Мэдээж хүн бүрийн бие физиологийн онцлог өөр учраас өглөө эрт босч ажлаа амжуулдаг хүмүүс байхад, шөнөжингөө сууж бүх юмаа дуусгасны дараа санаа амар унтдаг хүмүүс бий. Өглөө эрт босох нь тийм ч хэцүү биш агаад оройг яаж өнгөрүүлэхээс шалтгаалдаг. Ихэнх хүмүүсийн үздэгээр өглөөг хэрхэн эхлүүлснээс тухайн өдөр шалтгаална гэвэл эндүүрэл аж. Учир нь өмнөх орой нь та маргааш ямар ажил амжуулах, ямар хувцас өмсөх, юу идэх зэргээ тодорхой төлөвлөчихвөл таны өглөө санаснаар тань эхлэж, бухимдал, уур багатай байна. Ингэснээр та өглөө эрт босч өдрийн хоолоо бэлтгэх, өглөөний цайгаа уух, дасгал хийх, гадаад үзэмжиндээ анхаарах зэрэг олон ажилд сатаарах шаардлагагүй тайван шинэ өглөөг угтах болно. “Өглөө эрт босдог хүнийг тэнгэр таалдаг, Өөртөө итгэлтэй хүнд Бурхан тусалдаг” гэдэг.
Эртлэн сэрж босно гэдэг нь тийм ч барагдашгүй хүнд бэрх хэрэг биш төдийгүй харин ч эрхтэн сэрж босох нь амьдралд нэн ашиг тустай болох талаар товч өгүүлье.
НЭГ ӨДӨР- ХОЁР ӨГЛӨӨ”
Испани бол эртэч амьдралын нэгэн сонирхолтой жишээ юм. Тус улсад нэгэн бичигдээгүй хууль бий. “Нэг өдөр-хоёр өглөө” гэх зарчмыг эрхэмлэдэг энэ ард түмэн өглөө эртлэн босч өдрийн халуу шатахаас өмнө хамаг ажлаа амжуулж аваад өдрийн халуунд тухтайхан амарч, тэгээд үдээс хойш сэрүү ормогц дахин идэвхтэйгээр ажиллаж эхэлдэг гэнэ. “Сиеста” гэх энэ зарчмыг зуун зуун жилд хэн ч зөрчиж байгаагүй гэнэ.
Газар дундын тэнгисийн улс орнууд болон Латин Америкийн соёлын салшгүй хэсэг болсон СИЕСТА буюу үд дундын нийтийг хамарсан дугхийлт, нойрсолт (англиар nap хэмээн нэрийддэг) нь олон талын давуу талтай байж болох талаар эрдэмтэн мэргэд дуугарч байна. Тухайлбал, энэ нь хүнийг зүрхний өвчлөлөөр нас барах шалтгааныг бууруулдаг болох нь тогтоогджээ. Грекийн эрдэмтэн Димитриос Трихополусын судалгаагаар үдийн дугхийлт нь эрүүл мэндийн хувьд тун чиг ашигтай гэнэ.
Тэрбээр “Сиеста бол дэвшлийн золиос билээ. Бидний ихэнх нь үд дундын дугхийлтийг дэмждэггүй. Гэвч судалгаа нь өдрийн нойрсолт зүрхийг хамгаалж өгдгийг хэлж байна” хэмээжээ.
Сиестаг хатуу чанд бармиталдаг зарим улс оронд зүрхний өвчлөлөөс үүдэн гардаг үхлийн түвшин хамгийн доогуур байгаа болохыг ажиглалтаар тогтоосон байдаг. Түүний судалгаанд хамрагдсан 23681 грек хүнээс зүрхний өвчлөл болоод саа зэрэг хурц өвчнөөр нас барсан тохиолдол гараагүй аж.Судалгаагаар долоо хоногт дунджаар дор хаяж гурван удаа 30 минутаас багагүйгээр дугхийгчид нь ингэж нойрсдоггүй хүмүүсээс нас баралт нь 37 хувиар бага байна.
Флоридагийн кардиолог Жэральд Флэтчер “Өдөр тутам сиестаг баримтлагчид ядахдаа талд нь баримталдаг хүмүүсийн стресс бага байдаг нь эрүүл мэндэд туйлын ашигтай. Иймээс бид кардиологийн хөгжилд нойрны ач холбогдол асар их болохыг маш өндөр түвшинд ойлгож байна” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Флэтчер үд дундад дугхийн амарч чаддагүй хүмүүс ч өдөр өдөрт 10 минут ч болов гадаа наранд суух зэргээр нарны ашиг тусыг хүртэж болно гэж байна. “Ядахдаа нар шарж ахуйд цөөн хором ч болтугай гадуур алхлах буюу суух нь тун чиг тустай” хэмээн өгүүлжээ. Үүнийг нэлээд алгуурхан оройтож унтан амарч харин өглөө нь эцэг эхээрээ шахаж шаардуулан арайхийн босдог манай хүүхэд залуус төдийгүй нийт хүмүүсийн хувьд дагаж мөрдөх,хэрэгжүүлэх боломж бидэнд байгаа. Хувь хүн та өөрөө хичээхээс бүх зүйл шалтгаална. Дээр өгүүлснээр өглөө эртлэн босч өдрийнхөө төлөвлөгөөг гаргаснаар өдөр нь цайныхаа цагаар түр “давсанд” яваад ирж яагаад болохгүй гэж. Энэ нь таны хөдөлмөрийн үр бүтээлтэй шууд хамааралтай. Магадгүй өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, ажлын бүтээмж өндөртэй байгаагаа та мэдрэх болно.
“Бар цагт босвол ажил үйлс бүтнэ”
Монголчууд эртнээс “Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ” хэмээн хэлэлцсээр ирсэн угийн эртэч хөдөлмөрч ард түмэн. Суурин амьдралд шилжсэн бидний хувьд энэ байдал өөрчлөгдсөн гэдэгт зарим нь санал нийлэх биз. Бар цаг нь өглөөний 3.40- 5.40 хүртэлх цагийг хэлдэг ажээ.Үүнийг анх сонссон хэн ч гэсэн гайхан цочирдох болов уу? “Пөөх тийм эрт, хар үүрээр босоод юугаа хийж суух хэрэг вэ? Ийм эрт сэрж босно гэдэг бүтэшгүй хэрэг” гэх зэргээр шууд л сөргөлдөх нь ойлгомжтой байх аа. Гэтэл ийм цагт сэрж босон амьдрал ахуйгаа явуулсаар байгаа хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд тэд гол төлөв өдрийн цагаар дээр өгүүлсэн сиестаг хэрэгжүүлж орхидог бололтой.
Европын орнуудад ажлын цаг өглөө эрт 6 цагт эхлээд өдөр эртээ тарцгаачихдаг билээ. Ингэснээр нийгмийн гишүүн бүрт өдрийн нартай гэрэлтэй цагаар бусад ажлаа амжуулах, албан ажлаасаа гадна хувийн бизнэс эрхлэх, шинээр ажил мэргэжил эзэмших гэх зэрэг өргөн боломжийг олгодог гэж ч үзэж болох.
Ер нь анзаараад байхад сая давсан хүнтэй их хотын маань хамгийн эртэч нь ямар хүмүүс байна вэ гэвэл шар, цагаан өнгийн томоохон шуудай үүрч лааз маазхан түүсэн нөгөө муу траншейнийхан, гудамж талбайг цэвэрлэн өнгө оруулах хэмээн зүтгэсэн цэвэрлэгч нар, за тэгээд Гандан хийд зэргийг эртлэн тойрч гороо хийн алхалсан шүтлэгтнүүд, бас Тасганы овоо зэрэгт эртлэн гарч сүү идээнийхээ дээжийг өргөн гороолсон хий нь гарчихсан нас насны эрхмүүд, “Туул” рестораны өмнөхөн орших Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд 6 цаг гээд ирж усан тахил өргөсөн шүтлэгтнүүд, эрүүл зөв амьдралаад замнахыг хичээж энд тэндгүй явган алхалж, эсвэл гүйж яваа сэргэг толгойтнууд, бас нэг сонирхолтой нь “үүргэвчтэй бадарчин” хэмээх нэрийг зүүсэн энд тэндээс хувийн журмаар ирсэн бололтой гадны жуулчин эрхмүүд л хамгийн түрүүнд нийслэлийн охь цэвэр агаараар амьсгалж, сэтгэл тэнүүн алхацгаах юм даа.