Сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас зарим аймаг сумд болон нийслэл үерт автлаа. Дархан-Сэлэнгэ, Төв аймгийн Борнуурын замд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Үерийн улмаас нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Зургаа, долоодугаар сард орсон аадар борооны улмаас улсын чанартай замд эвдрэл үүссэн. Эвдрэлийг тухай бүрт нь засварлахаар АЗЗА-ын компаниуд ажиллаж байна. Энэ жил АЗЗА-тад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан. АЗЗА-ын компаниуд үерийн улмаас үүссэн эвдрэлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан, зээл аван, авто замын тухай хуульд заасны дагуу замыг бэлэн байлгах үүргийн дагуу засварыг хийн ажиллаж байгаа” гэв. Мөн Сүхбаатар аймагт үер бууж 6 км зам эвдэрсэн аж.