориулан тэднийгээ хэл, сэтгэлийн их нүглээс аврахын тулд “Хүн бол ямаа биш” гэсэн үгүүлэл бичье гэж бодож байгаа тухайгаа ярьтал үүнд маань үнэт шигтгээ болох нэгэн сайхан жишээг Р.Нямдорж найз маань ярьж өгөв. Тэдний нутгийн нэгэн залуу авгай авснаасаа хойш ээжээ жаахан төвөгшөөх янзтай болсныг Нямдоржийн маань ээж ажигласан байна.

Тэгээд нэг удаа түүнийг ирэхэд сайхан хоол хийж өгөөд “За хүү минь би 10 хүүхэдтэй хүн. Нэг нь намайг гомдооход ес нь баярлуулна. Чи бол ээжийн ганц хүү. Чи ээжээ гомдоовол өөр хэн ээжийг чинь баярлуулах вэ” гэж хэлсэн байна. Аргагүй л эх хүний сэтгэл, аргагүй л ардын цэцэн билэгт хүний үг мөн дөө. Тэр цагаас мөнөөх залуу ээжээ жигтэйхэн сайхан асарч, бурхан шиг тахиж яваа гэнэ. Энэ залуу ч хүний үг авах ухаантай хүү, авгай нь ч нөхрөө хайрлах, хадмаа хүндлэх сэтгэлтэй сайн бүсгүй байна… Ээж юу гэж үглэлээ ч, хэчнээн яншлаа ч, тэр нь утга учиргүй агаад яршиг төвөгтэй мэт санагдлаа ч гэсэн цаад санаа нь бидний л төлөө байдаг.

“Торго өмсгөөд өг, тос идүүлээд өг” гэх нь хүртэл өөрийнхөө ямбаны төлөө биш “Эд нар ч ээжээ сайхан авч явах юм аа” гэж хүүхдүүдээ хүнээр сайн хэлүүлэхийн л төлөө санаа. Ийм болохоор хүн ямар ч том “эвэртэй” боллоо гэсэн ямаа биш тул ээжийгээ “мөргөж” болохгүй билээ. Энэ бол хүнээс ямар ч ааш араншин гарч болох боловч ээж рүүгээ арзганах зан гарах ёсгүй гэсэн үг юм.

Хүн чинь ээжээ насан турш хэчнээн сайхан асарч тойллоо ч ганцхан шөнө өндийж хөхүүсний нь ачийг хариулж чаддаггүй юм гэнэ лээ шүү дээ, бурхан минь. Миний бие 13-хан насандаа буюу “эвэр ургаагүй” үедээ өнчирсөн болохоор ээжээ гомдоох үг хэлээгүйгээ сайн мэддэг юм. Тэгэхээр би ийм нүгэл үйлдээгүйгээрээ нэг бодлын азтай ч хүн юм сан уу?

Төгс Олхонууд Довдонгийн Данзан

(МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч)

By updown

One thought on “Хүн бол ямаа биш”
  1. би ч бас ээжээ алдсан их харамсаж,зарим хүмүүсийг хараад их атаархадаг юм.Тэгээд ээжийгээ загнаад байгаа хүнийг хархаар уур хүрээд заримдаа бас хэлээл орхидог шүү.Хүмүүс минь бодхол хэрэгтэй өнгөрсөн хойно нь харамсах зүйл битгий гаргаарай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн