МакДоналдсыг хаасан домогт монгол хуушуур

Нэлээд хэдэн жилийн өмнө, манай нэг томхон компаниас МcДonalds-ийг Монголд оруулах ажил эхлүүлж, төв удирдлага нь Чикагод байдаг тул холбоо тогтоох ажлыг надад даалгав. За тэгээд л цаг маг аваад л, бараг л Обаматай уулзаж Монголын утааг арилгах гэж байгаа хүн шиг л чухалчилж, нөгөө компанийхаа тайлан, төлөвлөгөөг сугалчилаад, зангиа зүүгээд л дугуй ширээний яриа маягийн юманд оров. Тэгээд л компаниа рекламдаад л, МакДоналдсгүй л бол манайхан өлбөрч үхэх гээд байгаа юм шиг, Монголд л тэд нээчихвэл хагартлаа баяжих юм шиг ухуулах гэсэн өөдөөс харин ингэж билээ.
Манайх нийт 6 удаагийн нууц тандалтын баг Монгол руу явуулсан байдаг. Бүх тандалт, судалгааны хариу дүгнэлт яг ижилхэн гардаг. Танайд нэг Хуушуур гэдэг гудамжны түргэн хоол байна. Эдийн засаг, борлуулалт, маркентинг гээд аль ч талаасаа тэрийг чинь манайх давахгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Зөвхөн Наадмын 2 хоногт гэхэд 6 сая борлогддог юм билээ, уучлаарай гэв.
Одоо юм өөрчлөгдсөн, олон хүн гадаад дотоод явдаг болсон, 7 дахь тандалтын багаа илгээчих, одоо бол өөр энэ тэр гээд үг заалгаж аваад ахиад холбогдсон ч тэд үл тоож, хүсвэл дахиад Хонг Конг дахь бүсийн оффистой ярьж болно гэж билээ. Нөгөө компани маань ч Хонг Конг руу хүн явуулна, баярлалаа гээд, тэрнээс хойш МакДоналдсын сураг гараагүй.
Улаанаар тэмдэглэсэн нь McDonald’s орсон дэлхийн улсууд
Түүнээс хойш лав 10 жил болж, нээгдээгүй байхыг бодоход хуушуур маань гадныханд боломж олголгүй, хаяагаа сайн манасаар л байгаа болтой.
Сүүлийн үед хуушуур бол Хятад угшилтай, нанхиад хоол энэ тэр гэж ярих болж. Кавказуудад ч хуушуур байдаг. Бүр Ямайкад ч шарсан, жигнэсэн хуушуур байдаг. Тэхээр хоол хаанаас эхэлсэн нь бус хаанахын соёлд хамгийн гүн шингэснээр нь тэр улсынх гэж хамаатуулах ёстой. Наадмын хуушуур гэдэг бол зөвхөн манайд л байдаг хоол. Хуушуурны гуанзгүй гудамж байхгүй манай орны үндэсний хоолны нэг бол хуушуур мөнөөс мөн.
Бид хуушуур манайх биш энэ тэр гэж байхаар МакДоналдс шиг дэлхий даяар хуушуурны гуанзы сүлжээ байгуулах тухай, тэгээд Улаанбаатар дахь төв оффист нь хэн нэгэн гадаад нөхөр Чикагогоос ирж АНУ руу тандалтын багаа илгээгээд өгөөч ээ гээд гуйлгаад сууж байх тухай л бодох ёстой хэмээн хушуураа алдаршуулж бичсэн сануулгаа өндөрлөе.
Домгийн шувуу нь үргэх ч яах вээ
Домогт хуушуураа зооглохгүй наадам хаа байх билээ!
Сайхан наадаарай, та бүхэн!
Г.Чингис
Чикаго хот, 2018
Эх сурвалж: Mongol.mn