АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2017.04.02) “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “Хойд Солонгост хамгийн их нөлөөтэй улс бол Хятад. Пхеньяны асуудлыг шийдэхэд туслах үгүйгээ шийдэх ёстой. Хэрвээ Хойд Солонгосын цөмийн аюулыг Хятад Улс зогсоож чадахгүй бол АНУ арга хэмжээ авахад бэлэн. Энэ бол миний хэлэх ганц үг” хэмээн хэлсэн байна.
Трамп энэ долоо хоногт Флорида дахь Мар-а-Лаго амралтын газартаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хүлээж авч уулзах юм. Энэ үеэр яригдах нэг гол сэдвийн нэг нь Хойд Солонгосын асуудал байх юм байна. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулын талаар шинжээчид эсрэг тэсрэг байр суурьтай байгаа юм байна.
Пхеньяны цөмийн зэвсгийн хүчин чадлын талаар Трампын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх К.Т.Макфарлэнд “АНУ-д цөмийн цохилт өгөх Хойд Солонгосын чадвар Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө бодитой болно хэмээн хэлсэн бол өөр бусад экспертүүд Макфарлэндийн байр суурьтай санал нийлэхгүй. Ийм чадвартай болохын тулд Хойд Солонгост нэлээд хэдэн жил шаардагдана гэж үзэж байгаа аж.