-Өнгөрсөн онд зургаан хүүхэд ял эдэлсэн бол энэ онд дээрх тоо 70-д хүрчээ-
Улаан өнгийн, биеийн тамирын хослолтой, хоёр гараа зөрүүлэн урдаа барьсан хүүхдүүдтэй торны цаанаас уулзав. Налайх хүрэх замд байрлах Хонхор тосгоны Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ХЭҮК-ын орон тооны бус зөвлөхүүдийн хамт очсон нь тэр. Хуучнаар Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр хорих анги энд төвхнөөд хоёр жил болж буй бөгөөд нэрээ ийн өөрчилжээ. Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад 30 алба хаагч, есөн багш ажиллаж буй.
Тэнд энэ сарын 4-ний байдлаар өсвөр насны 70 хүүхэд хоригдож байлаа. Тэдний 37 нь хулгайлах, 19 нь дээрэмдэх, 11 нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний аминд хүрсэн нэг, бусдын биед санаатай гэмтэл учруулсан болон хар тамхи хэрэглэсэн тус бүр нэг хүүхэд ял эдэлж байв. Хүүхдийн сурах эрхийг зөрчихгүйн тулд байгууллагынхаа харьяанд 110 дугаар бүрэн дунд сургууль ажиллуулдаг юм билээ. Сургалт, хүмүүжлээс гадна бүрэн дунд боловсрол олгоход анхаарч хүүхдийн нас, сэтгэхүй, боловсролын түвшнээр нь ялган хичээл заадаг аж. 14 настай ч нэгдүгээр ангийн боловсролтой, эсвэл сургуульд огт сурч байгаагүй хүүхэд ч ирдэг учир түвшин тогтоох шалгалт авч, тохирсон ангид нь хуваарилдаг гэнэ.
Хорих ангид 2000 оноос хойш өнөөг хүртэл 1824 хүүхэд суралцсан бөгөөд энэ хавар зургаан хүүхэд арванхоёрдугаар анги төгсчээ. Тэд элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс гурав нь их, дээд сургуульд суралцах эрхээ авч чадсан байна. Тэдэн дундаас хамгийн өндөр буюу 657 оноо авсан хүүхэд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид орохоор болсон гэнэ. Харин нөгөө хоёр нь хараахан сургуулиа сонгож амжаагүй аж. Тус сургуульд үндсэн багшаас гадна Хонхор тосгоны ерөнхий боловсролын сургуулийн багш нар гэрээтээр ажилладаг юм билээ.
Арван хэдхэн насандаа алдаж эндэн, торны цаана хоригдож буй тэднийг аль болох ухааруулж, дахин алдахгүй байхад нь туслах, чиглүүлэх үүргийг тус байгууллагын дарга болон багш, ажилчид хүлээж буй. Тиймдээ ч номын сангаа баяжуулан, 4000 гаруй номтой болгож, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, талх, нарийн боов, хөгжим, зургийн сургалт хичээллүүлдэг юм байна. Ялангуяа Кристина Нобелийн хүүхдийн сантай олон жилийн турш хамтран ажиллаж буй бөгөөд тэндхийн багш нар ирж хичээл заадаг аж. Хүүхдийг хөдөлмөрлүүлж болохгүй, гэхдээ хөдөлмөрийн дадал олгох сургалт явуулах ёстой гэдгийг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагынхан онцолсон.
Ийм сургалт явуулснаар хүүхдүүд нэгнээ таньж мэдэн, маргалдах явдал цөөрсөн гэнэ. Өнгөрсөн онд зургаахан хүүхэд хоригдож байсан бол энэ онд 70 болж эрс нэмэгдсэн учраас байрны хүрэлцээ тааруу болжээ. Оны эхэнд ердөө хоёрхон хүүхэд хоригдож байсан аж. Хүүхдүүд ийн нэмэгдсэн гол шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлт. Тодруулбал, уг хуулийн 17.1-т “…хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол… 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Ингэж хохирлын хэмжээ харгалзахгүй, орон байранд нэвтэрсэн бол хүнд гэмт хэрэгт тооцож байгаа нь хоригдох хүүхдийн тоог нэмжээ. Тухайлбал, өсвөр насны гурван хүүхэд Хан-Уул дүүрэг дэх нэгэн айлын цоожийг эвдэж DVD тоглуулагч, уртасгагч залгуур тус бүр нэгийг хулгайлсан байна. Тэд нийт 6500 төгрөгийн хохирол учруулсан ч хуулийн дагуу зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.
Харин тус ангид 38 мянган төгрөгийн хохирол учруулаад хоригдсон хоёр ч хүүхэд байжээ. Тэд хэдийгээр эрх чөлөөтэй болсон ч 100 мянга хүрэхгүй хохирол учруулаад хорих ялаар шийтгүүлсэн хүүхэд цөөнгүй байв. Эл Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад дээд тал нь 20 хүүхэд л хоригдоно гэж тооцоолж байжээ. Гэвч энэ тоо эрс нэмэгдсэн учраас шинэ байртай болох хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт уламжилсан гэнэ.
Ирэх онд насанд хүрээгүй хүүхдийн стандарт шаардлагад нийцсэн зориулалтын байртай болно гэдгээ тэд энэ үеэр хэлсэн. Одоогийн эл байр нь хуучирч муудсанаас гадна сургалтын өрөөгөө амрах байр болгон өөрчилжээ. Энд хоригдож буй хүүхдүүдийн олонх нь бүтэн, хагас өнчин, аав, ээж нь архины хамааралтай эмзэг бүлгийнх аж. Тиймээс суллагдсаны дараа тэд хэрхэн амьдрах нь тулгамдсан асууд асуудлын нэг гэнэ. Эргэж сургуульдаа орох боломж хомс, ажилд авах газар ч бараг байдаггүй учир бусдад уруу татагдах, дахин ял эдлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Иймд харьяа дүүргийнх нь хариуцсан газартай гэрээ байгуулж, гарсан хойно нь ажлын байраар хангах, батлан дааж авах ажлыг эрчимжүүлж байгаа юм байна.
Б.ТАМИР: ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ХАСНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ШИЙТГЭЛ
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамираас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр хорих 429, 405 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, хүмүүжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Багануур дүүргийн хорих 427 дугаар ангийн даргаар ажиллаж байгаад одоо эл байгууллагыг удирдаж буй.
-Та өмнө нь насанд хүрэгчидтэй ажиллаж байсан юм билээ. Хүүхдүүдтэй ажиллахын онцлог нь юу вэ?
-Тэд эцэг, эх болон насанд хүрсэн хэн нэгний асрамжид байж байгаад энд ирсэн. Өөрөөр хэлбэл, чиглүүлэгчтэй байж байгаад ирсэн учир энэ үүргийг би болон манай байгууллагын алба хаагчид, багш нар хүлээж буйгаараа онцлог. Бид аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж, багш, ах, эгч нь болох ёстой.
-Хоригдож буй хүүхдүүдийн сэтгэл санааг засах нь хамгийн чухал байх. Хүүхдүүдийг энд хэн гэж дууддаг вэ?
-Хүүхдүүд “Шоронд орчихлоо, хоригдол болчихлоо” гэсэн хандлагатай ирдэг. Анх ирсэн өдрөөс нь энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. “Аавын хүүхэд алдаж болно. Үүнийгээ давтахгүй байх ёстой. Энэ газар хоригдож байгаад удахгүй гарна. Цаашид гэрэл гэгээтэй болон хар бараан амьдралын
алийг сонгох нь гарт нь байгаа” гэдгийг сайн ойлгуулахыг хичээдэг. Бусад хорих ангид хоригдлуудтай дүрэм журмын дагуу харьцдаг бол энд хүүхдүүдтэй хүүхэд гэдэг талаас нь хандах хэрэгтэй. Бид хүүхдийг овог, нэрээр нь дууддаг. Бас дугаар бий. Ихэвчлэн өсвөр насны хүмүүжигч гэж нэрлэдэг.
-Энд хоригдож буй хүүхдүүд хэдээс хэдэн насных вэ. Ялын хэмжээ нь ямар байна?
-14-21 насных. Хэд хоногийн өмнө 14 настай хүүхэд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гээд ял авч ирсэн. Дунджаар 1-1.6 жилийн ялтай. Долоо, таван жил хорих ял шийтгүүлсэн хоёр хүүхэд бий.
-Өнгөрсөн жил зургаан хүүхэд хоригдож байсан бол энэ онд 70 болж огцом нэмэгджээ. Энэ шалтгааныг тодруулахгүй юу?
-2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлт үүнд нөлөөлсөн. 14-18 настай хүүхдүүдийн түгээмэл үйлддэг гэмт хэргийн дийлэнх буюу хулгай, дээрэм, танхайн хэрэг нь хүнд ангилалд хамаарч, хорих ялаар шийтгэдэг болсонтой холбоотой. Уг хуулийг өөрчлөхөөр ярилцаж байгаа юм билээ. Өөрчлөлт оруулбал хоригдох хүүхдийн тоо ч цөөрнө.
-Хүүхдүүд нэгэнтэйгээ хэрхэн харилцдаг вэ. Хийсэн хэргээр нь ялгаварлах тохиолдол гардаг уу?
-Аль ч насны хүүхэд ялгаагүй маргалдах асуудал гарна. Хорих анги гэж бодож ирсэн ганц хоёр хүүхдэд засан хүмүүжүүлэх байгууллага гэж зөвөөр ойлгуулсан тохиолдолд маргах асуудал гарахгүй байх. Нас, үзэл бодол, хэргийн ялгаагаар гадуурхах хандлага ажиглагддаг. Энэ тохиолдолд ганцаарчлан уулзаж, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан илүү анхаарч ажилладаг. Мөн хүүхдүүдээ суллагдсаны дараа нийгэмшүүлэх асуудалд анхаарал хандуулдаг юм. Нэг ч гэсэн хүүхдийн амьдрал өөрчлөгдөж байвал том амжилт.
-Хүүхдүүд давтан хэрэг үйлдэж эргээд хоригдсон тохиолдол цөөнгүй юм байна. Бусдад адлуулж, чичлүүлж, ажилгүй, хоолгүй байснаас хорих ангид байх нь илүү дээр гэж үздэг хэмээн хүмүүс ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүнд хамгийн чухал нь эрх чөлөө. Бид энэ хүмүүсийн эрх чөлөөг л хасаж байгаа. Бусдыг нь хасах эрх бидэнд байхгүй. Эрх чөлөөг нь хасна гэдэг хамгийн том цээрлэл. Дуртай үедээ аав, ээждээ очиж, найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй гээд бод доо. Энэ л тэдэнд хамгийн хүнд шийтгэл. Хүүхдүүдийн ямар гэмт хэрэг хийсэн нь биш, ямар хүн бэ гэдэг нь сонин. Ялангуяа хүүхдүүдийг хийсэн гэмт хэргийн төрлөөр нь ялгаж хандвал энд ажиллах шаардлага байхгүй гэв.
Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүүгээс тус байгууллагад хүний эрх зөрчсөн асуудал ажиглагдсан, эсэхийг тодруулахад “Хүүхдийг хорих биш, тусгай байгууллагын дор хүмүүжүүлье гэсэн зарчим нь зөв юм. Энэ байгууллагын нөхцөл байдлыг өөрийн нүдээр харахад хоригдож буй хүүхэд яагаад ингэж олон болов гэдгийг эргэж харах цаг болжээ. Ямар үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцож, тэр дундаа хорих ялыг биеэр эдлүүлж байна вэ.
Хорих гэдэг хамгийн эцсийн тохиолдолд хамгийн богино хугацаагаар хэрэглэх ёстой ялын хэлбэр. Үүнээс өмнө хүүхдийг хүмүүжүүлдэг олон хэлбэр бий. Хүүхэд хоригдсон хугацаа, хэлбэрээрээ хүмүүждэггүй гэдгийг олон улс тогтоосон. Хүүхдийг аль болох шоронд хорихгүй байхыг уриалдаг. Манай улс ч олон улсын гэрээнд нэгдсэн. Харамсалтай нь, Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийн улмаас анх удаа ийм хэрэг үйлдсэн, хохирол бага учруулсан ч орон байранд нэвтэрсэн гэдэг өгүүлбэрээс болж хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байна.
Энд хоригдож буй хүүхдүүдийн тал хувь нь хулгайн хэрэг үйлджээ. Ядаж хоригдож буй хүүхдүүдийн орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Бүх хорих ангийн нөхцөл стандарт шаардлагад нийцсэн, нэг л байр үлдсэн нь хүүхдийн хорих гэж ХЭҮК-ынхон ярьж байна. Энэ газрыг хорих анги биш, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж нэрлэсэн юм бол үүнд нь тохирсон дүрэм журам үйлчлэх ёстой. Гэтэл насанд хүрэгчдийн адил дүрэм журам үйлчилж байна. Халуун усны болон бие засах газруудыг харахад хүүхдэд зориулсан стандарт шаардлага хангахгүй байна. Гадаа гарч бие засаж байна. Дотор байгаа бие засах газар нь хаалгагүй, ил байгаа нь хүний эрхийг зөрчиж байна” гэв.
Тэдгээр хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг, 24 цагаар хамт байдаг ажилчид болон дэд хурандаа Б.Тамир “Хүүхэд гэмт хэргийг ихэвчлэн санаатай үйлддэггүй, хэн нэгэнд уруу татагдсан, дуурайсан, үзсэн кино, тоглоомноосоо сэдэвлэсэн байдаг. Жишээ нь, хоёр найз дэлгүүр орж, талх, сүү авах гэтэл хүн байгаагүй учир сэмхэн авчихаж. Ингээд орон байранд нэвтэрсэн гэдгээр ял авсан.
Нэгнийх нь хохирол нь гэхэд 30 гаруй мянган төгрөг болсон” гэв. Тус газарт сайн ярьж чаддаггүй, хэл ярианы бэрхшээлтэй хоёр хүүхэд хоригдож буй юм билээ. Тэдний хамгийн холынх нь Баян-Өлгий аймгийнх бөгөөд эргэлт ер ирдэггүй хүүхэд ч бий гэнэ. Саяхан тэд ар гэрийнхэндээ зориулж захидал бичсэн бөгөөд олонх нь “Ээжээсээ уучлалт гуйж, дахин зовоохгүй, сайхан амьдруулна” гэдгээ амлажээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
4 comments
манай цагдаагийнхан үнэхээр ажилаа төгс хийдэг хүмүүс шүү яахаара ийм байдаг байна аа мөнгөтэй хүн хулгайлсан бол маньдаа мөнгөнөөсөө гэнэд ээ
хэдэн төгрөг хулгайлсан хэдэн төгрөгний хохирол учруулсандаа гол нь бишээ хамгийн гол нь хулгай хийж хүний эд хөрөнгөнд халдаж байгаа нь хамгийн аймшигтай шүү хэрвээ хулгай хийж байхад нь таарвал хулгайч хүн хүн алахад ч бэлэн байдаг
Энэ цагдаа нар яалтчгүй мэдлэггүй гарууд юм аа. 100к төгрөг хулгайллаа гээд ял авахгүй байх ёстой юу. Наад хүүхдүүд чинь багаасаа л бэлтгэгдсэн аймшигтай хүмүүс байдаг шд.
60terbym