Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа холбогдох хэлтэс, албадад үүрэг болгосон юм. Үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, НҮГ-ууд болон хороод хамтран шар усны үерээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн 12 дугаар хорооны УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан суваг дүүрсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 12 албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Алба хаагчид 100 гаруй айл өрхийн 350 иргэнийг шар усны үерт өртөж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, далангийн хөрсний ус халихаас хамгаалж 0.2 км суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэв.
Түүнчлэн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэн юм. Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.