Энэ жилийн баяр наадмаар бид долоо хоног амарсан. Улсын баяр наадам үндсэн гурван өдөртөө багтаад дуусдаг учраас нийслэлчүүдийн олонх нь хөдөөг зорьдог.
Холын аймгуудыг зорьж амждаггүй зарим нь хотын ойролцоох хөдөөг зорьдог. Мөн нар хур тэгширч, найр наадам дундаа орсон энэ өдрүүдэд гадна, дотны жуулчид ихээр ирж, улсын наадам сонирхдог. Харин наадмын дараа ажлын стресс ядаргаагаа тайлж, амарч зугаалахыг илүүд үзэх хүн харьцангуй олон байдаг. Тиймээс энэ удаа бид нийслэлээс холгүй орших Горхи, Тэрэлжийн зүг замд гарч, гадаад, дотоодын жуулчдын амьдралыг сонирхсон юм.
АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ НАЛАЙХААС ШИНГЭРЭВ
Энэ удаагийн “аялал”-аа Налайхаас эхлэв. Наадмын сүүлийн өдөр болоод ч тэр үү, хотоос гарах автомашины цуваа зүүн зүг рүү түгжрээ үүсгэжээ. Ялангуяа Налайхын “Бүс нуур” орчимд Улаанбаатарчуудын цөөнгүй хэсэг нь амарч зугаалсан бололтой юм. Эрээн майхнаа энд тэндгүй зоож, голын эргээр буудалласан хүн олонтой угтав. Налайх дүүрэгт сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилгоор Налайх-Тэрэлж, Налайх-Агуйт хөтөл буюу Цонжин болдог хүртэлх авто замыг амьхандаа л шинэчилсээр байдаг. Гэтэл гадаадын зочид гийчдийг дагуулаад явахад Тэрэлжийн зам нүүр улайхаар байна. Бидний очих газар нийслэлээс холгүйхэн. Гэсэн ч бид замдаа яг л гадны жуулчид шиг зам дагуух айлуудаар орж, хуушуур бууз, худалдаа наймааг нь сонирхож, айраг цагаа, ааруул хуруудын үнэ асууж явав.
ИЛЖИГ ТЭМЭЭ УНАЖ, ЭРТНИЙ ЭД ЗҮЙЛС СОНИРХООРОЙ
Тэрэлжийн зам хүн ихтэй байна. Налайхаас хөдлөөд, эхний толгойг давахад замын хажууд шувуутай зураг авахуулдаг хүмүүс зогсож байна. Энэ хавьд ажиллаж буй залуус шувуутай зураг авахуулаад бараг 10 гаруй жил болжээ. Байнга явдаг нийслэлийнхэн ч андахгүй таних юм. Энд нэг нөмрөг тас, хоёр бүргэд байна. Нөмрөг тас нь Монголын хамгийн том шувуу. Харин хоёр бүргэдийн хувьд, өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг нь цармын анчин бүргэд. Нөгөө нь цагаан сүүлт бүргэд. Энд ажилладаг бүргэдчин залуу энэ хоёр бүргэдээ бага насанд нь Хэнтийн нуруунаас барьж аваад, өөрөө сургасан хэмээн ярьж байв. Мөн тэрбээр зуны cap гарч, жуулчдыг ирэх дөхүүлээд зам тосдог ажээ. Бүргэдийг хэрхэн яаж гаршуулж сургадаг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тиймээс зургаа хамт авхуулаад буцдаг хун ч бас цөөнгүй байдаг юм байна. Орлого хэр олж байгааг асуувал “Энэ жил жуулчин ховор байгаа учраас орлого муу байна. Одоо харин наадмаас хойш гайгүй болж магадгүй. Дээр нь энэ жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах том тэмцээнтэй байсан учраас жуулчид ирэх нь бага байлаа. Наадмын сүүлийн өдрүүдэд арай дээр байна” гэв.
Жуулчдын зам тоссон хамгийн эхний газар бол энэ юм. Энд махчин шувуудаас гадна нэг илжиг, тэмээ байна. Жуулчдад үзүүлж, сонирхсон нэг нь морь, тэмээ унаж, зураг даруулж мөнгө олдог юм байна. Нэг удаа зураг даруулахад илжиг 3000, тэмээ 5000 төгрөг байдаг аж. Зам дагуу иймэрхүү чиглэлээр бизнес хийдэг 3-4 залуу байдаг аж. Бусад нь бэлэг дурсгалын зүйл худалдаалдаг юм байна. Нэг хэсэг тэднийг зам дээр худалдаа наймаа хийж, амьтан хүн шавууллаа, аваар осол гарвал яана гээд их хөөдөг байж. Харин сүүлийн үед хөөж туухаа болиод дэмждэг болсон. Орон нутгаа сурталчилж байгаа гээд сайнаар хандах хүн олон болсонд нь баяртай байгаа гэж байв. Жуулчдад зориулсан эртний эд зүйлсийн худалдаа наймаанд Монголыг хэмээн тодотгох сонин хачин зүйл цөөнгүй байна. Урд хөршөөс оруулж ирдэг сүүлийн үеийн хийцтэй эд зүйлс байна. Мөн байгалийн чулуу бас байна. Өнгө өнгийн чулууг нийлүүлээд нэг шилийг нь 20 мянган төгрөгөөр зардаг юм байна.
“МЭЛХИЙ ХАД”-НЫ ОЙРОЛЦООХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Цааш давхисаар бид нийслэлчүүд төдийгүй жуулчдын ирж сонирхдог “Мэлхий хад”-ны дэргэд очсон юм. Энд жуулчдад морь, тэмээ унуулдаг хүмүүс нэлээд олон болсон байна. Морины уяатай, олон морь, тэмээ сойсон харагдана.
Мөн зуны амралтаараа жуулчдад тэмээ унуулж, хичээлийн хэрэглэл, хувцасныхаа мөнгийг олдог хүүхэд 2, 3 байна. Хүүхдүүдийн эрхэлж буй энэ бизнест жуулчид бас ам сайтай байна. Тэмээ унах гээд сонирхоод, зориод ирэх ч хүн цөөнгүй байдаг аж. Ихэнхдээ гадны жуулчид тэмээ унахаар ирдэг. Өмнө нь тэмээ унаж байсан, бага зэргийн туршлагатай хүмүүс нь өөрсдөө унаад явдаг. Харин туршлагагүй, мэдлэггүй нэгнийг нь хүүхдүүд хөтлөөд нэг хэсэг газар явдаг аж. 50 метр орчим газар тэмээ унахад 5,000 мянган төгрөг гэнэ. Орлого багатай өдрөө 20-30 мянган төгрөг олдог гэсэн. Харин орлого сайтай бол 70-80 мянган төгрөг олдог гэж байв. Энэ хавьд мөн олон гэр эгнүүлэн барьж, хуушуур бууз зарах, зоогийн газар ажиллуулах гэрийн үйлчилгээнүүд олширсон байна. Хүн ч яггүй их байв. Мэлхий хадны ойролцоо цай хоолоо идээд, морь тэмээ унаж, уул хад руу авирч зургаа татуулаад цааш хөдөлж бас болох юм байна. Зарим өдрүүдэд энд зураг авдаг хүмүүс ч ганц нэг үзэгддэг. Жуулчдын зургийг нь дараад хэвлэж өгдөг гэж байв.
“АРЬЯАБАЛЫН СҮМ” ХӨЛ ИХТЭЙ УГТАВ
Тэрэлжийн хойд тохой хүрвэл “Арьяабалын сүм”-ийн үүдээр, тэр хавийн уулын бэл, ой модоор хүн машин ихтэй байна. Энэ хавьд тав тухтай амарч зугаалъя гэвэл амралтын газар олон байна. Мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий уултай газар бүрийг амралтын газрууд урт хашаа хатгаж, өмчилсөн нь нэг бодлын үзэх юмгүй болчихсон мэт. Нөгөө бодлын байгалиа хайрлаж хамгаалж байгаагийн илрэл байх. Гадны жуулчдын ая тухыг бодвол энэ хавийн амралтын газруудыг сонирхсон нь илүү дээр санагдав. Харин нийслэлчүүдийн хувьд, ихэнх нь өглөө гараад, орой хот руу буцдаг, олон хонох шаардлагагүй гэж үздэг учраас Тэрэлжийн хойд тохойд боломжийн газраа түр буудаллачхаад буцдаг юм байна. Яг энэ хавьдаа байгалийн сайханд аялж зугаалах нь илүү сонирхолтой юм. Түүнээс задгай талбайн үйлчилгээ нь хомсхон юм байна.
“Арьяабалын сүм”-ийн үүдээр очвол том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг, гадны жуулчид 2000 төгрөгөөр дотогш нэвтэрч, эртний шашин соёлын бүтээлийг үзэж сонирхох боломжтой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин