Гадаад хэлийг зөвхөн сурах бичиг, сургалт гэлгүйгээр өөрийн мөнгөө хэмнэхийн сацуу хөгжөөнтэй байдлаар сурах нэг арга бол апп ашиглах юм. Янз бүрийн хэлний апп-ууд олон тул тэднээс алийг нь үр дүнтэй гэж тааварлан сонгох хэцүү. Тиймээс бид та бүхэнд гадаад хэлийг сурахад хамгийн сайн туслагч тань байж чадах олон апп, сайтуудыг танилцуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр сүүлийн үед залуусын дунд ихээхэн эрэлттэй хэлд тооцогдох болсон Солонгос хэлийг онцолж байна. Солонгос хэл өөрөө сурч буй миний хувьд өөрийн туршиж үзсэн апп-уудаас онцлохыг нь хуваалцья.
1. DUOLINGO
Хэл сурч буй хүн бүрийн хамгийн түрүүнд суулгадаг апп болсон Duolingo-д маань анх Солонгос хэл байдаггүйд жаахан гутардаг л байлаа. Судалгаагаар хичээлүүдийнх нь үр дүн батлагдсан энэхүү апп маань сүүлд Солонгос хэлийг нэмсэн нь нэлээн баярлуулсан шүү.
Ерөнхийдөө анхан болон анхан дунд шатны хичээлүүдтэй бөгөөд хэлээ сонгоод жижиг тест бөглөж үзээд түвшингээ тогтоож болно. Таны түвшний дагуу хичээлүүдийг санал болгох ба хэрвээ та аль хэдийн ихэнх хичээлүүдийг нь мэддэг бол үзсэнээ сэргээхэд ашиглахад тохиромжтой.
Миний хувьд апп-ын бүтэц болон хичээлүүд нь тоглоом мэт учраас хичээл үзэх нэмэлт ажил биш харин толгойгоо сэргээх хэдэн минут юм шиг л санагддаг. Та ч мөн өдөр бүр сонордуулга (notification) хүлээн авах цагаа тохируулаад 5 минут хөнгөхөн хичээл үзэж байгаарай.
2. MEMRISE
Солонгос хэлний хичээл үзэж байхад ном байхгүй дандаа канондсан материал ашигладаг байхад цаасаа алга болгож таараад номны онлайн хувилбар хайж явахдаа Memrise-ын талаар анх олж мэдсэн юм.
Энэхүү апп нь хэл сурагчдын дунд нэлээд нэр хүндтэй бөгөөд Солонгос хэлний хичээлүүд нь бидний үздэг байсан Fun!Fun! Korean хэмээх номыг барьж түүний шинэ үгнүүдийг онлайн дасгал, тоглоомруу хувиргасан юм байна лээ. Duolingo-той адил тоглоомчилсон бүтэцтэй бөгөөд шинэ үг сурах, дасгал гүйцэтгэж дуусгах болгондоо оноо цуглуулаад шат ахиад явна.
Жилийн 29.99$-ын төлбөртэй хувилбар нь бүр төгс санагдсан. Дотроо тухайн хэлний дуудлага, сонсох болон дүрмэнд зориулсан тусгай хэсгүүд нэмэгдэх бөгөөд тухайн хэлийг төрөлх эзэмшсэн хүмүүстэй видеогоор харилцан интернэтгүй орчинд хичээлүүдээ хадгалж авах боломжтой юм. Үнэхээр Солонгос хэлийг гадуур сургалтанд суух гэхээс илүүтэй апп, вэбсайт зэргийг ашиглан сурахаар шийдсэн бол төлөөд ашиглахад ухаалаг хөрөнгө оруулалт болох юм шиг санагдсан. Та бүхэн илүү дэлгэрэнгүй манай өмнө нь онцолж байсаннийтлэлээс уншаарай.
3. LINQ
Миний хувьд Англи хэлийг голдуу ном уншсаар сурсан тул унших материал дээр суурилсан энэхүү апп-ыг нэлээд олзуурхлаа. Жишээ нь, нэг текст байлаа гэхэд түүний үг бүрийг хөхөөр тэмдэглэсэн байх бөгөөд мэддэг үгнүүдээ та шараар тэмдэглээд явна. Харин мэдэхгүй бол тухайн үгэн дээр дарахад тайлбар болон дуудлага нь гарч ирдэг. Ийнхүү уншиж дууссаны дараа тайлбарыг нь харсан буюу сурсан үгнүүдийг тань тест маягаар асууж бататгадаг. Унших сан болон үгсийн тайлбарыг апп-ын идэвхтэй хэрэглэгчид бий болгосон аж. Гэхдээ хэрвээ аль нэг үгийн тайлбар эргэлзээтэй санагдвал Naver Dictionary-г апп-д багтаасан тул дэлгэрэнгүй тайлбарыг тэндээс харчихаж болно.
Зүгээр нэг үг дангаар нь цээжлэхийн оронд LinQ-г ашиглаж цээжлэх нь үгийн өгүүлбэрт хэрхэн ашиглагддаг талаар нь ойлголттой болж, цээжлэсэн үгээ үр дүнтэй ашиглахад туслана гэж бодож байна. Түүнчлэн зөвхөн уншихаас гадна олон материалууд нь аудио хэлбэртэй тул тэдгээрийг нь татаад сонсох чадвараа ч хөгжүүлж болно шүү.
4. EGGBUN
“Солонгос хэлийг чатаар сурцгаая” хэмээх уриатай EggBun апп нь танд Солонгос хэлний дүрэм, үг, ярих, сонсох зэрэг бүхий л зүйлсийг зөвхөн чатаар дамжуулж заадаг. Бусад апп-ууд шиг зүгээр нэг хичээлээ санал болгохын оронд “Lanny” нэртэй чатботоор дамжуулан 550+ гаруй хичээлийг үзэх боломжтой.
Сурах бичиг эсвэл хичээлээр хэл сурах нь эргээд түүнийгээ амьдрал дээр яриа болон бичгийн хэлрүү хөрвүүлэхэд бага зэрэг хүндрэл үүсгэж болдог. Харин EggBun нь анхнаасаа хүнтэй харилцаж буй мэт тул сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд илүү хялбар байх нь гарцаагүй. Түүнчлэн тэд Солонгос кино, драма гэх мэт энгийн амьдрал дээр түгээмэл яригддаг контекст ашиглан хичээлээ хүргэхийг эрмэлздэг аж. Үүгээр зогсохгүй Солонгосын тухай зөвлөмж, соёлын ойлголт зэргийг апп-д багтаасан нь яг л Солонгос найзтай болчихсон юм шиг сэтгэгдлийг төрүүлнэ.
5. INNOVATIVE 101 – KOREAN
“Innovative 101” буюу нэрнээсээ л шинэлэг байдлаар хэл сурах боломжийг олгодог энэхүү апп нь нийт 33 хэлийг санал болгодог бөгөөд түүнээс Солонгос хэлийг нь туршиж үзлээ. Хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол дээр дурдсан апп-уудыг бодвол илүү гүнзгий түвшний хичээлүүдийг багтаасан ба анхан шатны хичээлүүдийг ч их өргөн хүрээнд нарийн тайлбарласан байсан.
Хичээлүүд нь аудио ба бичлэг гэж хоёр хуваагдах бөгөөд бүгд мэргэжлийн багш нарын бэлтгэсэн материал аж. Тийм ч учраас сэдэв бүрийг гол хичээлээс гадна эргэн хянах хичээл, шинэ үг, нэмэлт материал, хичээлийн тэмдэглэл, аудио видео хичээлийн бичгэн хувилбар зэрэг дагалдана.
Ийм төрлийн чанартай контентийг санал болгож байгаа тул мэдээж үнэтэй. Гэхдээ бүлэг бүрийн эхний 3 хичээл үнэгүй гэдгийг дуулгая. Харин мөнгө төлөх эсэхдээ эргэлзэж байвал бүх хичээлийг нь 7 хоног үнэгүй турших боломжтой юм байна лээ шүү.
БОНУС: ТОЛЬ БИЧИГ
Шинэ хэл сурч байгаа хүмүүсийн гарын дор байх зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн нэг бол толь бичиг билээ. Миний хувьд Солонгос хэлийг үзэж эхэлсэн цагаасаа Naver Dictionary-г ашиглаж заншсан. Бусад толь бичгүүдийг бодвол үгсийн сан нь байнга шинэчлэгддэг нэг ёсондоо сүүлийн үед бий болсон залуучуудын дунд эсвэл интернэтэд түгээмэл хэрэглэгддэг үгсийг ч багтаасан байдаг нь онцлууштай.
Англи хэлрүү ихэвчлэн хөрвүүлж хардаг байсан ч сүүлд Солонгос-Монгол, Монгол-Солонгос гэсэн толь бичигтэй болсныг нь мэдсэн. Апп-ыг суулгахад автоматаар Солонгос-Англи, Англи-Солонгос болон орчуулагч нэмэгдэнэ. Үүн дээр цэснээс Монгол толийг сонгон ашиглах боломжтой. Гэхдээ Монгол толь бичигтэй байгаа нь сайн хэрэг ч гэлээ харьцангуй орчуулга хязгаарлагдмал, үгийн олон утгыг шингээж чадаагүй товч санагдсан.
Сүүлд Мишээл гээд Монгол-Солонгос, Солонгос-Монгол толь бичгийн апп гарсан ч төлбөртэй юм байна лээ.
Эх сурвалж: unread.today
1 comment
yamarch hereggui ene hogiin heliig surch uhsenee hiine