Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээв. Ингэснээр ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардах эрх бүхий гурван субъектийн хоёр нь нэг талдаа гарч, нөгөөхөө шахаж эхэллээ. УИХ-ын тухай хуулийн 16.2-т “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна” хэмээн заасан байдаг бөгөөд Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн ээлжит бус чуулган зарлахыг хүссэн албан бичгээ мөн УИХ-ын даргад хүргүүлээд буй. Нэр бүхий 25 гишүүн хүсэлтээ наадмын өмнө буюу энэ сарын 10-нд илгээсэн.
Хэдийгээр холбогдох хуулиудад УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар тодорхой тоо тавьж, нарийвчлан заагласан заалт үгүй ч тэдний хүсэлтийг хүлээн авахаас өөр аргагүй болж байх шиг ээ. Өчигдрийн байдлаар УИХ-ын Тамгын газрынхан нам гүм, олонхын бүлгийнхэн таг чиг байгаа ч ирэх долоо хоногоос их ажил ундрах бололтой. Төрийн тэргүүн хийгээд түшээд эрхээ эдэлж, хуулийн хүрээнд хандсанаас хойш УИХ-ын дарга татгалзахад бэрх биз ээ. Мөн УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлахгүй бол Цэцэд хандахаа гишүүдийн зүгээс мэдэгдээд буй.
“ЭРЭЛТ” ҮҮСГЭСЭН ЧУУЛГАНААР ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
УИХ-ын нэр бүхий гишүүд албан бичигтээ “Төрийн албыг арилжаалсан “60 тэрбум”-ын зэрэг авлига, албан тушаалтай холбоотой томоохон асуудлууд АТГ-т хүрээд замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй” гэж үзэж буйгаа илэрхийлэн, УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан.
Энэхүү 07 дугаар тогтоол нь Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон шийдвэр бөгөөд эл байгууллагын удирдлагыг өөрчлөх нь ээлжит бус чуулган хуралдуулах үндсэн зорилго гэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн албан бичигт ч “Иргэд хувийн амьдралын хүндрэл, бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, АТГ-ын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй, шударга ажиллуулах шаардлага тавьж байгаа.
Үүнийг УИХ-д уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан.
Үүнтэй УИХ-ын гишүүд санал нэгдэж, ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй” хэмээжээ. Ээлжит чуулганыг хаахын өмнөхөн “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах талаарх Л.Оюун-Эрдэнэ гишүүний санал, хүсэлтийг дэмжиж буйгаа Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс илэрхийлсэн билээ.
УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Албан тушаалтны асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлуулах гээд байгааг би ойлгохгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Гэвч ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох, эсвэл болохгүй талаар нарийвчлан хуульчлаагүйг энд тэмдэглэе.
ЦЭЦЭД ОЧСОН МАРГААН “НЭМЭР” БОЛОХ УУ
Харин ээлжит бус чуулган зарлаж гэмээнэ Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг чөлөөлөх нь үндсэндээ тодорхой болно. Учир нь ээлжит бус чуулган “нэхэж” буй 25 гишүүний санал АТГ-ын удирдлагыг албан тушаалаас нь “авч хаяхад” хангалттай юм. Улмаар оронд нь АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгч УИХ-д дахин илгээх нь тодорхой. Төрийн тэргүүн тэднийг өнгөрөгч тавдугаар сарын эхээр санал болгосон ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус томилгоог хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Гэхдээ одоо Ерөнхийлөгч саналаа хэлэлцүүлэхэд нэмэр болж мэдэх нэгэн үйл явдал энэ цаг үетэй давхцаж болзошгүй байна.
Тодруулбал, дээр дурдсан 07 дугаар тогтоол Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2-ыг зөрчиж буй талаар иргэн О.Дарханбаатар Цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд энэ сарын 10-нд маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, үүнийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр болсон гэсэн үг. Иргэн О.Дарханбаатар нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар нь 2011 онд томилогдсон хүмүүсийн оронд “ирсэн” учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж үзэн, Цэцэд хандсан байгаа юм.
Тэрбээр мэдээлэл гаргахдаа “УИХ Авлигын эсрэг хуулийн 21.1 буюу АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг үндэслэн томилгоо хийсэн ч тус хуулийн 21.5-д зааснаар “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн хэсгийг баримтлалгүй, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж байна” гэжээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан хэзээ болох нь харин тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлснээр таван гишүүнтэйгээр хийдэг дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн бүрдэхгүй байгаа сурагтай. Ирэх есдүгээр сарын эхээр хуралдаан товлож магадгүй гэнэ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх аж. Гэхдээ тухайн маргаан ээдрээ, түвэгтэй гэх шалтгаанаар дээрх хугацаанд хуралдаанд бэлтгэж амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилжээ.
Дашрамд дурдахад, иргэн О.Дарханбаатарын гаргасантай төстэй агуулга бүхий мэдээллийг үндэс болгон өөр иргэд ч Цэцэд хандаад байгаа сурагтай. Тэдний мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэх нь одоогоор тодорхойгүй ч АТГ-ын даргыг “авч хаях” ажиллагаа ийнхүү “амилав”.
Эх сурвалж: