Хүмүүн заяаг олж төрөх нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил тийм ховор боломж гэж бурхан багшийн сургаальд заасан байдаг. Монголчууд бид амны хишигтэй, хийморьлог ард түмэн. Азийн зүрхэнд орших тусгаар тогтносон Монгол улсынхаа эрх чөлөөт иргэн болон төрж чадсан. Бид алхам тутамдаа Монгол хүн гэдгээрээ бахархаж, нэгдэж, бие биенээ дээдлэж, дэмжиж амьдрах учиртай. Гэтэл бид дэлхийн хүн амын тэг зууны дөрөвхөн хувьд ч хүрэхгүй цөөхүүлээ байж бие биенээ хараан зүхэж, таньж мэдэхгүй мөртлөө дуу дуугаа аван муулж доромжлох болсон нь монгол хүний язгуур төрхөд яав ч нийцэхгүй гэж бодно.
Чингис хаан Монгол туургатныг нэгтгэсний дараа “Хүү нь эцгээ хүндэтгэхээ, эр нөхөр нь эхнэртээ итгэхээ, эхнэр нь нөхрийнхөө үгийг авахаа, багачууд нь ахмадаа хүлээн хүндэтгэхээ, баян нь ядуугаа тэтгэхээ, доорд хүмүүс нь дээдчүүлдээ хүндэтгэл үзүүлэхээ больсноос газар сайгүй яахын аргагүй эмх замбараагүй байдалд идэгдэж эцэс төгсгөлгүй дур зоргоороо аашлах явдал их болсон байна. Би үүнийг эцэс болгож хууль, ёс, дэг журмыг тогтоосон болой” гэж хэлсэн тухай эртний сударт тэмдэглэсэн байдаг. Энд хүнлэг, хүмүүнлэг чанар, харилцан хүндэтгэл, даруулга алдарч байгааг дурьдсан байна. Гэтэл бидний бие биендээ дайсагнаж, өс хонзон санаж, доромжлон гутааж, талцан хуваагдаж байгааг Эзэн богд Чингис харсан бол юу гэх байсан болдоо.
Долоон мянган жилийн өмнө үүсч эхэлсэн хүмүүсийн хоорондын харьцаа өнөөгийн харьцаа хоёр маш ялгаатай болсон. Өөр болохоос гадна төвөгтэй болсон гэж хэлж болох юм. Ихэнх хүмүүс өнөөдөр хоорондоо өөдөөсөө хараад харьцах биш, утсаар, интернетээр харьцдаг болсон. Өмнө нь үгийн сайхныг сонгон байж уртаас урт захиа бичин харьцдаг байсан бол одоо маш богинохон месеж бичиж харьцдаг болов. Бүүр сүүлдээ зөв бичгийн дүрэм ч байхгүй болж үгнүүд дан гийгүүлэгчээс бүрддэг боллоо. Эцэг эхчүүд нь үр хүүхэдтэйгээ харьцах завгүй, үр хүүхдүүд нь эцэг эхтэйгээ харьцах сонирхол байхгүй болж монгол ёс алдагдах боллоо.
Эрт дээр үеээс Монгол гэр бүл нь нүүдэлчин монголчуудын залгамж үеүдийн сургууль байж, эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ нас, хүйсний онцлогт нийцүүлэн аман зохиол, үлгэр туулиараа дамжуулан байгал дэлхийгээ хамгаалж хайрлахаас эхлээд хэрхэн зөв харьцах хүртэл амьдралын бүхий л ухагдахууныг олгож тэднийхээ багш, сурган хүмүүжүүлэгч нь болж ирсэн билээ. Монгол хүн болгон хүмүүжүүлж, монгол ухааныг үр хүүхэддээ үеийн үед ясанд нь, генэнд нь суулгаж ирсэн гол эзэн эх хүн юм.
Эх хүн тоглоом наадмаар дамжуулан хүүхдүүддээ ертөнцийг таниулж, эхэс дээдсээ хүндэтгэх, ёс заншлаа дээдлэх зан чанарт сургаж, зөв хүн, гэрийн сайн эзэн, сайхан эзэгтэй болон хүмүүжих, ажил хөдөлмөрт суралцахад нь өөрийн биеэр үлгэр дуурааль болж сургадаг уламжлал байсаар ирсэн. Айл гэрийн ноён нуруу эцэг хүн бөгөөд хүүхэд залуусаа хүний нийгмийн амьдралд оролцуулж, эх орноо хамгаалах эр цэрэг, нийгэмд тустай сайн хүн болон хүмүүжихэд гол үүрэг гүйцэтгэдэг байсан. Өвөг дээсийн минь тэр сайхан уламжлал, монгол гэр бүлийн залгамжит чанар бүдгэрч байна. Бид зөвхөн ахуйдаа баригдаж, амьдралын сайн сайхныг мөнгөөр хэмжиж, хүний мөс чанараа алдаж, энэ байдал нь бидний харьцааны соёл, хэвшилд, хувь хүний төлөвшилд өөрчлөлтүүдийг оруулж, сөрөг үр дагаваруудыг бий болгохоос гадна улс орны хөгжлийг ч ухрааж байна.
Гэр бүлийн хүмүүжлээс гадна хүний хүмүүжилд нийгэм гол чиглүүлэгч болдог. Нийгмийн талын мэдээллийн наян хувийг сонин, интернэт, зурагтаар авч байгаа өнөө үед ямар төрлийн мэдээллийг хэзээ хэнд, яаж өгөх вэ гэдэг дээрээ бодлоготой хандахгүй бол одоогийн өгч байгаа мэдээллүүдийн ихэнх хувийг эзлэж байгаа ховын чанартай хортой зүйлүүд хүмүүсийн харьцаанд асар өөрчлөлтийг авчирч, хүний уураг тархийг хордуулж тэр чинээгээрээ хорон үйлдлүүдийг хийлгэх боллоо. Эрдэмтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл түрэмгийллийн хэллэгийг харьцаанд бий болгож зан заншил хүмүүжил, сонгодог утга зохиол, соёлын дагуу ярих хэв маяг алдагдаж, нэг ёсны улс үндэстнүүд өөрийн тогтсон хэм хэмжээт харьцааны соёлоо алдаж эхлэж байгаа талаар судалгаа гаргасан байна.
Монголын цөөхөн ард түмэн маань өвөг дээдсийнхээ үеэс бүгд харц, баянгүй мэргэд, ухаантан байсан гэж би боддог юм. Гартаа зэвсэггүй, ядуу буурай цөөхөн ард түмэн тэр их газар нутаг, агуу их соёлын өвийг дайснаас хамгаалж, хадгалж хойч үе бидэндээ өвлүүлж өгсөн нь тэдний ухаан тэнэгэр, мэлмий нь хурц, үг нь цэцэн, нүүдэл нь оновчтой, үйлдэл нь хурдтай, сонор нь сэргэг, бодол нь мэргэн байж, эх оронч үзлийг жинхэнэ утгаар нь зүрхэндээ тээж, судсаараа урсгаж ирсний их гавьяа гэж боддог юм. Үг гол зэвсэг нь болж ирсэн хүмүүсийн хувьд Монголчууд бид хэлж байгаа үгээ бодож цэнэж ярьдаг өвгөд дээсийнхээ сургаалийг байнга санах ёстой болов уу. Монголчууд аа бие биендээ урам өгч сурцгаая. Энэ нь Таны болон өрөөлийн эрүүл мэндэд тустай болой.
Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор