2018-07-26 10:121min010

Оросын сүүлчийн эзэн хааны гэр бүлийнхний цогцос олджээ

nicolai

Екатеринбург хотын худалдаачин  Ипатьевын байшинд Оросын хааны гэр бүлийг буудан хөнөөсөн хэргийн нууц одоо ч оньсого дагуулсан хэвээр. Энэхүү эмгэнэлт явдлаас хойш  хойш 100  жил өнгөрсөн ч  өнөөг хүртэл  элдэв шинэ маргаантай баримтууд гарсаар байна.

ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин  Екатеринбург хотоос олдсон цогцсууд Оросын сүүлчийн Николай хаан болон түүний гэр бүлийн гишүүд мөн болохыг шинжээчид эцэслэн тогтоосон гэдгийг мэдээлжээ. Ипатьевын байшингийн ойролцоогоос нийтдээ 11 цогцос олдсон бөгөөд эдний долоо нь цусан төрлийн хүмүүс-ээж, аав, дөрвөн охин, нэг хүү байсан аж. Эдгээр хүмүүс буудуулан үхсэн болох нь тогтоогдсон байна. Николай хааны гэр бүлийг хордуулсан байж болзошгүй гэсэн яриа гарч байсан юм.

1918 оны долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө эл аймшигт хэрэг үйлдэгдсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хааны гэр бүлийг буудан хорооход 12 хүн оролцсноос ихэнх нь сайн дурын хэрэг байсан гэдэг.  Романовынхныг хөнөөсөн өрөөний хэмжээ нь 5х6 метр агаад аллагын өмнө “онцгой зориулалтын байшингийн” хажууд ачааны машин зогсон буун дууг сонсгохгүй гээд мотороо ажиллуулж байсан гэх баримт бий. Аллагаас өмнөхөн хааны эхнэр өдрийн тэмдэглэлдээ “Эм бэлтгэлээ” гэж бичсэн байжээ. Үнэн хэрэгтээ тэд зугтах бололцоо гарч магадгүй хэмээн үнэт эд зүйлээ хувцас хунартаа оён нуусан байсан нь энэ аж. Сүүлийн өдрийг нь хүртэл хамт байсан хааны гэр бүлийн үйлчлэгч нараас зөвхөн тогоочын туслах байсан Леонид Седнёв амьд үлдсэн байна.