Европчуудын хувьд сүү бол маш чухал хэрэглээнд тооцогддог. Баян европын эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг иргэдийн хувьд монголчууд бидэнтэй адилхан тааралдсан сүүгээ хэрэглэнэ гэдэг байж болшгүй асуудал юм.
Тиймээс ч европчууд жил ирэх тусам улам чанартай, цэвэр сүү хэрэглэхийг эрмэлздэг болсон энэ цаг үед буурал тивийн сүүний фирмийн эзэд яаж хамгийн цэвэр, хүний биед ямар ч хоргүй, тослоггүй сүү гаргаж авах уу хэмээн хоорондоо өрсөлдөх болжээ.
Бизнесийн энэ их өрсөлдөөн дунд Швейцарийн нэр бүхий сүүний фирм хэтэрхий шинэлэг гэж хэлж болохоор нэгэн аргыг бодож олсон байна. Хүний биед ямар ч хоргүй сүүг гарган авах хамгийн сайн арга бол сүүний чиглэлийн үнээний гэдэс элдэв хоолны үлдэгдэлгүй, зуун хувь цэвэрхэн байх ёстой хэмээн тус фирмийн ажилтнууд үзжээ.
Ингээд бодож олсон арга нь үнээний гэдсийг хэвлий хэсгээр нь хүний гар багтах хэмжээтэй хагалж, уг цоорхой нүхээр нь өдөр бүр гэдсэн доторх ялгадасыг нь цэвэрлэх явдал. Малаа дээдэлдэг өрөвч сэтгэлтэй монголчууд бидний хувьд балмад, харгис ч гэж хэлж болохоор энэ аргыг амжилттай нэвтрүүлсэн тус фирмийн удирдлагууд харин өөрсдийн бодож олсон энэ шинэ нээлтэндээ тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Учир нь фирмийн ажилтнууд өдөр бүр үнээ нэг бүрийн цоорхой гэдэс рүү гараа хийж, ухаж төнхөн байж ялгадасыг нь гаргаж ирээд хог руу хаядаг бөгөөд гэдсэндээ ямар ч хог хаягдалгүй болсон үнээнүүд өдөрт дор хаяж 20 литрээс доошгүй сайн чанарын сүүг эзэддээ тушаах үүрэгтэй аж. Гэвч үнээнүүд цоорхой гэдэстэй яаж тэсээд байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Тэгвэл үүнийг үнээний өөрийнх нь биед ямар ч хоргүй зориулалтын хуванцар таглаа бүхий хаалтын тусламжтайгаар амжилттай шийдвэрлэснийг дараахь зурагнаас үзэж болно. Хэдийгээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэмээн фирмийн удирдлагууд өөрсдөө үзэж байгаа ч амьтны эрхийг зөрчсөн энэ аймшигт үйлдлийг өр зөөлөн сэтгэлтэй олон хүмүүс эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгээд эхэлсэн байна.
Үүний жишээ болгож Жосефе Мартин хэмээх нэгэн испани хүн “Ямар аймаар харагддаг юм бэ. Бүр дотор арзайчихлаа. Ямар Гитлерийн үеийн яргачид биш дээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн бол Мария Паннакан хэмээх англи эмэгтэй “Энийг бодож олсон хүн өөрийгөө эдгээр амьтдад ямар ч гэм хор хийгээгүй гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Энэ бол нүгэл” хэмээн бичжээ.
Энэ мэтчилэн хөгшин европын баян худалдан авагчдыг дээд зэрэглэлийн амт, чанартай сүүгээр хангахын тулд амьтны эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа Швейцарийн фирмийг дэлхий даяараа буруутгаж эхлээд байгаа юм.
Тансаг хэрэглээтэй хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангахын тулд амьтны эрхийг зөрчиж байгаа бас нэг жишээ бол эмэгтэйчүүдийн сонирхдог туулайны арьсан дээл хийхийн тулд хөөрхий туулайнуудын арьсыг амьдаар нь хуулдаг явдал. Энэ бусармаг үзэгдлийн эсрэг хэдэн жилийн өмнөөс эхэлж холливудын одод тэргүүтэй олон хүн дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцэл илэрхийлсэн боловч туулай, шиншилла, булга зэрэг амьтны арьсыг амьдаар нь хуулах явдлыг таслан зогсоож чадаагүй л байна.
Дэлхийн тансаг хэрэглээний зах зээл дээр шиншиллагийн арьсан дээл 100 мянган ам.доллараар зарагддаг бол туулайны арьсан эдлэлүүд 1000 ам.доллараас эхлээд 10 мянган ам.доллар давах нь энүүхэнд байдаг аж. Тэгвэл ноолуурын экспортоороо дэлхийд тэргүүлдэг Австралийн фирмүүд амьтны эрхийг арай илүү боловсон маягаар зөрчдөг байна.
Тус улсын хонины аж ахуйнууд торгомсог, зөөлөн ноолуур гарган авахын тулд хөөрхий хонинуудыг өвсөөр биш, харин дээд зэрэглэлийн ногооны болон нийслэл салат, мөн улаан дарсаар тэжээдэг болоод удаж байгаа юм. Улаанбаатарын хэр баргийн рестораны хоолны цэсэнд байдаггүй дээрх амттанг өдөр бүр идэж, уудаг австрали хонины ноос дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох болсон гэнэ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
2 comments
Arai ch dee. Ingej hogjih yum bol suu heregeed ch yahiin.
Энэ ч ёстой харгислал байнаа. Ямба тай юмнууд үхэхгүй юм шиг л тэнэглэж амьтан зовоож нүгэл хийж байна даа. Дан цэвэр сүү уулаа гээд бусад идэш ээ яах юм болоо. Хүн өөрөө тэр чигээрээ бактери ш дээ