1991-оны Ардчилсан хувьсгалаар Монголын түүхийн тавцангаас арчигдсан, Юмжаагийн Цэдэнбал зуун жилийн ойгоор (2016 он) дахин төрж, Эрдэнэтийн зэсийн баяжмалын үйлдвэрийг энэ эрхмийн нэрэмжит болгож, нийслэлд цээж пайлуураар хөшөө босгож, эх орноосоо бараг хөөгдсөн ач хүү Зориг нь (Зоря) Орос улсаас эргэн ирж өвөг эцгийнхээ 100 жилийн ойд оролцон үг хэлсэн. Тэр Монгол Улсын иргэн (хоёрдмол иргэншил)-ий үнэмлэх авчээ. Харин Цэдэнбалын их хүү Сергей Владислав Москва хотод СЭВ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ЗХУ задарсны дараа зуурдаар өөд болсон юм гэдэг. 2016 он сонгуулийн жил байсан бөгөөд МАН үнэмлэхүй олонх болсон нь Ю.Цэдэнбалыг тахин шүтэх дардан зам нээгдсэн ч байж болох юм.
Цэдэнбал бага балчраасаа Оросын (рафак)-т ажилчны (сургуульд) суралцаж гэр орон, нутаг уснаасаа холдож ЗХУ-д олон жил амьдарсан, ЗХУ-ын бодлогоор орос эхнэртэй болж оросжсон хүн байсныг XX зууны Монголчууд сайн мэднэ. Тэр цагт Бал даргын хоёр хүү нь Орост суралцаж А.И.Филатова эмээгийн заавраар тэндээ ажиллаж амьдарч байсан бөгөөд дарга тэтгэвэрт гараад хөгшнийхөө хамт Орост эмчлүүлэхээр явж, хэдэн жилийн өмнө барьж бэлдсэн байрандаа орсон юм гэдэг. Тэр цагийн коммунист засаглалын бодлогоор социалист орнуудын удирдагчдыг тэтгэврийн насанд нь Москвад аваачиж ухаан самууруулах “эмчилгээ” хийж “цаазалдаг” байсан жишээг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үхлээс харж болно. Энэ ухаанд багтамгүй явдал бол “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриатай коммунизмын улс төрийн холч ноёлох бодлогын нууцыг хадгалахын учир байсан болов уу.
Одоо цаг дор (XXI зуун) АНУ глобалчлал буюу дэлхийчлэх бодлого гаргаад байна. Энэ бол дэлхийг нэгтгэх захирах гэсэн “коммунизмын халдвар”. Орчин үед дэлхийчлэлийг Чингис хааны сургаал гэж үзэх болжээ. Чингис хаан нэг дэлхийд нэг нар, нэг газар байхад нэг хаан, нэг улс байх ёстой гэсэн үзэл бодолтой байсан юм.
ЗХУ-ын гурван удаагийн баатар маршал К.Жуковын тухай цухасхан
Одоогийнхоор ОХУ, XX зууныхаар бол ЗХУ-д сурах, судлах ажлаар олон удаа ирж, очиж байлаа. Хамгийн сүүлд ЗХУ задран бутрахын өмнөхөн Анагаах ухааны докторын (Доктор Медицинских Наук) зэрэг хамгаалж билээ. Энэ бол миний амьдралын нэгэн бахархал. Тэр цагийн бид Улаан талбайд байсхийгээд очиход үзэх сонирхох юм их.
Москвагийн Улаан талбайд ойрхон цэргийн хоёр жанжны морьтой хөшөө байдаг. Нэг нь 1812 онд Францын цэргийн жанжин Наполеон Бонапартын давуу хүчний дайралтын эсрэг тулалдаж Москва хотод оруулалгүй хамгаалж чадсан Кутузов, нөгөө нь 1941 онд Москвад хорин мод газар тулж ирсэн Германы их цэргийн хүчийг мөхөөсөн, ЗХУ-ын гурван удаагийн баатар Маршал Г.К.Жуков.
К.Жуков генерал цолтой байхдаа 1939 оны халхын голын дайныг удирдаж Японы талаас хүн хүчний тоо 76 мянга, 182 танк. 300 гаруй нисэх онгоц оролцсон тулалдаанд ялалт байгуулсан. Энэ гавьяаг нь үнэлж Монголын Засгийн газар эх орондоо К.Жуковын хөшөө босгож Монгол Улсын баатар цол олгосныг бид мэднэ.
К.Жуковын бичсэн “Воспоминание и размышление” (Бодол, дурдатгал) гэдэг ном биднийг анагаахын сургууль төгсч эмч болж байхад орос хэлээр гарсныг санаж байна.Намайг гуравдугаар эмнэлэгт дадлага хийхэд Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, уран илтгэгч (залуу эмч бид нарыг говийн гурван аймагт ажиллахыг уриалан дуудсан) Очирбал гэдэг идэр насны хүн эмчлүүлж байсныг санаж байна.Миний хувьд Дундговь аймгийн Өндөршил сумын эмчээр санал өгч явахад энэ хүний сэтгэл татсан үг нөлөөлсөн байх гэж боддог.
Хөдөө орон нутагт дөрвөн жил болж нийслэл хотод ирээд дотрын эмч болох санаатай III эмнэлэгт ажиллаж байхад энэ хүн ирж хэвтсэн юм. Харамсалтай нь эмчлэх үе шат өнгөрсөн хүнд өвчин байсан.
Цөөхөн хоногийн нас үлдээд байхад Эвлэлийн төв хорооны дарга н.Пүрэвжав гуай эргэж ирж билээ. Тэрбээр биеийг нь асууж, эмч нартай ярилцаад,
-Хэлж захих юу байна, бид нар байнга эргэж тойрч байна гэж хэлэхэд,
-К.Жуковын бичсэн “Воспоминание и размышление” номыг олж өгөхийг бодоорой, хэдэн хуудас эргүүлж зориг зүрхээ чангалъя гэж арай ядан хэлж билээ.
Энэ хүн Маршал К.Жуковын номыг ганц хоёр өдөр л хэдэн хуудас эргүүлж зовлон шаналлаа шүд зуун тэвчиж нэг удаа ч ёо гэж хэлэлгүй хоёр өдөр нүд цавчилгүй байсаар мөнх бусын тэнгэрт хальсан юм.
Мэргэд, баатруудын хэлсэн, хатуу үг тангараг, бүтээл туурвил хэн хүний амьдрал хувь тавиланд амилдгийг эндээс олж харж болох болов уу гэж санагддаг юм.
Доктор, Хар Сэмүүн овогт Цүрэмийн МУХАР