Төмөр хүлэгээс илүү дугуй унах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн. Нийслэл хот анх удаа албан ёсны түрээсийн дугуйн үйлчилгээтэй болоод 10 гаруй хонож байна. Өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарчээ. Харамсалтай нь сайханд халгаатай, шинэ үйлчилгээнд “дургүй” монголчууд маань GPS нь салган машинд ачиж хулгайлах гэж оролдох, байршил тогтоогч ажиллах боломжгүй гэр, хашаандаа аваачих тохиолдол гарах болжээ.
Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Хэрэглэгчид маань дугуйгаа гэртээ, гараашдаа оруулах тохиолдол гараад байна. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд бид зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахаар GPS-ээ хараад явдаг. Ингээд GPS заасан газар яваад очихоор орон сууцны, гараашийн гадаа оччихдог. Тэгэхээр тэр олон айлын хаана нь байгааг мэдэх аргагүй болоод байгаа юм. Тиймээс дугуйгаа хэрэглэж болсон бол дараагийн яарч байгаа хүмүүст хэрэглүүлнэ гэдгээ ухамсарлаад гадна цоожлоод үлдээж байгаарай гэж хэлмээр байна. Цагаар нь тооцоод түрээсэлж байгаа учраас гэртээ оруулж болох юм шиг ойлгоод байгаа. Харин үйлчилгээний маань гол зорилго аль болох олон хүн хотын түгжрэлд сааталгүй ажлаа амжуулахад оршиж байгаа. Хэрэглээ маань хуваалцах дээр суурилах ёстой” хэмээлээ.